Жижиг суудлын төлөөх том тулаан
Бүгд л дарга болох өвчнөөр халдварласан Монголын улс төрчид хуучин цагт бол аймгийн Засаг даргын сандал ширээг голдог байлаа. Эрх мэдэл багатай бас элдэв хэл ам ихтэй энэ суудалд дурлах хүн цөөхөн. Тэгвэл Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын суудал өндөр үнэ хүрч байна. Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэртэй холбоотой, тэндээс мөнгө босгох аргаа олж чаддаг хүн бүхэн энэ суудал руу зүтгэж, жижиг суудлны төлөө том дайн МАН-ын дарга нарын дунд өрнөв. Уг нь аймгийн Засаг даргыг Ерөнхий сайд томилох учиртай. Тэгвэл энэ хууль, гууль болон хувирч МАН-ын Удирдах зөвлөл аймгийн Засаг даргыг томилох асуудлыг хэлэлцлээ. МАН-ын томчууд Орхон аймгийн Засаг даргаар Сангийн сайд асан Ё.Баярсайханыг лоббидож, Орхоны Засаг даргаар томилуулах шийдвэр гаргажээ. Боловсролын сайд Ё.Отгонбаярын түлхээс, У.Хүрэлсүхийн татаасаар гарч ирсэн Ё.Баярсайханыг Эрдэнэтчүүд хэрхэн хүлээж авах нь л тодорхойгүй байна.
URL: