У.Хүрэлсүх: Зургаан сарын хугацаанд НД-ын шимтгэлийг ТЭГЛЭХ зэрэг иргэдэд чиглэсэн эдийн засгийн 7-н чухал арга хэмжээг авахаар боллоо
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх ард иргэд, ААН-үүддээ хандаж дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр “Дэлхий нийтийн хэмжээнд коронавирусийн халдвар дэгдээд нэлээдгүй хугацаа өнгөрлөө. Өнөөдрийн байдлаар дэлхийн 201 оронд тархаад байна. Дэлхийн хэмжээнд 530 мянган хүн өвчилсөн гэх мэдээллийг сүүлийн байдлаар авлаа. Мөн 23970 хүн нас барсан байна. Манай улсад коронавирусийн халдварын 11 тохиолдол бүртгэгдсэн. Халдвар авсан иргэдийн байдал тогтвортой. Манай эмнэлгийн ажилтнууд коронавирусийн халдвар авсан 11 хүнийг амжилттай сайн эмчилж байгаа гэсэн баяртай мэдээг дуулгая.
Монгол Улсын Засгийн газар, Ерөнхий сайдын зүгээс барьж байгаа хоёр чиглэл байна.
Нэгдүгээрт, Монгол хүний эрүүл мэнд, амь насыг хамгаалах
Хоёрдугаарт, Эдийн засгийн хүндрэлтэй нөхцөл байдлыг давж гарах чиглэлээр холбогдох яам, байгууллагад үүрэг даалгавар өгөх.
Эдийн засаг, эрүүл мэндийн чиглэлээр тодорхой чиглэл авч ажилласны үр дүнд өнөөдөр Монгол Улсын хэмжээнд коронавирусийн халдвар хяналтад байна гэж ойлгож байна. Би өмнө нь Шадар сайд, Онцгой байдалд ажиллаж байсны хувьд надад тодорхой туршлага байгаа. Коронавирустай холбоотой асуудлаар Монгол Улсын Засгийн газар 10 удаа хуралдсан. УОК 14 удаа хуралдлаа. Бүгдэд нь тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэний үр дүн гарч байна. Урьдчилан сэргийлэх ажлыг цаг хугацаанд нь авч хэрэгжүүлсэний үр дүнд өнөөдөр манай улс амгалан тайван байна гэж болно. Дэлхий дээр гарын таван хуруунд багтахаар хэдхэн улсад коронавирус гараагүй, дэгдээгүй. Үүний нэг нь Монгол Улс гэж хэлж болно.
Ерөнхий сайд үүрэг өгч байна. Засаглах цаг болсон. Засгийн газар, УОК-оос гаргасан тогтоол шийдвэрүүд, өндөржүүлсэн бэлэн байдал, хорио цээрийн дэглэмийг манай бүр ард иргэд дагаж мөрдөх ёстой. Энэ улс үндэстний аюулгүй байдал. Шуудхан хэлэхэд, бид үхэх үү, сэхэх үү гэдэг эрмэгт тулчихаад байна. Коронавирус зөөвөрлөгдөж орж ирсэн. Үүнийг бид хяналтдаа авч чадсан. Тархаахгүй барьж чадаж байгаа нь том амжилт. Монгол Улсын авч байгаа арга хэмжээг бусад улс орон, ДЭМБ-ууд сайшааж байна.
Коронавирус дэгдсэнээс хойш МУ-ын Засгийн газар хэд хэдэн арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. Улсын нөөцөөс ариутгал халдваргүйжүүлэлт, эрүүл мэндийн салбарт 17 тэрбум төгрөгийн санхүүжилт гаргасан байна. Цаашдаа 159 тэрбум төгрөгийн санхүүжилтыг гаргана. Үүний эх үүсвэрийг олсон.
Ингээд дараах арга хэмжээнүүдийг авахаар боллоо.
Нэгдүгээрт, Дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд нийгмийн даатгалын шимтгэлээс ААН, компаниудыг бүрэн чөлөөлж, тэглэхээр боллоо.
Хоёрдугаарт, дөрөвдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд иргэдийн цалин хөлснөөс орлогын албан татвар авахгүй байхаар бүрэн чөлөөллөө.
Гуравдугаарт, Дөрөвдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн аравдугаар сарын 1 хүртэл зургаан сарын хугацаанд 1.5 тэрбум төгрөгөөс доош орлоготой хувийн аж ахуйн нэгжүүдээс орлогын албан татварыг авахгүй, бүрэн чөлөөлж байна.
Дөрөвдүгээрт, шинэ коронавирусийн улмаас үйл ажиллагаа нь доголдож, орлого нь буурч байгаа хувийн хэвшлийн ажилтан бүрт сар бүр 200 мянгөн төгрөгийн дэмжлэг туслалцааг гурван сарын хугацаанд олгоно.
Тавдугаарт, Малчдаас ноолуур авах зорилгоор гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг аж ахуйн нэгжүүдэд өгнө. Хүүгийн зөрүүг Монгол Улсын Засгийн газар хариуцна.
Зургадугаарт, Бүх шатны боловсролын байгууллага тасарсантай холбоотойгоор хүүхдийн мөнгийг гурван сарын турш 30 мянган төгрөг болгоно.
Долоодугаарт, Дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн шатахууны үнийг литр тутамд 300-400 төгрөгөөр буулгах арга хэмжээг авна” гэлээ.
Б.Аз
URL: