ХӨСҮТ: Коронавирусийн халдвар авсан дөрвөн иргэний биеийн байдал дунд, нэг иргэн хүндэвтэр байна
ЭМЯ-наас мэдээлэл хийв. ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр буюу энэ сарын 17-ны өдөр ХӨСҮТ-д нэг, Говь-Алтай аймагт нэг, Сэлэнгэ аймагт хоёр тохиолдол бүртгэгдсэн байсан. Эдний шинжилгээний хариу сөрөг буюу коронавирусийн халдвар бүртгэгдээгүй. 18-нд Сэлэнгэ аймагт гурван сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байна” гэв.
Ингээд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Коронавирусийн халдвар авсан зургаан иргэний биеийн байдал хэр байгаа вэ?
-Батлагдсан зургаан тохиолдлын дөрөв нь харьцангуй дунд, Франц иргэний биеийн байдал тогтвортой байна. Бас нэг тохиолдлын биеийн байдал хүндэвтэр байна.
-Тусгай үүргийн онгоцоор нийт хэдэн иргэн эх орондоо ирсэн бэ?
-Дөрвөн удаагийн нислэгээр 1000 гаруй иргэдээ авчирсан байна. Тэдгээр иргэдэд шинжилгээнүүдийг нь хийгээд явж байгаа. Өчигдөр Истанбулын онгоцоор ирсэн иргэдийн 25-г нь ХӨСҮТ-д тусгаарлаж, үлдсэнийг нь тусгаарлах байруудад ажиглалтад авч байна.
-Сургууль цэцэрлэгийн хөл хориог сунгах саналаа хэзээ өгсөн байна лээ?
Д.Нарангэрэл: Цар тахар зарлагдсан. Хэдийгээр БНХАУ өвчлөлөө бүрэн хяналтдаа авсан ч Европт тархалт өндөр байгаа. Маш олон эрдэмтэн судлаачдын материалтай танилцахад, хөл хориог аажмаар цуцлахгүй бол эргээд өвчлөл тархах магадлалтай гэсэн байна. Хөл хориог нэг өдөр алдаж тавихад өвчлөл 40 хувь нэмэгдэнэ гэдэг бол асар их тоо. Тиймээс хүүхдүүдээ, иргэдээ хамгаалах үүднээс сургууль, цэцэрлэгийн карантиныг сунгах саналаа өгсөн. Мөн коронавирусийн халдвар авсан иргэдээ дайрч, доромжлох зүйл олон нийтийн сүлжээгээр байх шиг байна. Энэ нь ар гэрийнхэнд нь хүнд тусч байгааг ойлгох хэрэгтэй. Эв нэгдэлтэй, ялгаварлан гадуурхахгүй байх хэрэгтэй.
-Вакцины тухай мэдээлэл өгөөч?
-АНУ анхны вакцинаа гаргаж аваад хүн дээр туршилт хийсэн. Тиймээс эрдэмтэн судлаачид вакцин гартал гэртээ хөл хориогоо үргэлжлүүлэх зөвлөгөөг өгч байгаа. 5-6 сарын дараа вакцин гарах магадлалтай. Эргээд 9, 10 дугаар сард тархалт гарах магадлалтай гэх таамаг бий. Тиймээс тархалт дахин дэгдэхээс өмнө вакцин гаргаж авах байх.
Б.Аз
URL: