У.Хүрэлсүхийн Засгийн газрыг авлигатай тэмцэж байна гэж үнэлжээ

712-1575945629712-1569210620ddf1c4da67a11a5a9944f8c68ace4076Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн сангаас хэрэгжүүлж буй Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэгийг тогтоох судалгааны тайланг (SPEAK) өчигдөр танилцуулав. Судалгааны хүрээнд авлигын цар хүрээний талаарх иргэдийн төсөөллийг тогтоох асуулгад судалгаанд оролцогчдын 93.6 хувь нь “Манай улсад авлига түгээмэл үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлжээ. 2019 оны SPEAK судалгаа нь Сант Марал сан болон Азийн сангаас 14 жилийн хугацаанд явуулсан 19 дэх судалгаа бөгөөд энэ жилийн хувьд Сант Марал сангийн гүйцэтгэх захирал Л. Сумати дахин ажилласан байна. Тус багийнхан 2006 оны гуравдугаар сараас 2019 оны гуравдугаар сар хүртэлх хугацаанд 19 удаагийн санал асуулга явуулж, 17 аймаг болон нийслэл хотод 20022 хүнтэй ярилцлага хийжээ. 2019 оны судалгаанд гэхэд л 1500 хүнийг хамруулсан байна. Судалгааны дүнгээс товч танилцуулъя. Сүүлийн 14 жилийн хугацаанд авлигын тохиолдол 28 хувиас гурван хувь болтлоо буурсан ч авлига нь “ердийн үзэгдэл болсон” гэдэгтэй санал нийлэх оролцогчдын тоо 80-93 хувь болтлоо өссөн байна. 2019 оны улс орны тулгамдсан асуудлын нэгдүгээрт, “Ажилгүйдэл”-ийг нэрлэсэн бол 9.2 хувийн саналаар “Авлига” гуравдугаарт оржээ. Харин судалгаанд оролцогчдын 96.2 хувь нь жижиг, дунд бизнес нь томоохон бизнесийг бодвол авлигад илүү ихээр өртдөг буюу сөрөг нөлөөг илүү амсдаг гэж үзжээ. Иргэд С.Батболд, Ч.Сайханбилэг, Ж.Эрдэнэбат, С.Баяр нарын Засгийн газрын үед авлигатай тэмцэх ажлыг хийж чадахгүй байна гэж шүүмжилдэг байсан бол У.Хүрэлсүхийн Засгийн газрыг харьцангуй үнэлж байгаа нь судалгаанаас ажиглагджээ. Цаашлаад олон нийтийн дунд нэр хүндтэй эрхмүүдээс авлигатай хамгийн их тэмцдэг хүнээр 15.9 хувь нь Л.Оюун-Эрдэнэ, 9.5 хувь нь У.Хүрэлсүх, 8.5 хувь нь Ж.Батзандан, 2.5 хувь нь Ц.Нямдорж, 2.4 хувь нь С.Жавхлан, 1.8 хувь нь Х.Баттулга, 1.4 хувь нь С.Ганбаатар нарыг нэрлэжээ. Мөн авлига ихээр авдаг таван байгууллагад улс төрийн намууд, шүүхийнхэн, газрын алба, УИХ, орон нутгийн худалдан авах тендерийг нэрлэсэн байна.

АВЛИГЫН ДУУЛИАНТ ХЭРГҮҮДЭЭС СӨХВӨЛ…
2019 он. Энэ жилд авлига, албан тушаалтай холбоотой олон жил шийдэлгүй ужгирсан дуулиант хэргүүдийг “хөдөлгөлөө”. Үүнд, МХЕГ, гааль, шүүхийн байгууллага болоод албан тушаал, эрх мэдлээ ашиглан авлига авсан эрхмүүдэд холбогдох хэргийг дурдаж болно.
ЕРӨНХИЙ САЙД АСАН Ч.САЙХАНБИЛЭГИЙГ ИНТЕРПОЛООР ХАЙЖ ЭХЭЛЛЭЭ
Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарыг Оюутолгойн гэрээг хийхдээ албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр яллагдагчаар татан шалгаад багагүй хугацаа өнгөрч байна. Энэ талаар АТГ-ын Олон нийттэй харилцах асуудал хариуцсан ахлах ажилтан, ахлах комиссар Т.Баярхүү “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, Сангийн сайд асан С.Баярцогт нарт холбогдох Оюутолгойн гэрээтэй холбоотой хэргийг мөрдөн шалгах ажиллагаа дууссан. Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгт АТГ-аас гурван хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Түүнийг эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг ОХУ-аас худалдан авах үйл ажиллагаанд гар бие оролцохдоо олон хууль тогтоомжийг зөрчсөн. “Оюутолгой” компанийг илтэд хууль зөрчиж, татвараас чөлөөлсөн болон Дубайн гэрээтэй холбоотой асуудлаар шалгаж байгаа гэв.
Ч.Сайханбилэгийг 2018 оны дөрөвдүгээр сард Цагдан хорих 461 дүгээр ангид 60 хоног саатуулаад батлан даалтад гаргасан юм. Тэгвэл түүнийг Интерполоор эрэн сурвалжилж байгаа гэх мэдээлэл гарсан билээ. Энэ талаар албаны эх сурвалж “Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Интерполоор эрэн сурвалжилж эхэлсэн нь үнэн. АТГ-аас гаргасан хүсэлтийг үндэслэн дээрх шийдвэрийг гаргасан” гэв
АВЛИГААР ТЭРГҮҮЛДЭГ ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫНХНЫ БИЧЛЭГИЙГ ИЛ БОЛГОВ
Ямар байгууллага, аж ахуйн нэгж авлигаар тэргүүлдэг вэ. Энэ асуулгад гаалийн байгууллага хоёр, гуравдугаарт тогтмол жагсдаг нь хэвшил болсон. Үүнийг нотлох нэгэн бичлэгийг АТГ-аас дэлгэсэн нь юм. Тодруулбал, гаалийн 34 байцаагч улсад 28 сая төгрөгийн татвар төлөх ёстой БНХАУ-аас импортоор оруулсан 90 тонн ачааг хилээр шалгалтгүй нэвтрүүлэхдээ 4.5 сая төгрөгийн хахууль авчээ. АТГ-ын мөрдөгчдийг очиход гаалийн байцаагчид хахуулийн мөнгөө ор, агааржуулагчийн хоолой, паарны ард нуусныг бичлэгээр баримтжуулсан байв. Энэ талаар АТГ-ынхан “Жишээ болгож нэг удаагийн үйлдлийг харууллаа. Иргэд, олон нийтийн хувьд энэ мэт хууль бус үйлдлийг нэг, хоёр удаагийн гэх мэтээр аргацааж болохгүй. Үүнийг таслан зогсооход олон нийтийн оролцоо хэрэгтэй. 28 сая төгрөгийн татвар төлөөгүй, 4,5 сая төгрөг хахуульд авсан нь нүдэнд ил харагдаж байгаа хор уршиг. Үүний цаана хэдэн хүний амь нас, эрүүл мэндийн тухай ярьж байгаа гээд үзвэл жижиг мэт боловч нийгэмд учруулж буй шууд бус хор уршгийг тооцох аргагүй юм. Мөн энэ хэрээрээ шударга ёс алдагддаг” гэдгийг онцолж байсан юм.
ГАВЬЯАТ ХУУЛЬЧДЫГ Ч ХӨЛДӨӨ ЧИРСЭН АВЛИГЫН ХЭРЭГ
 Авлига, албан тушаалын бас нэгэн дуулиант хэрэг бол- шүүгчидтэй холбоотой юм. Шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэгч, үнэн худлын дэнсийг тогтоох энэ байгууллагын 17 шүүгч авлигын хэрэгт нэр холбогдсон нь иргэдийг ихээхэн бухимдуулсан. Энэ ч үүднээсээ Ерөнхийлөгчийн зарлигаар нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг өнгөрсөн зургаадугаар сард түдгэлзүүлсэн билээ. “Салхитын мөнгөний ордтой холбоотой хэргийг шалгах явцдаа бусдаас хахууль авсан гэх хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэж, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Энэ хэрэгтэй холбоотой бусад албан тушаалтныг шалгах ажиллагаа дуусгавар болоогүй, мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Ойрын хугацаанд шийдвэрлэхээр ажиллаж байна” гэдгийг Прокурорын байгууллагаас мэдэгдсэн билээ.
БҮРЭН ЭРХИЙГ НЬ ТҮДГЭЛЗҮҮЛСЭН ШҮҮГЧИД:
-Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Цолмонбаатар,
-Захиргааны хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Халиунбаяр,
-Улсын Дээд  шүүхийн шүүгч Ц.Амарсайхан,
-Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Б.Сайханцэцэг,
Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон,
-Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож,
-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг,
-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг,
-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Байгалмаа,
-Улсын Дээд шүүхийн шүүгч, Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр,
-Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгч С.Амардэлгэр,
-Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Энхжаргал,
-Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхийц шүүгч Б.Нармандах,
-Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Төмөрбат,
-Багануур дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нарантуяа
-Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч П.Туяат нар юм.
Салхитын мөнгөний ордын гэх хэрэг олон шүүгчийг хөлдөө чирсэн. Уг хэрэгт холбогдсон Гавьяат хуульч Л.Бямбаа цагдан хорих төвд амиа алдсан бол Гавьяат хуульч Б.Сарантуяаг ажпаас нь чөлөөлсөн билээ.
Мөн нэр холбогдоод буй нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч асан С.Төмөрбат гэр бүлийн хамтаар биедээ их хэмжээний ам.доллартой АНУ-ын хилээр нэвтрэх гэж байхад нь тус улсын хилийн албаныханд баривчилсан билээ. Тэд зургаадугаар сарын 27-нд буюу Ерөнхийлөгч нэр бүхий 17 шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх зарлиг гаргасан өдөр Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор хил гарч, ОХУ-аар дамжин явсныг хууль хяналтын байгууллагынхан тогтоосон байдаг.
ОЙМСОН ДАХЬ АВЛИГА
Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяа, хэлтсийн дарга Н.Баярсайхан нар улсын хилээр өндөг. мах, бяслаг гэх түргэн муудах хүнсний бүтээгдэхүүн оруулж ирдэг иргэд, аж ахуйн нэгжийг хясан боогдуулах замаар тэрбум төгрөгийн авлига авсныг нь АТГ баримтаар тогтоосон. Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын албан өрөөнд нь нэгжлэг хийхэд сейф дүүрэн мөнгө.бие болоод гэрээс нь 230.800.000 төгрөг, 152.177 ам.доллар, 70000 юань бэлнээр олдсоныг эд мөрийн баримтаар хураасан. Тэд хадгалж байсан мөнгөнийхөө эх үүсвэрийг нийт 21 аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс 126 удаагийн үйлдлээр 700 гаруй сая төгрөгийг авлигын хэлбэрээр авснаа мөрдөн байцаалтын явцад хүлээн зөвшөөрсөн. Албан тушаалаа урвуулан ашиглаж авч буй авлигадаа бараа, бүтээгдэхүүн, үйлчилгээнээсээ шалгаалан тариф тогтоосон байсныг эх сурвалжууд нотолж байгаа юм. Тэд ингэж олсон мөнгөө хувааж авахаас гадна доод албан тушаалтнууддаа хувь хүртээх замаар хууль бус үйлдлээ бүлэглэн хийдэг байсныг мөн тогтоосон байдаг. Эх сурвалж “Э.Аззаяа, Н.Баярсайхан нарын авлигын мөнгө нь сейфэндээ багтахаа больсон тул иргэдийг хахуулийн мөнгөө юань, ам.доллараар өгөхийг шаардсан хэд хэдэн тохиолдол байсан. Энэ нь зөвхөн илэрсэн мөнгөн дүн бөгөөд үүний цаана хэчнээн сая, тэрбум төгрөг илрээгүй үлдсэнийг таах боломжгүй’’ гэсэн юм. Н.Баярсайханы өрөөнд хийсэн нэгжлэгийг АТГ-ынхан хэвлэлийнхэнд үзүүлсэн бөгөөд тэрбээр оймсондоо нэг боодол буюу 10 000 ам.доллар нуусан байсныг эд мөрийн баримтаар хураасан байдаг. Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Экспорт, Импорт, Хилийн хорио цээрийн хяналтын газрын дарга Э.Аззаяаг гэмт хэргийн улмаас олсон мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж Н.Баярсайханаас авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ. Харин хэлтсийн дарга Н.Баярсайханыг нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийг хясан боогдуулах аргаар үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүхээс 40 сая төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн ч өдгөөг хүртэл хэл ам дагуулсаар байгаа юм.
Л.Тулга
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин

URL:

Сэтгэгдэл бичих