Гаднын шашны урсгалууд УИХ-ын сонгуульд 10 гаруй эмч сойхоор бэлтгэж байгаа гэв үү

90669634_1533788413455548_19360054712991744_nШАШНЫ УРСГАЛУУД НЭГНЭЭ ГАЖ, ГАЖ БИШЭЭР НЬ ДУУДАХ НЬ ХАГАРАЛДАХАД ОЙРХОН БАЙГААГИЙН ШИНЖ

Дүүгийн минь бие тун тааруу, эмч “Эмчилгээгүй” гэж шууд хэлээгүй ч тойруугаар бидэнд ойлгуулаад байсан хүндхэн өдрүүдийн нэгэнд эмнэлгийн хэвтэн эмчлүүлэх тасагт библи барьсан хоёр хүн орж ирээд, залбирал үйлдэж, Ертөнцийн эзний аврал энэрэл, түүнд бүтээж чадахгүй гайхамшиг гэж үгүйн тухай баахан ярьсан гэдэг. Чухам юу гэж ярьсныг нь тодорхой мэдэхгүй ч Ертөнцийн эзэнд чин сэтгэлээсээ итгэж, дагавал хүү тань аврагдах боломжтой гэж дүүг сахиж байсан ээжид минь ойлгуулаад, сүмдээ ирэхийг урьсан байв. Хүүгийнх нь амь нас, ирээдүйн талаар хэн ч нааштай ганц үг хэлэхгүй, цөхрөнгөө барж явсан ээжид минь горьдлого төрүүлж, хонгилын үзүүрт гэрэл тусгах шиг болсон харийн шашныхны үг биднийг тус сүм рүү хөтөлж билээ. Өвчин зовлон, үхэл хагацлын дэргэд хүн ямар хүчгүй, итгэл үнэмшил ямар хоосон болохыг ийм зүйлийг биеэр туулсан хүн л ойлгоно. Ээж тэр сүм рүү биднийг дагуулан явахад буддын шашны үнэнч сүсэгтэн эмээ минь хүртэл “Хүүд минь нас хайрлавал хамаа алга” гээд дагаж билээ. Тэр үед бидэнд  хэрэгтэй байсан үгийг хэлсэн болохоор, “Хүүгийн чинь төлөө бүгдээрээ хамт залбиръя” гэснийх нь төлөө тийшээ явсан хэрэг.

Сүүлд мэдэх нь ээ, христийн шашны мормон хэмээх гаж урсгалын сүм хөдөө аймагт нээгдээд, хүмүүсийг элсүүлэхээр явж байсан нь тэр юм билээ. Тэр үед монголчууд библи ярьдаг л бол христийн шашин гэж бодохоос биш энэ олон урсгалыг нь ялгаж, салгаж, гаж, гаж бишийг нь мэддэг нь цөөн байсан биз. Ер нь гаж урсгал гэж байдаг тухай сонссон хүн ч  хөдөөд лав ховор байсан. Өвчин зовлон, асуудал бэрхшээл тулгарсан олон хүн яг л ийм маягаар харийн шашны сүмд хөтлөгдөж очоод, зарим нь тэгс хийгээд орхиж, зарим нь тэндээ үлдсэн.
Аймгийн төвийн нэгдсэн эмнэлэгт, гэрийнхнийг нь ч чөлөөтэй оруулдаггүй тасагт тэр сүмийнхэн яаж орж ирсэн байх вэ гэж тухайн үед бодох сөхөө байсангүй. Бодлоо гээд ч яах билээ. Хожим сонсоход аймгийн нэгдсэн эмнэлгийн эмч нь тэр шашны итгэгч байсан учраас хүнд өвчтөнүүд рүүгээ тэднийг оруулдаг байсан юм билээ. Харин тэд зөвхөн өвчтөний төлөө залбирах гэж бус, ар гэрийнхнийг нь сүмдээ оруулах гэж ордог байж. Шашны гаж урсгалууд дагагчдаа ингэж өөхөнд боосон чулуу шиг, огт өөр зүйлээр өнгөлөн далдалсан урхиар татдаг.
Шашин шүтэх нь хүний заяамал, хамгийн чухал эрх. Шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхах нь энэ үед байж болшгүй зүйл. Гэвч энэ үгээр туг хийсэн жилүүдэд культууд ийнхүү мөлхөө ургамал шиг аажим, юунд ч үл анзаарагдам чимээгүйхэн өсөж, үржсээр өдгөө Монголын нийгмийг бүхэлд нь хэрэхэд бэлэн болоод байна. Явж явж, Төрийн тэргүүн Х.Баттулга “Монголын ард түмний уламжлалт шашин бол буддын шашин” гэж зарласан нь, УИХ-ын гишүүд бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэлт өдөр болгон, нийтээр амрах хуулийн төсөл санаачилж, парламент дэмжин баталсан нь санамсаргүй тохиолдол биш юм билээ шүү.
Манай улс Үндсэн хуульдаа шашин шүтэх нь хүний хамгийн том эрх гээд тунхаглачихсан, шашны асуудлыг зохицуулсан дорвитой хуульгүй, буддагаас бусад шашин, тэр дундаа культуудын талаар мэдээлэл багатай нь гаж урсгал цэцэглэх сайхан хөрс болж буй. Үүнд төрийн анхаарал, бодлого зайлшгүй шаардлагатай болсон талаар шашин судлаачид анхааруулаад эхэлсэн. Өнгөрсөн жилүүдэд хүний шашин шүтэх эрх гэдэг үгийн дор нуугдаж, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж ирсэн гаж урсгалуудын бодит хохирогчид нийгэмд бий болчихоод байна. Гаж урсгалд тархиа угаалгаж, ажил амьдралаараа хохирсон хүмүүсийн ар гэрийнхэн нэгдэж, холбоо байгуулан эсэргүүцэж эхэллээ. Шашны урсгалууд нэг нэгнээ гаж, гаж бишээр нь дуудан, хагаралдахад ойрхон болж байна. Энэ бол нийгэмд тулгараад буй бодит аюул мөн. Монголчууд шашин шүтэх эрх ярихын хажуугаар шүтэх шашнаа сонгохдоо бодит мэдээлэлтэй байж, ухаалаг хандах, шашин шүтлэгийн чиг баримжаатай байх шаардлага тулгарч байна.

Ж.ЧИНБҮРЭН ТЭРГҮҮТЭЙ ЗАЛУУСЫГ ГАДНЫН ШАШИН САНХҮҮЖҮҮЛЖ БАЙГАА ЮУ

Шашны гаж урсгалууд төрд төлөөллөө оруулахыг ямагт эрмэлзэж ирсэн. Тэд хүрээгээ тэлж, нөлөөллөө тогтоохдоо улстөрчдийг ашиглахдаа гаргуун. Мөнгө багатай, мөнгөнд дуртай улстөрчдийг санхүүжүүлж, эргээд тэднээр өөрсдийгөө дэмжүүлж, хэрэгтэй шийдвэр гаргуулдаг жишиг дэлхий нийтэд аль хэдийн тогтсон. Сая БНСУ-д коронавирусийн халдвар тараасан хэмээн буруутгагдаж, олон нийтийн анхаарлын төвд орсон шинчонжи урсгалыг үүсгэгч И Ман Хи олон нийтийн өмнө гарч ирэхдээ Ерөнхийлөгчийнхөө хүндэт зочдод бэлэглэдэг бугуйн цагийг зүүж, түүнийгээ сэтгүүлч, зурагчдад, цаашлаад дэлхий нийтэд хэрэг болгон харуулсан нь санамсаргүй тохиолдол яавч биш. Шашны гаж урсгалууд улстөрчдийн дэмжлэггүйгээр нөлөөгөө тогтоож, хүрээгээ тэлэх боломжгүй учраас нэг талаас улстөрчид шашны гаж урсгалын мөнгөөр санхүүждэг, нөгөө талаас гаж урсгалууд улстөрчдийн ивээлд орж, бэхэждэг тойрог нэгэнт бий болсон.
Монголд шургалсан гаднын шашнууд ч ялгаагүй. Гаж урсгал гэдэг нь нэгэнт тодорхой болсон мүүнийн шашинд монголчууд хэрхэн далаараа тавиуллаа. Тэдний зохион байгуулдаг энхийн их наадам гэгчийг хэрхэн бүх нийтээрээ хөл хөөрцөг болон зохион байгуулж, улс төр, урлаг соёлын нэр хүндтэй эрхмүүд бөөнөөрөө гүйж очин, олон улсын доог тохуу боллоо. Үр дүнд нь Монголын боловсролын салбарыг мүүн атгасан байв. Мөн өнгөрсөн сонгуулиар БНСУ-аас гаралтай мүүнийн шашны томоохон төлөөлөгч манай УИХ-ын нэр бүхий гишүүнд их хэмжээний авлига өгч, түүнийг нь манай УИХ-ын гишүүн сонгуулийн сурталчилгаандаа ашиглахаа илэрхийлэн, талархан хүлээн авч буй нь дүрс бичлэгээр олон нийтэд хүрсэн. Гаж урсгал гэдэг нь нэгэнт ил болсон мүүнийн шашны солонгос эзэн гэгддэг БНСУ-ын иргэн Ван Суй гэгч 50 сая воныг С.Ганбаатарт өгөхөөр өөрийн биеэр очихдоо цаашид тусалж, дэмжиж байхыг хүсэж, хотын төвд барьж буй сүмийн барилгынхаа асуудлыг шийдүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн гэдэг. Загалмай бүхий том том сүмүүд хотын төвийн хамгийн үнэ цэнтэй газруудад сүндэрлэж, христийн шашны сүм Монголын уламжлалт шашны сүм хийдээс ч олон болсны нууц ердөө энэ. Ил болсон нь л энэ болохоос цаана нь ийм, үүнээс ч ноцтой хэчнээн тохиолдол байгааг яг таг баримтжуулсан нь үгүй. Элдэв гаж урсгал, зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй сүмүүдээ хаа сайгүй байршуулаад буйн цаана улстөрчдийн дэмжлэг байгаа гэдгийг харин олон хүн хэлдэг.
Энэ жил болох УИХ-ын ээлжит сонгуульд гадаадын шашныхан урьд өмнөхөөс илүү анхаарал хандуулж, шинэ, залуу хүн хүссэн олон нийтийн хүлээлт дээр дөрөөлөн олон хүнийг санхүүжүүлэн нэр дэвшүүлэхээр бэлтгэж байгаа гэх мэдээлэл байна. Харийн шашны мөнгөөр санхүүжин шийдвэр гаргах түвшинд очихоор санаархаж буй хүмүүсийн дунд ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Чинбүрэн гэх мэтийн залуусын нэр ч дуулдана билээ.
Энд нэг зүйлийг тэмдэглэж хэлэхэд монголчуудын хувьд тахал болоод буй хавдар хэмээх хэцүү өвчин гадаадын элдэв шашнуудын анхаарлыг татдаг гол цэг болсон нь нууц биш. Хавдартай хүмүүст үйлчилдэг улсын хэмжээний ганц эмнэлэг нь ачааллаа дийлэхгүй, эцсийн шатанд орсон хүмүүсээ “Яаж зовж тарчлах чинь бидэнд хамаагүй, ингээд үх” гээд хаядаг эрүүл мэндийн тогтолцоотой манай улсад байгаа хоосон орон зайг шашны шугамаар байгуулагдсан хосписууд нөхдөг. Эцсийн шатанд орсон эмчилгээгүй хүмүүсийг хүлээж авч, зовж зүдэрсэн олон хүний өвчин шаналлыг хугасалдаг буянтай ч хосписууд цаагуураа шашны үйл ажиллагаагаа тасралтгүй явуулсаар байдаг билээ.
Шинэ ирсэн өвчтөнөө магтан дуугаар угтаж, нас эцэслэхэд нь гар гараасаа барин залбирч үддэг энэ эмнэлгүүд харийн шашны үзэл номлол дэлгэрүүлэх томоохон түшиц газар. Шашны байгууллагуудын үйл ажиллагаагаа өргөжүүлж, “сайн мэдээ”-гээ хүмүүст түгээх хамгийн тохиромжтой цэг нь хавдар өвчин болоод буй гэдэг утгаараа ч юм уу, ХСҮТ-ийн захирлаар ажиллаж байсан Ж.Чинбүрэн сүмийнхэнтэй ойлголцдог бололтой. Тэр шашны мөнгөөр сонгуульд өрсөлдөх хүмүүсийн тоонд орсон төдийгүй “Би УИХ-д гарч байж хавдрын өвчлөлийг бууруулах бодлого боловсруулна. Тэр болтол ямар нэг илүү дутуу юм хийлгүй байж бай” гээд хавдарын эмнэлгийн шинэ удирдлагыг хааш нь ч хөдөлгөхгүй байгаа, ХСҮТ хийхээр төсөвлөж, улсын төсөвт тусгуулсан ажлаа ч хийж чадахгүй байгаагийн ард тэр бий гэх мэдээлэл ч бас байна.

ГАЖ УРСГАЛ БАГШ, ЭМЧ, СЭТГЭЛЗҮЙЧДИЙГ БҮЛЭГТЭЭ ЭЛСҮҮЛЖ, ТЭДНЭЭР ДАМЖУУЛАН ҮЙЛЧЛҮҮЛЭГЧДИЙГ НЬ ТАТДАГ

Шашны талаар баримтлах бодлого гэх юмгүй, улстөрчид мөнгөний төлөө нүдээ ухаад өгөхөөс буцахгүй, иргэд нь стресс, бухимдал, асуудлаар дүүрэн манай оронд зөвшөөрөлтэй, зөвшөөрөлгүй шашны урсгалууд тоогоо алдсан. Үндэсний статистикийн хорооноос 2018 онд гаргасан тоог харвал манай улс буддын шашны 134, христийн шашны 196 сүм ажиллаж байна гэсэн байна. Хэдэн зуун жил шүтэж ирсэн, хүн амын дийлэнх нь итгэж биширдэг уламжлалт шашнаас харийн, шинэ шашны урсгалуудын сүмийн тоо олон байна гэсэн үг. Үүнээс гадна, зөвшөөрөлгүй, өөр үйл ажиллагаагаар өнгөлөн далдалж шашны сургаал номлолоо түгээдэг христийн шашны гаж урсгалууд энэ тоонд ороогүй гэхээр цөөхөн хүн амтай манай улсад дэндүү ахадсан дүр зураг харагдаж байгаа биз. Шашны гаж урсгалын талаар дагнан судалдаг, МУИС-ийн Философи, шашин судлалын тэнхимийн багш C.Дэмбэрэл “Манай улсад шашны 10 гаруй гаж урсгал үйл ажиллагаа явуулж байгаа” гэж хэлдэг. Тэд үйл ажиллагаагаа өнгөлөн далдалж, сургалтын төв гэх мэтийн нэрэн дор шашны номлолоо түгээдэг, нууцаар үйл ажиллагаа явуулдаг талаар Монгол дахь шинчонжи урсгалыг эсэргүүцэгчид батлан хэлж байгаа.
Шашны гаж урсгалд би автахгүй, тэр надаас хол, тэнд тэнэг, гаж сэтгэлгээтэй, хачин жигтэй зүйл сонирхдог хүмүүс л элсдэг гэж бодож болохгүй. Культийн гишүүд бидний итгэдэг, хүмүүст нээлттэй ханддаг ойр дотнын найз нөхөд, гэр бүлийн гишүүдийг ч хуурч элсүүлж дөнгөдөг. Тэр тусмаа тусгай мэргэжлийн хүмүүс, тухайлбал багш, эмч, сувилагч, сэтгэлзүйч зэрэг олон хүнтэй харилцдаг, итгэл үнэмшил төрүүлдэг мэргэжилтнүүдийг бүлэгтээ элсүүлж, тэднээр дамжуулан, сурагч, оюутан, өвчтөн, үйлчлүүлэгчдийг нь татдаг гэдгийг судлаачид аль хэдийн хэлчихсэн байна. Хүний зовлон бэрхшээл, тулгамдаж буй асуудлаар дөрөөлөн татах, ойр дотнын, итгэдэг хүмүүсээр нь ятгуулах нь тэдний гишүүнчлэлээ тэлэх шалгарсан арга. Монголд ч ийм л замаар явж буй. Нийтлэлийн эхэнд аймгийн жижиг эмнэлгийн ганц эмчийн нөлөө нэг гэр бүлд хэрхэн хүрсэн талаар дурдсан. Мөн хавдрын эмнэлэг, хавдрын өвчлөлийг тойрсон хосписуудын тухай ч цухас өгүүлсэн нь шашны урсгалууд эмч нарыг хэрхэн ашигладгийн нэг жишээ болох болов уу. Харин багш нарын тухайд, мүүнийн үлдээсэн сургамж бий. Тэгэхээр гаж урсгалыг гаж гэхээргүй хүмүүсээр сурталчлан, түгээлгэдгийг, тэр тусмаа улстөрч, урлаг соёлын одод зэрэг хүмүүсийг итгүүлж дагуулах хүмүүсийг ашигладгийг хүмүүс мэдэж байхад илүүдэхгүй болов уу. Хэдийгээр шашин шүтэх эрх чөлөөтэй ч хэн нэгний гар хөл болохын тулд төрийн өндөр алба руу зүтгэж, хуулиар хориглосон санхүүжилт авахаар төлөвлөж буй хүмүүс ч бас нэгийг бодоосой.

Үндэсний шуудан


URL: