19 жилийн дайн

7ced8fcf044d4cdbb14f8d6f105dfb9a4ff1ef0dКатарын Доха хотноо өнгөрсөн хоёрдугаар сарын 29-ний бямба гаригт АНУ-ын Засгийн газар Афганистаны талибуудтай энхийн хэлэлцээр байгуулав. Цагаан ордны тэргүүнээр заларснаасаа хойш Ойрхи Дорнод, Исламын ертөнцөд АНУ-ын хэдэн их наяд ам.долларыг үр ашиггүй зарцуулсан гэж мэтгэж буй Доналд Трамп 19 жил үргэлжилсэн дайныг зогсоож чадах уу, эсвэл талибуудын гарт Афганистаныг дахин алдах уу.

Үнэндээ Доналд Трампын үйлдэл сонгуулийн үеэр ярьж байснаасаа төдийлөн зөрсөнгүй. Ирак, Сири дэх оролцоогоо сулруулснаар Ойрхи Дорнод, Хойд Африкт Турк, Орос, Иран шийдвэрлэх тоглогч болчихлоо. Доналд Трампад Ойрхи Дорнод дахь геополитик огт хамаагүй болсон гэж барууны шинжээчид дүгнэж байна. 2001 оны есдүгээр сарын 11-ний халдлагын дараа Жорж Бушийн засаг захиргаа Осама бин Ладен тэргүүтэй Аль-Каеда бүлэглэлийн террористуудыг орогнуулж буй Афганистан дахь талибуудын дэглэмийг түлхэн унагах эвслийн хүчний ажиллагааг эхлүүлж байв. Терроризмын эсрэг дайн нэртэй эвслийн ажиллагаанд олон ч улс орон холбоотны хувиар дэмжлэг үзүүлсэн дээ. Тэгвэл АНУ 19 жилийн өмнө түлхэж унагасан талибуудтайгаа энхийн хэлэлцээр байгуулах нь тэр. Сүүлийн хэдэн жилийн турш идэвхтэй яригдсан сэдэв л дээ.

ТАЛИБАН

Талибан гэдэг нь Паштун хэлээр сурагчид гэсэн утгатай бөгөөд 1990-ээд оны эхээр Пакистаны хойд нутагт үүссэн бүлэглэл юм. Пакистан-Афганистаны хилийг дамнан нутагладаг паштунчуудын дунд шашны семинарь маягаар эхэлсэн энэ хөдөлгөөнийг анх Саудын Араб санхүүжүүлсэн гэдэг. Улмаар исламын шашны Шария хуульд тулгуурласан дэглэм тогтоох зорилготой талибууд 1996 онд Афганистаны нийслэл Кабул хотыг эзэлж, Ерөнхийлөгч Бурхануддин Раббанийн Засгийн газрыг түлхэн унагажээ. 1998 онд талибууд Афганистаны нутаг дэвсгэрийн 90 хувийг хянаж байв. Хяналтаа тогтоосон нутаг дэвсгэртээ авлигыг хязгаарлаж, хууль ёсыг сахиулж, зам харилцаа, худалдаа наймааг дэмжиж, иргэдийн итгэлийг олсон талибууд шашны харгис хуулийг ч хэрэгжүүлж эхлэв. Талибууд алуурчин, завхайрагчдыг олны нүдэн дээр цаазалж, хулгайч нарын хуруу, гарыг огтолно. Эрчүүд сахал ургуулж, хүүхнүүд бүх биеэ халхалсан бурка өмсөх ёстой. Телевиз, хөгжим, киноноос гадна 10-аас дээш настай охидыг сургуульд сургахыг хориглов. Талибуудыг Афганистанд мандахаас өмнө афган эмэгтэйчүүд ямар эрх чөлөөтэй байсан тухай интернэтээр дүүрэн гэрэл зургууд бий. Исламын шашнаас өөр шашныг хүлээн зөвшөөрдөггүй учраас Буддагийн хөшөөг ч дэлбэлэн устгасан.

2001 оны аравдугаар сарын 7-нд АНУ тэргүүтэй эвслийн хүчин Афганистанд цөмрөн орж, хоёр сар гаруйн дараа Талибаны дэглэмийг түлхэн унагав. Муллах Мохаммад Омар тэргүүтэй толгойлогч нар нь Афганистан, Пакистаны уул хад руу зугтан алга болов. Америкчууд заналт дайсан Осама бин Ладеныг бүр арван жилийн дараа 2011 онд Пакистаны нутаг дэвсгэрт орогнож байхад нь олж устгасан. Афганистаны нутаг дэвсгэр харийн түрэмгийлэгчдэд ээлгүй газар гэж өөрсдөө ярьдаг. Үнэндээ түүхийн баримтуудаас үзэхэд Афганистаныг булаан эзлэгсэд тэнд удаан сууж үлдээгүй байдаг. Македоны аугаа Александр, Арабын халифууд, Монголын эзэнт гүрэн, персүүд, Энэтхэгийн Мугал, Британийн эзэнт гүрэн, Зөвлөлтийн арми нэвтэрч, чамгүй зовлон амсчээ. АНУ тэргүүтэй холбоотнуудыг ч талибууд харийн түрэмгийлэгчид гэж үздэг. 19 жилийн дотор Афганистанд 3500 гаруй гадаад цэрэг амь эрсэдсний 2400 орчим нь америк цэргүүд. Их Британи ч багагүй хохирол амссан. Америк, Англи цэргүүд талибуудын хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг мужуудад үүрэг гүйцэтгэсэнтэй холбоотой юм. Афганистаны иргэд, цэрэг, цагдаа, хууль сахиулах байгууллагын албан хаагчдын хохирлыг тооцвол хэдэн арван мянгаар яригдана. Афганистаны Ерөнхийлөгч Ашраф Гани ердөө дөрвөн жилийн дотор 45000 гаруй хүчний байгууллагын албан хаагч нар амь эрсэдсэн гэж харамсаж байсан.

АНУ

2008 оны Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас өрсөлдсөн Барак Обама ялалт байгуулж, Исламын ертөнц дэх АНУ-ын нэр хүндийг сэргээхээр шийдэв. Обама давын өмнө 2011 онд Ирак, 2014 онд Афганистан дахь өргөн хүрээтэй байлдааны ажиллагааг зогсоож байгаагаа зарлалаа. Дайны оргил үед зуу гаруй мянгаар тоологдож байсан Америк цэргүүдийг нутаг буцааж эхэллээ. Байлдааны тактикаа өөрчилж, голдуу цэргийн тусгай хүчний албан хаагчид, сөнөөгч онгоц болон дрон ашиглан жихадистуудын толгойлогч нарыг намнах арга барилд шилжив. Афганистан, Ирак, Пакистаны аль алинд нь ялгаагүй. 2015 онд талибуудын толгойлогч Муллах Омар, жилийн дараа Муллах Ахтар Мансурыг устгасан гэдгээ Пентагон зарласан. Обамагийн халааг авсан Доналд Трамп ерөнхийдөө Обамагийн үед томьёолсон бодлогыг үргэлжлүүлжсэн. Харин өмнөх засаг захиргааны үед яригддаг байсан энхийн хэлэлцээг 2018 оноос хойш Катарт амжилттай үргэлжлүүлж, талибуудтай хэлэлцээрт гарын үсэг зурлаа. Өнгөрсөн долоо хоногт талибуудын толгойлогч Абдул Гани Барадартай утсаар ярьж, цаашид бусад толгойлогч нартай нь ч уулзах юм байх. Трамп Умард Солонгосын Ким Жон Унтай гурван удаа сүр дуулиантайгаар уулзсан боловч үр дүнд хүрсэнгүй. Умард Солонгос дахиад пуужингаа харвах болсон. Ирэх намрын сонгуулийн өмнө талибуудтай байгуулсан хэлэлцээр үр дүнд хүрэх болов уу.

ЭНХИЙН ХЭЛЭЛЦЭЭР

Дохад зурсан хэлэлцээрийн дагуу АНУ тэргүүтэй холбоотнууд Афганистанд үлдсэн 10000 цэргээ тодорхой хугацаатайгаар эргүүлэн татна. Талибууд зэвсэгт тэмцлээ зогсоож, Афганистаны Засгийн газартай яриа хэлэлцээ өрнүүлэх ба 5000 зэвсэгт дайчнаа шоронгоос суллуулах амлалт авчээ. Хэлэлцээрийн ерөнхий агуулгаас харвал талибуудын Афганистан дахь байр суурь улам бэхжих аж. Өнөөг хүртэл Хамид Карзай, Ашраф Гани нарын Засгийн газрыг Америкийн утсан хүүхэлдэй, гар хөл гэж тодорхойлж байсан талибууд хэлэлцээний ширээний ард суух уу гэдэг эргэлзээтэй. Ашраф Гани талибуудыг нааштай үйлдэл хийхээс нааш хоригдлуудыг нь суллаж, хүчийг нь сэлбэхгүй гээд гэдийчихсэн. Талибууд хариуд нь Афганистаны 16 мужид цэрэг, цагдаа нарт халдсан юм. АНУ-ын нисэх хүчин Хелманд мужид талибуудын байрлалд хариу цохилт өгөв. Энхийн хэлэлцээрт гарын үсэг зурснаас хойш ердөө долоо хоногийн дотор өрнөсөн үйл явдлуудаас үзэхэд Афганистанд энхийг тогтоох үйл хэрэг үр дүнгээ үзэх болоогүй мэт харагдаж байна. Талибууд харийн түрэмгийлэгчидтэй хамтран ажилласан гэж буруутгаад төрийн өндөр албан тушаалтнуудынхаа амийг хөнөөж байсан түүхтэй билээ.

http://eagle.mn/r/70238


URL: