Египетэд дахин хувьсгал гарах нь
Египетэд эмх замбараагүй байдлын үеэр гэмтэж бэртсэн хүний тоо 1500-аас давжээ. Өнгөрсөн долоо хоногийн баасан гарагийн мөргөлийн дараа жагсагчид засгийн газрын байгууллагуудыг эзлэхийг оролдож, шөнө нь татварын албаны байшинг шатаасан байна. Өнгөрсөн өдрүүдэд эсэргүүцлийн ажиллагаа Суэц, Александрия, Гиза хот руу хальжээ. Гэрчүүдийн хэлснээр, тус улсад болж буй үйл явдал шинэ хувьсгал гарахад ойрхон болсныг илтгэж байна.
Хувьсгал болсноос хойш нэг жилийн дараа жагсагчид дахин өөрчлөн шинэчлэлт хийхийг шаардаж байна. Египетийн нийслэлд эмх замбараагүй явдал намжаагүй, амь үрэгдэгсдийн тоо хэдэн арваар, шархдагсдын тоо мянгаар тоологдож байна.
Жагсагчид Цэргийн зөвлөлийг эрх мэдлээ иргэний эрх баригчдад шилжүүлэхийг уриалж байсан бол одоо түр удирдагчдыг баривчлан Тахрир талбайд цаазлахыг шаардаж байна. «Бид өөрсдийн хууль ёсны эрхээ авах хүртлээ тэмцэнэ. Өдөр бүр улам олон хүний амь эрсдэх болно, гэсэн ч бид тулалдсаар байх болно» гэж эсэргүүцлийн ажиллагаанд оролцогчдын нэг ярьжээ.
Жагсагчид тэмцлийн арга барилаа өөрчлөхгүй байгаа бөгөөд ДХЯ-ны байр руу дайран эзлэхийг оролдож, Египетийн татварын албаны байшинг галдан шатаасан байна. Хэв журам сахиулагчид жагсагчдыг зогсоохын тулд резинэн сум, бороохой, нулимс асгаруулагч хэрэглэжээ. Каирын эмнэлгүүдийн багтаамж хэтэрсэн хэдий ч түргэн тусламжийн машинууд ирсээр байна. Каираас гадна Гиза, Суэц, Александрия хотууд ч хүний амь үрэгдэж, хүмүүс олноороо гэмтэж шархаджээ.
Гудамжны тулаан өнгөрсөн долоо хоногт хөл бөмбөгийн Порт-Саид цэнгэлдэх хүрээлэнд гарсан олныг хамарсан зодооноос эхтэй юм. 70 гаруй хүний аминд хүрсэн зодоон цохионы үеэр цагдаагийнхан хөгжөөн дэмжигчдийг хамгаалж чадаагүй гэж жагсагчид үзэж байна.
Тус улсын Цэргийн зөвлөл мөрдөн шалгалт явуулж эхэлсэн бөгөөд мужуудын удирдлагуудыг улс орноос гарч явахыг хориглосон хэдий ч энэ нь хүмүүсийн хилэнг намжаасангүй. Эрх баригчдад итгэх итгэл бүрмөсөн алдагдлаа, ойрын өдрүүдэд египетчүүд бодитой өөрчлөлт гарахыг харахгүй бол дахин хувьсгал гарах нь гарцаагүй гэж жагсагчид ярьж байна.
З.Амгалан
Эх сурвалж: “Монцамэ”
URL: