Зээл төлөлтөд 2.5 их наядын доголдол үүсчээ
Covid-19 цар тахалтай холбоотойгоор нийтээр мөрдөж буй хязгаарлалт, хорио цээрийн дэглэм нь зарим аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлж, улмаар тухайн аж ахуйн нэгжүүд болон иргэдийн мөнгөн орлого тасалдаж, төлбөрийн чадвар муудаж, банкуудаас авсан зээлийг гэрээний дагуу төлөхөд хүндрэл үүсэж байгаа. Үүнтэй холбоотойгоор давхардсан тоогоор 26 мянган зээлдэгчийн 2.5 их наяд төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд доголдол үүсчээ. Үүнээс 65.1% нь буюу 2.0 их наяд төгрөг нь аж ахуйн нэгжид, 35.0% нь буюу 545 тэрбум төгрөг нь иргэнд тус тус хамаарч байгаа юм байна. Мөн хуваарийн дагуу хийгдэх ёстой нийт өрийн үйлчилгээнээс 195 тэрбум төгрөгийн үндсэн төлбөр, 72 тэрбум төгрөгийн хүү төлөгдөөгүй байна.
Арилжааны банкууд Монголбанкнаас гаргасан багц шийдвэрийн дагуу холбогдох дотоод журам, дүрэмдээ өөрчлөлт оруулан харилцагчийн хүсэлтээр зээлийн гэрээнд нэмэлт, өөрчлөлт оруулах ажлыг эхлүүлснээр 1,069 иргэдийн 36.6 тэрбум төгрөгийн зээл, 126 байгууллагын 409.8 тэрбум төгрөгийн зээлийн эргэн төлөлтөд хөнгөлөлт үзүүлсэн мэдээ байна. Хэрэв зээлдэгч хорио цээрийн дэглэмтэй холбоотойгоор зээлийн үндсэн төлбөр, хүүгээ хуваарьт заасны дагуу төлж чадахгүй нөхцөл үүсэн бол өөрийн үйлчлүүлдэг банканд хандан гэрээндээ нэмэлт өөрчлөлт оруулах боломжтой аж.
Эх сурвалж: Монголбанк
URL: