Хоёр түм гүрэн хүчээ нэгтгэж дэлхийн орнуудыг талцуулж эхлэв
АНУ хойд хөрш Канад, Европын баруун, баруун хойд зүгийн орнууд, өмнө зүгт Австрали, Шинэ Зеланд, зүүн зүгт Япон, Өмнөд Солонгос зэрэг олон орноос гадна Ойрхи Дорнод, Африкийн нэлээд хэдэн орныг эгнээндээ нэгтгэж хүчирхэгжив. Энэ зуур ОХУ яаж зүгээр суухав Хятад, Энэтхэгийг хань татав. Үндсэндээ Орос, Америк дэлхийн орнуудыг хоёр талд хувааж байна.
Энэ талцалд ороогүй цөөн хэдэн орон бий. Гэхдээ Орос, Америкийн сөргөлдөөн хурцадвал дээрх хэдэн орон хүссэн, хүсээгүй аль нэг талд нь орох л болно. Негөө талд өмнөд Америкийн орнуудын нэгдэл байна. Венесуэл тэргүүтэй Аргентин, Бразил, Куба зэрэг Латин Америкийн орнуудын нэгдэл Америк гэхээсээ илүү Орост элэгтэй.
Нөгөөтэйгүүр дээрх хоёр хүчирхэг гүрний аль нь ч байдлыг хурцадгахгүйг хичээж байгаа нь сайшаалтай. Гэхдээ аль ч тал буулт хийхгүй гэдгээ үйл хөдлөл, үг хэлээрээ нотолж байна. ОХУ зэвсэглэл дээр Хятадтай хамтарч ажиллаж эхэллээ. Тус хоёр улс “Ми-2А” хэмээх хөнгөн нисдэг тэрэг хамтран бүтээхээр тохиролцжээ.
Энэ ажлын хүрээнд Хятадын Хэбэй мужид 47 га газрыг бүрхсэн томоохон үйлдвэрийн ажлыг эхлүүлсэн байна. 224 сая ам.долларын өртөг бүхий уг үйлдвэр ирэх долдугаар сарын сүүлээр ашиглалтад орно. Мөн Орос Энэтхэгтэй хамтарсан цэргийн сургуулилт хийхээр болсон байна. Энэ зун ОХУ-ын газар нутагт болох “ИНДРА-2012″ хэмээх хамтарсан цэргийн сургуулилтын бэлтгэл ажлыг хоёр тал өнгөрөгч даваа гаригт эхлүүлжээ.
ОХУ Энэтхэгтэй “ИНДРА” хэмээх газар, усны хамтарсан цэргийн бэлтгэлийг 2003 оноос хойш нийт таван удаа зохион байгуулсан байна. Уг бэлтгэлийг хамгийн сүүлд хоёр тал 2010 оны аравдугаар сард удирдан явуулж байжээ. Хоёр их гүрний сөргөлдөөн бүхий л салбарт нөлөөлж бизнесийнхэн экспорт, импортдоо анхаарч эхэлсэн байна.
Түүнчлэн Их Британи, Франц улс холбоотноо дэмжин Оросыг шүүмжлэв. Францын Ерөнхийлөгч Николя Саркози ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведевтэй утсаар ярьж Сирийн асуудлаар багахан зэмлэл сонсгох гэсэн ч Д.Медведев ярихаас татгалзжээ. Энэ зуур Сирийн Хомс хотод цус асгаруулсан мөргөлдөөн тав дахь өдрөө үргэлжилж 300 гаруй хүн алагдав.
Ганцхан даваа гаригт л гэхэд тус хотод 95 хүн алагдсан байна. Үүнээс улбаалан ОХУ Сирид шахалт үзүүлж эхэллээ. Олон улс ч ОХУ-ын шахалт нэг юм дуулгана гэж найдаж байна. Нөгөөтэйгүүр АНУ Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадыг огцрохыг шаардахын сацуу Сирийн асуудлаар Орос, Хятадтай харилцаагаа муутгах хүсэлгүй байна гэж мэдэгдэв.
Эсрэгээрээ Сирийн Ерөнхийлегч Башар аль-Ассад ОХУ-ын Гадаад харилцааны сайд, Гадаад тагнуулын албаны дарга нарын айлчлалыг үл харгалзан Кремль уруу өөрийн төлөөлөгчдийг илгээж дэмжлэг үзүүлэхээ зогсоохгүй байхыг гуйх гэж байна. ОХУ Сирийн зэвсгийн гол ханган нийлүүлэгч бөгөөд хэрвээ тус улс олон талт дэмжлэгээ зогсоовол Сири улс олон улсад ганцаардаж барууны “идэш” улс болно гэдгээ сайн мэдэж байгаа.
Түүнчлэн хүний эрхийн байгууллагууд Сирид долоон мянга гаруй хүн амь үрэгдсэн гэж ОХУ-ын чихнээс хонх уясаар байна.
Эх сурвалж: “Unen.mn”
URL: