Таксинд явж байхдаа хоёр хүүхдийн амийг аварчээ
Өчигдөр буюу лхагва гаригийн үүрээр энэ явдал болжээ. Хувиараа таксинд явж байсан иргэн “Туслаарай” гэж хашгирах дуунаар явж очиход монгол гэр шатаж байсан бөгөөд дотор нь 6-7 насны хоёр хүүхэд байсан аж. Тэрээр машинаар нь үйлчлүүлсэн өөр нэгэн иргэний хамт дотроосоо цоожтой гэрийн хаалгыг эвдэлж орон хоёр хүүхдийн амийг аварсан байна.
Баатарлаг үйл бүтээсэн таксины жолооч залуу сэтгүүлчдэд ийн ярьсан юм.
- Чингэлтэй дүүргийн 32-ын тойргоос гар өргөсөн хүнийг суулгаад гэр хорооллын гудамж дунд буулгах гээд зогссон. Мөнгөний хариултыг нь өгч байтал “Туслаарай” гээд нэг биш, нэлээн хэдэн хүүхэд уйлаад байгаа чимээ сонсогдсон. Үйлчлүүлж байсан хүн “Тэнд айл шатаж байна. Тооноор нь гал дүрэлзэж байна” гэсэн. Тэгээд бид хоёр шууд очоод гэрийн хаалгыг таттал цоожтой байсан. Хаалгыг эвдэн ороход 6, 7 орчим насны хоёр хүү шалдан уйлчихсан, хөө тортог болчихсон орилолдоод орон дээрээ зогсож байсан. Ээж нь ажилдаа явахдаа хүүхдүүдээ цоожлоод үлдээсэн гэсэн. Энэ хүүхдүүдийг эсэн мэнд гаргахсан гэхээс өөр зүйл бодогдоогүй. Гарч ирээд эрүүл саруул байгааг нь хараад үнэхээр их баярласан
Хоёр бяцхан хүүхдийн амийг аварсан энэ залуу өөрөө таван хүүхэдтэй нэгэн болохыг цагдаагийн албан хаагчид ярьж байлаа.
Tusgal.mn
URL: