UFC холбооны тамирчдын бухимдал, эздийн шунал
-UFC жилд 900 саяыг олсон ч тамирчдад 16 хувийг нь л өгчээ-
Холимог тулааны холбоодыг UFC сүүлийн найман жил тэргүүлж буй. Мянга, мянган тулаанч энэ нэрэн дор тулалдаж, тэмцээнийг дэлхийн 130 оронд шууд дамжуулдаг. Энэ холбооны аварга болох нь дэлхийн аварга болсонтой эн тэнцдэг. Тэгвэл тус холбоо өнгөрсөн жил 900 гаруй сая ам.долларын ашигтай ажиллажээ. Тэгсэн атлаа орлогынхоо 16 хувь буюу 150 сая ам.долларыг нь л тамирчдын шагнал урамшилд зарцуулж, хөрөнгө оруулагчдадаа болохоор 300 гаруй саяыг хуваарилсан байна. Хөрөнгө оруулагчдынх нь дунд Марк Уолберг, Бен Аффлек, Шарлиз Терон, Серена Уильямс зэрэг олны танил хүмүүс байгаа аж.
Тамирчид үүнд сэтгэл маш дундуур байгаа бөгөөд ингэхээс ч өөр аргагүй юм. Хойд Америкийн бусад лигүүд ашиг орлогынхоо тал орчмыг нь тамирчдын цалин урамжшуулалд зарцуулдаг жижшигтэй байхад дэлхийн холимог тулааны хамгийн том холбоо дөнгөж 16 хувьтай байгаа нь шударга бус гэж тамирчид үзэж байна. “Нью Йорк таймс” сонин холбооны орлого зарлагын талаар нийтлэлийг ээлжит дугаартаа гаргасан нь ийнхүү холимог тулааны холбоог анхаарлын төвд орууллаа.
Тамирчдын хөлс цусаа урсгаж байж олж ирсэн мөнгөнөөс загвар өмсөгч Жизель Бундхен хүртэл 145 000 ам.долларын ногдол ашиг авчээ. Хамгийн их ногдол ашгийг буюу хуваарилсан 300 гаруй сая ам.долларын 150 саяыг “Endeavor” холдинг авчээ. Холливудад авьяас, кастингийн WME агентлаг, спорт, загварын мэдээллийн IMG групп, Miss Universe Pageant гоо бүсгүйн шалгаруулалтыг эзэмшдэг тус холдинг өнгөрсөн зун UFC холбооны 50 хувийг дөрвөн тэрбум ам.доллараар худалдаж авсан юм. Энэ гэрээ спортын түүхэн дэх хамгийн үнэтэй гэрээний нэг болж байв.
Гэхдээ энэ жил хуваарилсан 300 сая ам.доллар нь 2016 оноос хойш ашиг хуваарилсан анхны тохиолдол болсныг хэлэх хэрэгтэй. “Endeavor” холдинг өнгөрсөн намар хөрөнгийн биржид хувьцаагаа гаргасан нь бүтэлгүйтсэн тул дарагийн оролдлогоо хийх хүртэл орлогын гол эх үүсвэр нь холимог тулааны холбоо болж хувирсан байна. UFC нь “Endeavor”-оос жилд 200 сая ам.доллар авдаг байснаа энэ жилээс ийнхүү буцаагаад өгч эхэлж байна.
“Нью Йорк таймс”-д гарсан материалаас тамирчдын авсан мөнгөн урамшууллын хэмжээг хөрөнгө оруулагчдынхтай жишсэн нь уншигчдын сонирхлыг хамгийн ихээр татсан. Жишээ нь, хагас хүнд жингийн аварга Жон Жонс 2019 онд хоёр удаа тулалдсаныхаа шанд /Энтони Смит, Тиаго Сантостой тулсан/ сая ам.доллар авсан бол жүжигчин Марк Уолберг 500 000 ам.долларын ногдол ашиг авчээ. Аваргын бүсээ 11 удаа хамгаалсан Деметриус Жонсон 2018 онд Хенри Сехудотой тулалдахдаа 480 000-ыг авч байж. Тэрээр дараа нь Азийн ONE холбоотой 12+ сая ам.долларын гэрээ байгуулсан. Хэрвээ UFC-д бол 25 тулалдаж байж энэ хэмжээний мөнгийг авна.
UFC-д аварга байсан Эдди Альварез мөн Азийн холбоо руу орсон. Тэр эхний тулаандаа Тимофей Настюхинд ялагдсан ч хангалттай шагнал авсан. Учир нь тэр 10 сая ам.долларын гэрээ хийсэн юм. Харин дэлхийн хамгийн том, хамгийн ашигтай гэх UFC холбооны шилдэг тамирчид нэг тулааныхаа төлөө 100 000 ам.доллар авч байна. Тэдний хувьд их мөнгө олох ганц боломж нь Конор Макгрегортой тулалдах болж хувирчээ.
Eagle.mn
URL: