Эрсдэлтэй өдрүүд 0-27 хоног тул тусгаарлах хугацааг сунгавал тэдэнд ч, бидэнд ч ХЭРЭГТЭЙ
Саяхан л Хятадын тэр тусмаа Ухань хотын зовлон байсан коронавирусийн халдвар өдгөө бүх тив, улс орнуудын зовлон болоод байна. Өнөөдрийн байдлаар коронавирусийн халдвараар 318.452 хүн өвчлөөд байгаа бол 13679 хүн амиа алдсан гэх харамсалтай тоо баримт байна. Харин гурван сар гаруйн хугацаанд үргэлжилж буй энэхүү халдвараас Монгол Улс сайн хамгаалж чадав. Өвчин тархалт дэгдмэгц Эрүүл мэндийн яамнаас маскаа зүүж, гараа тогтмол угааж, дархлаагаа дэмжихийг өдөр бүр сануулж, харин төр засгаас олон хүн бөөгнөрүүлэхгүйн үүднээс сургууль, цэцэрлэгийг карантилж, үзвэр үйлчилгээний бүх газрыг хаасан. Мөн Үндэсний их цагаан сарын баярыг ч тэмдэглэхийг хориглож, тус өдрүүдэд хөдөө орон нутгийн замыг хаасан гээд тархалт дэгдэхээс урьдчилан сэргийлж болох бүхий л арга хэмжээг авсаны үр дүнд монголчууд саяхныг хүртэл дэлхийг гайхшруулж байв.
Харин гуравдугаар сарын 2-ны өдөр Монгол Улсад ирсэн Франц иргэн коронавирусийн халдвар зөөвөрлөн ирж, анхны тохиолдол бүртгэгдсэн. Франц иргэн 2-ны өдөр ирсэн ч халуурч, бүлээрсэн шинж тэмдэггүй байсан учир ажил төрлөө хийн олон хүнтэй уулзан, олон нийтийн газраар их явсан байдаг. Харамсалтай нь, халдвар далд үедээ байсан бөгөөд тэрбээр 7-ны өдөр халуурч эмнэлэгт хандахад коронавирусийн шинжилгээний хариу эерэг буюу халдвартай болох нь тогтоогдсон. Түүний явсан маршрут, уулзсан хүмүүс дэндүү их. Нэгдүгээр хавьталд орсон 120 гаруй хүн, дам хавьталд 500 хүн орсон гэдгийг хуулийн байгууллагаас олж тогтоон, нэгдүгээр хавьтлын иргэдээс шинжилгээ авахад азаар нэг ч хүн түүнээс халдвар аваагүй нь батлагдсан.
Үүнээс бид нэг л зүйлийг ойлгох ёстой. Халдвар далд үедээ байвал ямар их эрсдэлтэй болохыг Франц иргэний жишээнээс харж болно. Франц иргэний ойрын хавьтлын 120 хүн, уг 120 иргэн цаанаа бүгд 120 гаруй хүнтэй харьцана гэж тооцвол нэг л алдвал барьж чадахааргүй эрсдэлд орно гэсэн үг. Биднийг амрааж буй цор ганц зүйл бол дотроо халдвар алдаагүй, гаднаас зөөвөрлөгдөж орж ирээд байна. Тиймээс ч монголчуудын одоо ганц эмээж буй зүйл нь гадаадад байгаа монголчуудаа авч ирэхээс илүүтэй тусгаарлалтад байгаа иргэдийг 14 хонуулаад тусгаарлалтаас гаргах нь асуудал болоод байна.
Тусгаарлах байранд байхдаа л зочид буудлын үйлчилгээ нэхэж, ар өврөөсөө дарга нараар яриулсан. Тэр ч байтугай хамгийн эрсдэл дагуулах зүйл болох нус, шүлсээ буудлынхаа цонхоор хээв нэг гадагшаа хаяж, архи дарс эргүүлэх гээд болчимгүй үйлдэл манайхан гаргасаар ирлээ. Ийм байхад өөрсдийгөө дахиад 14 хоног тусгаарлах уу гэдэг нь эргэлзээтэй.
Коронавирусийн халдварын далд үе 2-14 хоног боловч вирус илэрч магадгүй боломжит хугацааг 0-27 хоног болохыг эрдэмтэн судлаачид анхааруулсаар байгаа. Гэтэл 14 хоног тусгаарлаад гаргана гэдэг дэндүү эрсдэлтэй алхам. Хэдийгээр тусгаарлалтаас гарсан иргэд гэртээ дахин 14 хоног тусгаарлалтад байх журмыг ЭМЯ-наас гаргасан ч түүнийг дагаж мөрдөх хүн хэд байх вэ гэдэг нь чухал. Коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор Үндэсний их баяр наадмаар зам хаах шийдвэр гаргахад зам хаахаас өмнө 40 мянгуулаа хөдөө гараад “туучихдаг” хүмүүс шүү дээ. Тэгэхээр яг өнөөдрийн байдлаар тусгаарлах байранд байгаа 1951 хүнээс хэд нь үүргээ ухамсарлаж, өөрсдийгөө гэртээ 14 хоног тусгаарлах бол.
Тусгаарлах байранд байхдаа л зочид буудлын үйлчилгээ нэхэж, ар өврөөсөө дарга нараар яриулсан. Тэр ч байтугай хамгийн эрсдэл дагуулах зүйл болох нус, шүлсээ буудлынхаа цонхоор хээв нэг гадагшаа хаяж, архи дарс эргүүлэх гээд болчимгүй үйлдэл манайхан гаргасаар ирлээ. Ийм байхад өөрсдийгөө дахиад 14 хоног тусгаарлах уу гэдэг нь эргэлзээтэй.
Нэг л иргэний халдвар нь далд үедээ байгаад өөрөө ч тэрийгээ мэдэлгүй гадуур явж, хүмүүстэй уулзахад л нэг хүний цаана ажлын газар, үйлчлүүлсэн дэлгүүр хоршоо, хариад гэр бүл гээд цаашаа хавьтагч нарын тоог гаргаж чадахааргүй хэмжээнд тархах эрсдэлтэй. Үүний тодхон жишээг, бид Солонгосын дураараа нэг эмээгээс иш татаад сошиалаар дүүрэн шүүмжилсэн. Тиймээс нэгэнт өдийгөөс төдий хүртэл сайтар авсан арга хэмжээгээ алдахгүйн тулд тусгаарлалтын 14 хоногийг 21 болгох нь хамгийн зөв алхам болов уу.
Мэдээж тусгаарлалтад байгаа иргэдийн хувьд хоногийн мөнгө төгрөг гээд санхүүгийн хувьд хүнд байгаа ч 14 хоногийн мөнгийг иргэдээс өөрсдөөр нь гаргуулаад, үлдсэн 7 хоногийн мөнгийг улсаас гаргадаг ч юм уу. Ямар нэг байдлаар зохицуулаад тусгаарлалтын хоногийг 21 болгох нь хамгийн зөв алхам болоод байна. Өнгөрсөн хугацаанд иргэд, ААН-ээс УОК-т өгсөн хандивын цуваа тасраагүй. Тэгэхээр 3 сая хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд тусгаарлагдсан иргэдийн 7 хоногийн мөнгийг даагаад ч хамаагүй тусгаарлалтын хоногийг 21 болгомоор байна. Эс бөгөөс 14 хоног тусгаарлагдаад гарсан хүний халдвар далд үедээ байгаад тэр нь гадагшаа тарвал Итали шиг хяналтаа алдах вий. Хэрвээ муу зүйл тохиолдол төдийгөөс өдий хүртэл зарцуулсан хүн хүч, мөнгө санхүү бүгд салхинд хийснэ. Нэг алдвал манайх ямар хэцүү байдалд орохыг эрүүл мэндийн салбарынхан бүгд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч байгаа шүү дээ.
Б.Чимэг
URL: