Б.Ууганбаяр: Сэлэнгэд гэртээ тусгаарлагдсан иргэн Улаанбаатарт ирээд хоёр, гурван хоног архидсан асуудал гарсан

229

УОК-ын Шуурхай штабаас мэдээлэл хийлээ. ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг ”Дөрөвдүгээр сарын эхээр хийгдэх тусгай үүргийн онгоцны бэлтгэл ажлаа хийж байна. Энэ удаагийн нислэг нь өмнө нь бүртгүүлсэн байсан хүндэтгэх шалтгаантай иргэдээ авч ирэх дараагийн нислэг гэж ойлгож болно. Түүнээс биш Элчин сайдын яам иргэдийг бүртгэхгүй байна, хүсэлт авахгүй байна гэж шүүмжлэх хэрэггүй. Өмнө нь дугаарлаж байгаад бүртгүүлсэн иргэд. Түүнээс биш МИАТ, ГХЯ, Элчин сайдын яам авлига аваад бүртгээд байгаа юм байхгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна.

Элчин сайдын яамдуудад иргэдийг цуглуулж, бөөгнөрөл үүсгэхгүйн үүднээс цахимаар мэдээлэл авч байгаа. Мөн Сөүл дэх Монголын Элчин сайдын яам ажиллахгүй байна. Утсаа авахгүй байна гэсэн гомдол маш их ирж байна. Элчин сайдын яам бүрэн бүрэлдэхүүнээрээ 24 цагийн турш утсаа авч, хариулт өгч байгаа. Нэг иргэнтэй ярьж байхад дараагийн дуудлага нь орж ирэхээр утсаа авахгүй байгаа юм шиг санагдаж байгаа байх. Элчин сайдын яамдууд бүгд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Гадаадын бусад улс оронд байгаа иргэдээ яах вэ гэсэн гомдол, санал хүсэлт маш их ирж байна. Бид үүнийг ойлгож байгаа. Хүсэлтүүдийг нэгтгэж байна. Гуравдугаар сарын 30-ны өглөөний байдлаар 45 орноос 5600 монгол иргэн эх орондоо ирэх хүсэлтээ өгсөн байна. Эдгээр иргэдийг газар газраас нь очоод авах боломжгүй гэдгийг Ерөнхий сайд хэлсэн.

Иргэдийг нэг нэгээр нь байршуулах шийдвэр гарсан. Тэгэхээр байрандаа тааруулж, асуудлыг шийдэх хэрэгтэй байна. Тиймээс гадаадад байгаа монголчуудын ар гэрийнхэн үүсээд байгаа нөхцөл байдлыг зөв ойлгуулахыг хүсч байна. ЭСЯ-ныхаа мэдээлэлд итгэх хэрэгтэй. Буруу, ташаа мэдээлэл өгнө гэж байхгүй. АНУ-д байгаа иргэдийг тодорхой тоонд хүрвэл тусгай үүргийн онгоцоор авсан гэсэн ташаа мэдээлэл тараагаад иргэдийг үймүүлээд байна. АНУ-аас 1000 гаруй иргэн ирэх хүсэлтээ өгсөн байгаа. Бид авч ирэх нөхцөл боломжийг судална. Сөүл, Токиогоор ирэх боломжийг иргэд их асууж байна. БНСУ-ын Засгийн газраас дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс тус улсад ирэх иргэдийг 14 хоног тусгаарлах шийдвэр гарсан. БНСУ-д очсон иргэд тэндээ очоод 14 хоног тусгаарлагдана. Нэг өдрийн зардлыг 100 мянган воноор тогтоосон байна лээ. Хэрвээ очоод дүрэм журмыг нь зөрчвөл визийг нь цуцлах, албадан буцаах арга хэмжээ авна гэдэг БНСУ-ын талаас мэдэгдсэн.

БНСУ-аас ирэх иргэд хүсэлтээ өгсөөр байгаа. Тиймээс дахиад нэг нислэг явуулах асуудлыг ярьж байгаа. Дэлхий даяар онц байдал зарласан 56, хөл хорио тогтоосон 38, хилээ хаасан 75 улс байна. Дипломатуудын талаар буруу ташаа мэдээлэл түгээмээргүй байна. Манай дипломатууд гадаадад байгаа Монгол Улсын хамгийн сүүлийн иргэн эх орондоо ирсэн тэр цаг хүртэл Элчингийнхэн ажлаа хийсээр байх болно” гэв.

УОК-ын гишүүн, ОБЕГ-ын дэд дарга Б.Ууганбаяр ”Тусгаарлагдаад гарч байгаа иргэд 14 хоног гэртээ өөрийгөө тусгаарлах ёстой. Мэргэжлийн байгууллагын зүгээс маш их анхааруулж байна. Гэтэл Сэлэнгэ аймагт нэг нөхөр байна. Улаанбаатарт ирсэн. Ирээд хоёр, гурван архидан согтуурсан. Холбогдох арга хэмжээг нь авна. Хатуу ярина. Тусгаарлах байрнаас гараад гэртээ байна гэдэг бол маш чухал. Баталгааны хуудсан дээр гарын үсэг зурж, амалж амалчихаад дүрэм зөрчөөд байна. Хэнэггүй байдлаасаа болж, эрсдэл бий болгох вий. Дэглэм сахиж байгаагаас гадна бүх хүнд хамааралтай. Бүгдээрээ маш хариуцлагатай байх хэрэгтэй. Цаашдаа хатуухан ярина шүү гэдгээ хэлье.

Дараагийн нислэг ирж байгаатай холбогдуулан нөхцөл байдал хүнд байна. Нэг иргэн нэг өрөөнд гэдэг зарчмаар 360 гаруй иргэн хүлээн авах боломжтой байна. Улаанбаатарын хотын том зочид буудлуудын эзэдтэй уулзлаа. Онцгой нөхцөл байдлын үед биднийг дэмжиж ажиллаач гэдгээ хэлсэн. 15.00 цагт хариугаа хэлнэ гэсэн.  Гэхдээ Хотын засаг даргын захирамжийн дагуу зарим зочид буудлыг шууд дайчилна.

Өнгөрсөн удаагийн нислэгээр ирсэн тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэдийн ачааг ар гэрийнхэнд нь олгоод эхэлсэн. Халдваргүйжүүлэлт хийгээд ачааг олгож байна” гэв.


URL: