Видео: Монгол эрдэмтэд Монгол хүний цуснаас ямар ч вирусын тархалтыг зогсоох бэлдмэл гарган авчээ
Дэлхий нийтийг шинэ коронавирус цочроож, анагаах ухааны салбарынхан вакцин үйлдвэрлэх чиглэлээр өрсөлдөж,өдөр бүр ахиж дэвшил гарч байна.
Тэгвэл манай улсын эрдэмтэн судлаачид ямар түвшинд ажиллаж байна вэ?
Монгол эрдэмтэд монгол хүний цуснаас вирусын халдварын нийлэгжилтийг зогсоох бэлдмэлийг гаргаж авчээ. Өөрөөр хэлбэл, ямар нэгэн вирус хүний биед халдахад түүний тархалтыг зогсоох уургийн бэлдмэлийг гарган авч, үйлдвэрт нэвтрүүлэхэд бэлэн болсон байна.
Монгол улс анх 1933 оноос эхлэн орчин үеийн биотехнологийн аргаар вакцин үйлдвэрлэж эхэлжээ.Тухайн үеийн ЗХУ-ын эрдэмтэдтэй хамтарч,цагаан цэцэг өвчнөөс сэргийлэх вакциныг эх орондоо үйлдвэрлэж, нийт хүн амаа 1940 он гэхэд вакцинд хамруулж, тус өвчнийг устгасан Азийн анхны орон болж байсан түүхтэй.
Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн зөвлөх,шинжлэх ухааны доктор Ж.Оюунбилэг “Монгол улс вакцин үйлдвэрлэж чадахгүй юм шиг ойлгож болохгүй. Сүүлийн жилүүдэд ШУТСан шинжлэх ухааныг санхүүжүүлэх хэлбэр нь тогтмол өөрчлөгдөж,өсч эхэлсэн.
Дахин буюу шинээр гарч буй вирусын халдвар зөвхөн коронавирусээр дуусахгүй. Монгол улс өөрийн шинжлэх ухаанаа хөгжүүлснээр, өөрсдөө оношилдог,эмчилдэг бүтээгдэхүүнээ бүтээх бүрэн боломжтой. Дотооддоо үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн бол монгол хүнд таарсан, монгол хүний генид суурилсан бүтээгдэхүүн учраас монгол хүндээ илүү зохицолтой байдаг” гэлээ.
ШУТСангийн нийт санхүүжилтын 20 гаруй хувийг анагаах ухааны салбар эзэлж байна.
Биологийн ухааны доктор Б.Саранчимэг “Судалгааны явцад олон төрлийн дархлаа сайжруулах бүтээгдэхүүн гаргаж авснаа цаашид үйлдвэрлэлд нэвтрүүлэх зорилготойгоор ажиллаж байна” гэв.
Альбуминаас/цусан дахь үндсэн уураг/ гадна гепатит А вирусээс сэргийлэх өвөрмөц эмийн загварыг гаргаж авчээ.
ШУТСан нь суурь судалгаа,инноваци,хамтарсан төслүүдээс гадна төрөл бүрийн тэтгэлэг зэрэг 10 орчим төрлийн судалгааны төсөлд санхүүжилт хийж иржээ. Өмнө нь тэтгэлэг нь зөвхөн судалгааны төсөл зарцуулагддаг байсан бол Засгийн газрын Тусгай сангийн хуульд нэмэлт өөрчлөлт орсноор судалгааны үр дүн,бүтээл,үйлчилгээнд цогц дэмжлэг үзүүлэх боломж 2020 оноос эхлэн нээлттэй болсон байна.
Энэ талаар ШУТСангийн хэлтсийн дарга,Биологийн ухааны доктор О.Билгүүн “Хэд хэдэн давуу талтай заалтууд хуульчлагдсан. Жишээлбэл, судалгааны төслөөс гарсан үр дүнг үйлдвэрлэл,үйлчилгээнд нэвтрүүлэх,инновацийн үр дүнг дотоод болон гадаадын зах зээлд борлуулах гэсэн тодорхой заалтууд орсон” гэв.
Монгол улсын хувьд шинэ коронавирусыг эмчлэх,эм бэлдмэлийг шинээр гаргах хэмжээний туршилтыг лабораторид хийх боломжгүй. Гэхдээ вирусын халдварын нийлэгжилтийг зогсоох, дархлааг дэмжих уургийн бэлдмэлийг дотооддоо үйлдвэрлэх бүрэн боломжтой.Дээр дурьдсан эмийн загварчлуудад клиникийн туршилтууд хийгдсэн байна. Харин тэдгээрийг үйлдвэрлэх үйлдвэрийг байгуулахад дөрвөн тэрбум төгрөг шаардлагатай гэж тооцоолжээ.
URL: