Дэлхийн Банкнаас Монгол Улсад 2.2 сая ам.долларын санхүүжилт олгохоор боллоо
COVID-19 цар тахал газар авч буй энэ үед Монгол Улсын эмнэлгийн тусламж үйлчилгээг бэхжүүлэхэд туслах зорилгоор Дэлхийн Банкнаас 2.2 сая америк долларын санхүүжилтийг олгохоор болжээ.
Тус санхүүжилтийг улсын хэмжээнд нэн шаардлагатай байгаа эмнэлгийн оношилгооны тоног төхөөрөмж худалдан авахад зарцуулах аж.
Нэн даруй олгох энэхүү санхүүжилтийг одоо хэрэгжиж буй Цахим Эрүүл Мэнд төслийн хүрээнд олгож буй. Цахим эрүүл мэнд төсөл нь сонгосон туршилтын байршлуудад цахим эрүүл мэндийн шийдэл, эрүүл мэндийн мэдээллийн нэгдмэл байдал, хэрэглээг нэмэгдүүлэх замаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах зорилготой байна.
” ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН ЭХЭЭР МОНГОЛД ТЭЭВЭРЛЭГДЭН ИРЭХ ТӨЛӨВТЭЙ БАЙНА”
Дэлхийн Банкны Монгол Улс хариуцсан Менежер бөгөөд Суурин төлөөлөгч Андрей Михнев “Нэн даруй олгож буй тус санхүүжилт нь Монгол Улс COVID-19 халдварын болзошгүй тархалтаас ард иргэдээ хамгаалах, халдварыг эрт оношлох, тусламж үйлчилгээ үзүүлэх боломжийг бүрдүүлэхэд туслах юм” гэв.
Дэлхийн Банкны Эрүүл мэндийн ахлах мэргэжилтэн Динеш Найр хэлэхдээ “Нэмж худалдан авч буй эдгээр тоног төхөөрөмж нь COVID-19 зэрэг халдварт өвчний тархалтын үед улс орны бэлэн байдлыг бэхжүүлнэ гэж бид найдаж байна. Эрүүл мэндийн тогтолцоог бэхжүүлэх, өвчний тандалт, оношилгоог сайжруулахад туслах зорилгоор бид цаашид засгийн газартай үргэлжлүүлэн идэвхтэй хамтран ажиллана” гэв.
Дэлхийн Банк Групп нь мөн гуравдугаар сарын 17-нд COVID-19 халдварт өвчний эрүүл мэнд, эдийн засгийн нөлөөллийг даван туулахаар тэмцэж буй улс орнуудад туслах зорилгоор 14 тэрбум ам. долларын шууд дэмжлэг үзүүлэхээ мэдэгдсэн билээ. Тус санхүүжилт нь гишүүн орнуудад, үүний дунд Монгол Улсад дэлхийн даяар тархсан цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах, эмгэнэлтэй нөлөөллийг бууруулах үр дүнтэй арга хэмжээг хэрэгжүүлэхэд туслах зорилготой юм.
Эх сурвалж: Дэлхийн банк
URL: