Амралтгүй ажиллаж буй нийслэлийн 6000 алба хаагчдад баярлалаа

  9776

Корона вирусийн халдварын аюул тив, дэлхийг айдаст автуулан цар хүрээгээ улам тэлээд ирэхээр “Нээрээ, манайд илэрчих юм биш биз дээ” хэмээн монголчууд одоо жинхнээсээ түгшиж эхэллээ. Монгол түмний уламжлалт Цагаан сарын баяраа гэр бүлийн хүрээнд цомхон тэмдэглэж, төр засгийн уриалгыг ч харьцангуй дуулгавартай даган биелүүлж байх шиг. Аюулт тахлын эсрэг амь нэгтэйгээр сөрөн зогсох ёстой гэдгийг ухаарсан гэлтэй, энэ зуурт төр, засагт болон бие биедээ урмын үгийг ч харамгүй хэлж байна. Тиймээс баярын энэ өдрүүдэд нийслэлчүүдийн төдийгүй нийт монголчуудын эрүүл энхийн манаанд 24 цагаар жижүүрлэн ажиллаж буй нийслэлийн удирдлагудаас эхлээд хэсгийн ахлагч хүртэлх 6000 орчим алба хаагчдад ч бас халуун талархал илэрхийлэх нь зүйтэй болов уу.

       Хажууханд байгаа аав, ээж, өвөө, эмээ битгий хэл, хамт амьдардаг хань ижил, үр хүүхэдтэйгээ ч Цагаан сараар золгож амжихгүй, онцгой нөхцөлд үүргээ гүйцэтгэж буй тэдний ачаар нийслэлд хяналт, шалгалт, ариутгал халдваргүйтгэлийн ажил сайтар хийгдэж байгаа юм. Нийслэлийг тогтоон “барьж” чадна гэдэг бол Монгол Улсыг корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлж чадна гэсэн үг билээ. Хятадтай хуурай газраар хамгийн урт замаар хиллэдэг улс хэрнээ өдий хүртэл корона вирусийн халдвар илрээгүй нь Монгол Улс яаралтай арга хэмжээ авч чадсаных гэдгийг Япон, Өмнөд Солонгос тэргүүтэй олон улсын хэвлэлүүд онцлоод эхэлж.

        Энэ гарцаагүй үнэн. Ерөнхийлөгчийн зарлигаас эхлээд Засгийн газар бодлогын шийдвэрүүдийг цаг алдалгүй гаргаж, холбогдох яамд, нийслэлийн ЗДТГ түүнийг нь шат шатандаа шуурхай хэрэгжүүлж, сайтар хяналт тавьж ажилласны үр дүн билээ. Өөрөөр хэлбэл, төр, засаг, нийслэл хот, нийт иргэд оршин суугчидтайгаа бүгд хамтдаа хичээн зүтгэсний ачаар бид ийн олон улсад шагшуулж байгаа юм. Сайн юманд эзэн мундахгүй гэдэг шиг өнөөдрийн амжилтыг өмчирхөх хандлага анзаарагдаад эхэллээ. Манай улс корона вирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд өдий зэрэгтэй амжилттай яваа бол тэр гавьяа нь зөвхөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёрт хамаарна гэвэл өрөөсгөл. Бодлого, шийдвэр гаргах нэг хэрэг, харин түүнийг бодит амьдралд амжилттай хэрэгжүүлэхэд шат шатны ажилтан, албан хаагчдын үүрэг, оролцоо, гавьяа хамгийн их байдгийг умартах учиргүй. Ялангуяа Улаанбаатар хот шиг улсын хүн амын тал хувь нь оршин суудаг нийслэлийг ийм нөхцөлд нэгдсэн удирдлага, арга зүй, зөв оновчтой зохион байгуулалтаар зангидаж ажиллаж байгаа Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханы багт талархал илэрхийлье. Нийслэлийн хэмжээнд өдгөө 6000 орчим алба хаагч шөнө, өдөргүй ажиллаж байгааг дахин сануулъя.

ШУУРХАЙ.МН


URL:

Сэтгэгдэл бичих