З.Нарантуяа: Цалинг 3 саяд хүргэхийн тулд эдийн засгийн тэлэлтийн, өсөлтийн бодлого хэрэгжүүлнэ

87

Өчигдөр сонгуульд оролцох намууд Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн. Тухайлбал АН мөрийн хөтөлбөрөө боловсруулахдаа улсын эдийн засгийн өсөлтийг хангах чиглэлд онцгой анхаарсан болохоо тодотгосон юм. УИХ-ын гишүүн З.Нарантуяа хэлэхдээ “Манай намын мөрийн хөтөлбөр “Монгол өрх-Хөгжлийн бодлого” нэртэй.  Айл бүрийн орлогын өсөлт авчрах хөтөлбөр гэж бид тооцсон.  Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 3 саяд хүргэнэ. Орон сууцтай болгохыг урьтал болгохгүй. Харин чинээлэг өрх орон сууцаа худалдаад авах боломжийг нь бүрдүүлж өгнө” хэмээсэн юм.

Түүнээс цөөн зүйл тодрууллаа.

-Танай мөрийн хөтөлбөр өмнөх сонгуулиудын мөрийн хөтөлбөрөөс юугаараа ялгаатай юм бэ?

-Өнгөрсөн сонгуулийн мөрийн хөтөлбөрийнхөө үндсэн гол санааг хадгалж яваа. АН өнгөрсөн хоёр сонгуульд монгол хүний төлөө, хүнээ хөгжүүлэхийн төлөө мөрийн хөтөлбөр боловсруулж оролцож байсан. Энэ удаа монгол өрх гэр дотор байгаа бүх хүмүүсийг бүхэлд нь авч үзэж, айл бүрийн амьдралын чанарт эрс өөрчлөлт гаргах, бүтээн байгуулалтын бодлогын бүх зорилтуудаа нэг бүрчлэн тусгасан.

-Мөрийн хөтөлбөрүүдээсээ тухайлж ярьвал?

-Үндэсний Аудитын газраас дүгнэлт гаргаад, танай намын мөрийн хөтөлбөр хууль тогтоомжид нийцсэн байна гэж хэлэх өдрөөс эхлэн та бүхэнд зүйл заалт бүрээр дэлгэрэнгүй мэдээлэл хийх болно.

-Коронавирусийн энэ хямралтай үед яаж ажиллах талаар тусгасан уу?

-Мэдээж манай мөрийн хөтөлбөрийн нэг онцлог бол эдийн засгийг өсгөх. Өсөлтийн бодлогоо хэрэгжүүлэхдээ өнөөдрийн нөхцөл байдал буюу хямралын хүчин зүйлүүдийг тооцож үзсэн. Тиймээс мөрийн хөтөлбөртөө хямралын үед хэрэгжүүлэх онцгой арга хэмжээгээ бас тусгасан байгаа.

-Цалингийн доод хэмжээг гурван сая болгох боломжтой юм уу?

-Мөрийн хөтөлбөрийн үр дүнд Монгол хүн бүрийн цалин, түүнтэй адилтгах хөдөлмөрийн хөлстэй тэнцэх бүх орлогуудын доод хэмжээг 1000 доллар буюу түүнтэй тэнцэх хэмжээнд хүргэнэ гэсэн зорилт тавьсан.

-Гол нь эдийн засгийн боломж бий юм уу?

-Эдийн засгийн боломжийг бий болгохын тулд тэлэлтийн бодлого, өсөлийн бодлогоо яаж хэрэгжүүлэхээ мөрийн хөтөлбөртөө тусгасан.


URL: