Хүүхдээ амны хаалтгүй, нимгэн хувцастай гадаа битгий тоглуул, эцэг, эхчүүд ээ

45

Шинэ төрлийн коронавирусийн халдвар аль хэдийнэ дэлхий нийтийн  хамарчихаад байна. НҮБ-ын гишүүн 194 орны 191-т нь энэ вирусийн халдвар тарсан, өчигдрийн байдлаар. Санаа амарч, сэтгэл тэнийх цаг болоогүй гэсэн үг.  Гэвч манайхан сэтгэл амарч, хөл хөдөлгөөн нэмэгдэх маягтай байна. Гадаа дулаарч, урин дулаан цаг ирсэнтэй ч холбоотой байх.  Өдөртөө +10-аас дээш хэм хүрч, дулаарч эхэллээ.  Энэ долоо хоногийн дундуур бага зэрэг хүйтрэх цаг агаарын мэдээлэл байгаа. Цаашид цаг агаар улам дулаарна.  Гадаа жаахан дулаарахад л хүүхдүүд гарч, тоглож эхэллээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд хаврын урин дулаан өдөр тохиож,  хүүхдүүд өдөржин л гадаа тоглолоо.  Манай байрны өмнөх талбай нэлээд том, хүүхэд тоглоход болохоор. Хүүхдүүд унадаг дугуйгаа гаргаж унаад, скүүтэрээ ч “хөлөглөж” эхэллээ.  6, 7, цаашлаад 10-аараа гадаа тоглож байгаа харагдсан. Хамгийн эрсдэлтэй нь тэр хүүхдүүдийн тал нь амны хаалтгүй гадаа тоглож байна. Бас нимгэн хувцастай.  Орой нар бууж, сэрүүн орж байхад хүртэл хөнгөн нимгэн хувцастай тоглосоор байсан.

Цэцэрлэг, сургуульдаа явахгүй, өвөлжин гэртээ хоригдсон хүүхдүүд гадаа гарч тоглохын хүслэн болж байгаа нь мэдээж.  Гэхдээ Монголд вирус илрээд, бүр 10 тохиолдол бүртгэгдчихлээ. Хэдийгээр гаднаас зөөвөрлөгдөж ирсэн, дотооддоо илрээгүй байгаа ч эрсдэл өмнөхийг бодвол хэд дахин нэмэгдсэн.  Аюул хаана ч биднийг отож байхыг үгүйсгэхгүй. Түүнээс гадна, эмч, мэргэжилтнүүд дулаан орохоор вирус идэвхижих магадлалтай гэдгийг ч анхааруулаад л байна. Яг баталгаатай биш л дээ. Гэхдээ бас тийм байх боломжгүй ч гэсэн үг биш.

Тиймээс эцэг, эхчүүд ээ, ажилдаа явахдаа үр хүүхдүүдийнхээ аюулгүй байдалд анхаар. Эзгүй хойгуур чинь өдөржин гадаа тоглоод байх вий.  Амралтын өдөр ч гэсэн хүүхдүүдээ гадаа битгий тоглуулаад бай. Тэр дундаа амны хаалтгүй, нимгэн хувцастай гадаа гаргаж, бусад хүүхдүүдтэй хамт тоглуулна гэдэг эрсдэлийг эрс нэмж байгаа хэрэг.  ЭМЯ-аас өчигдөрхөн л хоёроос дээш хүн хамт байвал бөөгнөрөл гэж үзнэ, эрсдэлтэй гэж мэдэгдлээ. Тийм байхад 6, 7, цаашлаад 10 хүүхэд хамт, амны хаалтгүй нийлж тоглоно гэдэг маш аюултай биш үү.

Ганцхан энэ жил л, вирусийн тархалт бууртал хүүхдүүдээ гадаа битгий тоглуул, эцэг, эхчүүд ээ. Хүүхэд чинь үнэхээр гарах гээд байвал амны хаалттай, нимгэн биш хувцастай, цөөн хэдэн минут л салхилуулбал яадаг юм гэхээс. Эсвэл гэр бүлээрээ, олон хүн бөөгнөрөхгүйгээр газар руу, цэвэр агаарт гарч, салхилсан нь дээр. Бусдаар бол гэрт нь байлга. Хөл хорионы үе болохоос сургуулийн зуны амралт биш гэдгийг сана.  Гэртээ уйдаад байвал комьпютер ч болов тоглуул. Вирус тусаж байснаас дэлгэц жаахан илүү ширтэх нь дээр.


URL: