Ж.Баатарсүрэн: Бүх оюутнууд цахимаар сурах бичиг ашиглах боломжтой

211

Шинэ төрлийн коронавирусийн дэгдэлтээс үүдэлтэйгээр их, дээд сургуулиудын үйл ажиллагааг зогсоосон. Энэ хугацаанд оюутнууд цахимаар хичээлээ судалж байгаа. Тэгвэл цахимаар суралцаж байгаа оюутнуудад хэрэгтэй сурах бичиг болоод бусад асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаар МУБИС-ИЙН Төв номын сангийн дарга Ж.Баатарсүрэнгээс тодрууллаа.

-Цахим сургалтын үед оюутнуудын мэргэжлийн сурах бичгийн асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Оюутнууд мэргэжлийн сурах бичигтэй ажиллаж чадахгүй байгаа энэ үед Засгийн газраас гаргасан анхны шийдвэрийн хүрээнд Боловсролын яам чиглэл өгсөн. Манайд чиглэл өгсөн 20 хоногт гэрээр ном олгох үйлчилгээ хэвийн явагдаж байсан. Харин олон хүнийг нэг дор цугларуулахгүй байх үүднээс танхимын үйлчилгээг хаасан. Хэсэг хугацааны дараа  яамнаас бүх үйл ажиллагааг зогсоох албан бичиг ирсэн. Тэр дагуу бүх үйлчилгээгээ зогсоосон. Манай сургуулийн оюутнуудын дийлэнх нь орон нутгийнх байдаг. Тэгэхээр орон нутгийн оюутнууд ирж ном авах боломжгүй. Тиймээс цахимаар ном хэрэглэх боломжтой гэдэг шийдлийг харсан. Өөрсдийн цахим сангаар дамжуулж, оюутнуудад хэрэгтэй, сүүлийн үед гарсан шинэ номуудыг сонгодог. Манай номын сан 200 мянган номтой. Бүх номыг цахим санд байршуулах боломжгүй. Учир нь оюуны өмчийн хуулинд зохиогчийг нас барснаас хойш 50 жилийн дараа цахимаар тавих боломжтой гэдэг заалт байдаг. Гэтэл оюутнууд ихэвчлэн 2018-2019 оны номыг ашигладаг.

Эдгээр номыг цахим хэлбэрт оруулвал бид өөрсдөө Оюуны өмчийн болон зохиогчид хамаарах эрхийн тухай хуулийг зөрчиж байна гэсэн үг. Бүрэн ихээр нь тавих ямарч боломж байдаггүй. Эхний 10 хуудсыг багахан мэдээлэл өгөх зорилгоор л тавих боломжтой. Энэ асуудлын гаргалгааг ярихын тулд эхлээд зохиогчтой ярина. Багш нартай гэсэн үг. Багш нар эхлээд өөрсдийнхөө хүрээнд оюутнууд руу явуулдаг тусдаа групп байдаг. Цахим хичээлтэй холбоотойгоор оюутнууд оюутны эрхээрээ нэвтэрч орсон тохиолдолд номоо үзэх эрхтэй гэдэг.  Багш нарт энэ эрхийг шилжүүлж,    өөрсдийн номыг цахимд нээлттэй байршуулахад асуудал байхгүй гэдэг тайлбарыг өгдөг.  Бид багш нарын номыг бусдад дамжуулах гэрээ, гуравдагч этгээдэд дамжуулах эрх байхгүй. Ийм учраас мэргэжлийн сурах бичгийн хүртээмжинд асуудал байгаа юм.

-Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ?

-Оюуны өмчийн эрхтэйгээр гадаад ном, хэвлэлүүдийг худалдан авалт хийж байна. Өнгөрсөн нэгдүгээр сард 500 гаруй цахим ном авсан. Бид монгол номуудыг цахим хэлбэрээр бүрэн тавьж чадахгүй байгаа ч гэсэн гадаад хэвлэлүүдээр хангаж өгөхөөр шийдсэн. Манай багш нар өөрсдийн номоо хэвлэлтээс авсаных нь  дараа   номынхоо цахим хувилбарыг өгөх хүсэлт тавьдаг. Шинэ судалгааны ажил ирэхэд нь цахим хувилбарыг нь авдаг. Ямар учраас авдаг вэ  гэхээр,  зохиолын хуулбарыг шалгах программд хэрэглэдэг. Энэ диссертацыг та өөр хүний бүтээлээс хуулбар хийсэн үү гэдгийг шалгах зорилгоор цахимаар авдаг гэсэн үг.

Нөгөө талаараа таны бүтээлийг олон нийтэд сурталчлах хүрээнд дотоод сүлжээнд оюутнууддаа ашиглана гэж хэлдэг. Өөрсдийн цахим уншлагын танхимын 30 таблетэд байршуулдаг. Энэ бол тухайн бүтээлийг гадагшаа интернетэд алдахгүй гэсэн үг. Хуулбар болох боломжгүйгээр оюутнуудад ашиглуулдаг.  Цахим уншлагад байнга ашиглагддаг номнуудыг оруулдаг. Жишээлбэл, номын санд 100 оюутан үздэг хичээлийн 10 ном байлаа гэхэд тэр номыг цахим уншлаганд оруулах жишээтэй.

-Цахим сургалтын үед мэргэжлийн ном хэрэгтэй оюутнуудын яах ёстой вэ?

-Манайх цахимаар ном,  судалгааны материал оруулдаг хоёр хаягтай. Оюутнууд  хаяг руу нэвтэрч,  цахим ном сонгох хайлтаа хийж,  бүртгэлтэй  цахим номуудыг унших боломжтой. Оюутнууд гар утаснаас ч нэвтрэх боломжтой. Судалгааны бүтээлүүдийг агуулсан цахим номын санд 830 гаруй ном байрлуулсан. Бид энэ хүрээнд л оюутнуудад цахимаар ном, судалгааны материалуудыг хүргэж байна. Бид цахим сургалттай холбоотойгоор “Цахим материалыг бүртгэх, хадгалах, ашиглах, эзэмших, түгээх ” журам боловсруулж байгаа. Цахим үйлчилгээг илүү өндөр түвшинд нэвтрүүлэхийн тулд бодлогын хувьд зөрчигдөх зүйлс их байна. Жишээлбэл, компьютерээр үзэх тохиолдолд зарим профессорууд компьютерт байршуулсан тохиолдолд ямар нэгэн байдлаар хулгай гарах боломжтой гэдэг. Ийм тохиолдолд эдгээрийг журамлаж,  гэрээнд илүү нарийн зааж өгье. Цахим номыг үзэж байгаа статистикийг яаж харах вэ гэдэг бэрхшээлүүд гардаг.

Зохиолчид хуулбар хийх гэдэг талаас харна. Тэгэхээр журамд оруулснаар таны номыг цахим хэлбэрээр эзэмших, түгээх, хамтран эзэмших байр суурьтай болъё гэдэг гаргалгааг хайж байгаа. Оюутнууд тэр номыг унших л зорилготой шүү дээ. Хэрвээ өөр санаа агуулсан тохиолдол тэрийг нарийн тооцохгүй бол бидний дунд асуудал үүснэ. Зохиогчид, хэвлэлийн газраас авсан номуудыг ашиглахад цахим хуулбарт оруулахыг хориглоно гэсэн байдаг. Оюуны өмчийн 50 жилийн баталгаатай бүтээл гэж үздэг. Тиймээс заавал журамласны дараа оруулах ёстой. Манай сургуулиас гаднах багш нарын ерөнхий эрдмийн бүтээлүүд олон байгаа. ШУТИС, МУИС, Удирдлагын академийн гэх мэт сургуулийн багш нарын бүтээлийг авахын тулд заавал гэрээнд тусгахаас өөр аргагүй юм.

 Т.Эрдэнэчимэг 


URL: