ҮАБЗ УИХ-аар яаралтай хэлэлцэх Төрийн тусгай хамгаалалтын газрыг “тусгаарлах” шийдвэртэй танилцсан уу?

10318

Нийтлэлч У.Оргилмаагийн нийтлэлийг хүргэж байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар яаралтай горимоор хэлэлцүүлэхээр болоод байна. Энэ талаар УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын Байнгын хорооны даргаас лавлахад яаралтай горимоор хэлэлцүүлэгдэхээр ирснийг үгүйсгээгүй ч уг хуулийн төсөл танилцуулагдаагүй байна гэсэн хариу өглөө. Төрийн хуулийн төсөл “нууц” байх учиргүй, хэдийгээр нууцын зэрэглэлд хамаарах агуулгатай байж болох ч тусгайлан анхааруулсан тэмдэглэгээ хийгээгүй учраас төслийн агуулгыг танилцуулж мэдээлэх нь хууль зөрсөн хэрэг биш болов уу.

ЗГХЭГ-аас Ажлын хэсэг байгуулж уг хуулийн төслийн хэрэгцээ, шаардлагын талаар судалсан тайланг сонирхлоо. Төрийн тусгай хамгаалалтын газрыг Засгийн газрын тохируулагч агентлаг болгон тусад нь бие даалгах тухай, тус байгууллагын зарим эрх, үүргийг хуульчлах байдлаар эрх зүйн байдлыг тодорхой болгох, Байгууллагын даргын бүрэн эрх, албан хаагчийн эрх зүйн байдал, нийгмийн баталгааг одоо байгаагаас бууруулахгүй байдлаар холбогдох бусад хуультай нийцүүлж шинэчлэн тогтоох шаардлагатай гэдгийг гол зорилгоо болгожээ.

ЗГХЭГ-аас Ажлын хэсэг байгуулж судалсан гэхээр Ерөнхий сайд энэ талаар мэдэж л байгаа байх. Харин УИХ-д яагаад яаралтай батлуулахаар зүтгүүлэх болов? Ерөнхийлөгч, УИХ-ын дарга энэ талаар хэр мэдээлэлтэй, ямар байр суурьтай байгаа нь анхаарал татаж байна. Учир нь энэ хуулийн төсөл батлагдсанаар юуны өмнө Төрийн тусгай хамгаалалтын газар Тагнуулын ерөнхий газрын “даргын дэргэдэх” гэх статустаа ихээхэн эгдүүцэж байгаа аж. Тухайлбал, тус газрын дотоод үйл ажиллагаанд тагнуулын байгууллага оролцоод байгаад дургүй байгааг онцолсон байна. Үндэсний аюулгүй байдлыг хангах үүднээс, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн гурван гишүүнийг хамгаалуулчихаад, байлдааны зориулалттай галт зэвсэг хэрэглэдэг байгууллагын дээр Тагнуулын байгуулага нь байж яагаад болохгүй гэж?

Нөгөөтэйгүүр яагаад тус Ажлын хэсэг хэдэн том дүгнэлтийг хийв? Үүнд, Монгол Улсын Үндсэн хуулиар тунхагласан хүний эрх, эрх чөлөөг хангахад эерэг болон сөрөг нөлөө үзүүлэхгүй гэжээ. Энэ бол маш хариуцлагатай бөгөөд том дүгнэлт. Хэрэв эерэг нөлөө үзүүлэхгүй юм бол хуулийн төсөл батлуулж “тоглож” яах юм бэ? Сөрөг нөлөө үзүүлэхгүй гэдгийг урьдчилан амлах нь дэндүү өндөр хариуцлага шаардана. ҮАБЗ энэ хуулийн төсөлтэй танилцаагүй бол яаралтай танилцаж, эргүүлэн татуулах шаардлагатай байна. Наанадаж л энэ төсөлд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдыг бүрэн эрх нь дууссанаас эхлэн 4 жилийн хугацаанд суудлын автомашин болон холбоогоор үйлчлүүлж, төрийн тусгай хамгаалалтад байх гэснийг өөрчилж 2 жил болгож хассан.

Мөн “Эрдэнэсийн сангийн тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан “Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтын журмыг Монголбанкны ерөнхийлөгч, Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга хамтран тогтооно” гэснээс “Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга гэснийг хасч, “цагдаагийн төв байгууллагын дарга” гэж оруулжээ. Цаашилбал, “Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалтыг Монголбанктай байгуулсан гэрээний үндсэн дээр Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга эрхлэн гүйцэтгэнэ” гэсэн заалтыг мөн “цагдаагийн төв байгууллага” гэдэг үгээр сольсон байх юм. Энэ нь Эрдэнэсийн санг хамгаалахаас татгалзсан П.Батаа даргын санаачилга уу, Монголбанк, Эрдэнэсийн санд ихэд анхаарсаар ирсэн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийн “оруулга” уу?

Хамгийн гол нь “Үндэсний аюулгүй байдал, хүний эрх, эрх чөлөөг гэмт халдлагаас хамгаалах зорилгоор төрийн эрх бүхий байгууллагаас ердийн ба тусгай, нууц арга, хэрэгсэл ашиглан явуулж байгаа мэдээ, мэдээлэл, баримт бичиг, нотолгоо эрж олох, цуглуулах, шалгах үйл ажиллагааг гүйцэтгэх ажил гэнэ. Хуулийн төсөлд зааснаар, “Төрийн тусгай хамгаалалтын байгууллагаас хуулиар төрийн тусгай хамгаалалтад байхаар тогтоосон Улсын Их Хурлын чуулган, Засгийн газар, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдаан, олон улсын дээд хэмжээний уулзалт, хэлэлцээ, хурал, зөвлөлгөөн болон хамгаалуулагчийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр хэрэгжүүлэх техникийн үзлэг, шалгалт нь гүйцэтгэх ажилд хамаарахгүй” гэсэн өөрчлөлтийг нэмж оруулж байгаа юм байна.

Төрийн тусгай хамгаалалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн 1 дүгээр зүйлийн 10.6-д “Төрийн тусгай хамгаалалтын газрын удирдах албан тушаалтанд цэргийн дээд цол олгож болно” гэж тусгажээ. Одоогоор тус байгууллагын дарга П.Батаа, тэрбээр генерал цолд өөрийгөө тодорхойлсноос ялгаа алга. Харамсалтай нь тэр даргын “хуучин” бүрэн эрх дээр ”шинээр” эрх олгохдоо “хамгаалалтын ажлын журам, зааврыг хуульд нийцүүлэн гаргах, энэ хуульд заасан техникийн үзлэг, шалгалт хийх зөвшөөрлийг олгох”, “Бусад улсаас Монгол Улсад Төрийн өндөр хэмжээний айлчлал хийхэд Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга олон улсын байгууллага болон гадаад улсын өмчлөлийн галт зэвсэг, сумыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэх зөвшөөрөл олгох эрхүүдийг нэмжээ.

Мөн “Хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар эдийн засагт ачаалал үүсгэхгүй бөгөөд байгууллагын дотоод үйл ажиллагаанд санхүүгийн хүндрэл тулгарахгүй” гэсэн байна. Тусдаа агентлаг болж гарна, цалин хөлсөө Төрийн тусгай албан хаагчийнхаар тогтоолгоно, цэргийн тэтгэвэр, тэтгэмжийн төрөлд багтааж тэтгэвэр тогтоолгоно гэсэн хэрнээ бүтэц, орон тоо, төсвийн тухай мэдээлэл нь нууцын зэрэглэлд байх заалтыг санаачилж оруулсан байгаа юм. Гэтэл хуулийн төсөлд “Тусгай хамгаалалтын байгууллагын хэрэгцээнд зориулан импортоор оруулж байгаа зэвсэг, тусгай техник хэрэгслийг НӨАТ-аас чөлөөлөхөөр Зэвсэгт хүчин, цагдаа, улсын аюлгүй байдлыг хангах, шүүхийн шийдвэр биелүүлэх байгууллага болон АТГ-тай “барьцаж” оруулж ирсэн байна. Энэ бол тун осолтой эрх эдлэх гээд байгаа хэрэг. Өнөөдөр нэр бүхий, сэжиг бүхий ТББ-ууд галт зэвсэг, сумтай холбоотой бизнес эрхэлсээр байгааг төр бүрэн хянаж чадахгүй л байгааг мэдсээр байж ингэж тэлэх нь хардлага төрүүлж хууль, хяналтын байгууллагынхны анхаарлыг татсаар байна. Энэ бүхнийг ХЗДХ-ийн сайд, Ерөнхий сайд, УИХ-ын дарга, Ерөнхийлөгч шат шатандаа мэдэж байгаа болов уу? Ядаж л хоёр жилээр ямба, хамгаалалтаа хасуулснаа бодоод энэ хуулийн төслийг залхууралгүй харж генерал цол нэхэн тусдаа төсөвтэй, тусгай эрх мэдэлтэй байгууллага толгойлохоор зэхсэн Төрийн тусгай хамгаалалтын газрын дарга, хурандаа П.Батаагийн дээр Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах байгууллага байдгийг харуулах нь зүйтэй болов уу!!!

У.Оргилмаа. 2020.03.23


URL: