Ш.Сайхансамбуу: Эр хүмүүс байж ийм өчүүхэн зүйлээр шалчигнана гэж мэдсэнгүй

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу салаавчаа харуулжээ хэмээн сайтад мэдээлж, зургийг нь нийтэлжээ. Энэ талаар түүнээс тодруулсан юм.

-Та яагаад тэгж зүггүйтсэн юм бэ?

- Хүмүүс дургүйг нь хүргэхээр гарынхаа  хөдөлгөөнөөр дургүйцэж байгаа  илэрхийлж хариу үйлдэл хийдэг хэлбэр байдаг даа.   Жишээлбэл, оросууд салаавч гаргадаг бол монголчууд гараа зангидаад “чамайг даа” гэдэг. Европынхон бол дунд хуруугаа гонзойлгодог гээд л. Би яагаад салаавч гаргасан юм гэхээр өнгөрсөн тав дах өдөр шинэ сайдуудын томилгоотой холбоотой асуудал хэлэлцэж байсан юм.

Тэгээд чуулганы танхимаас гарч үүдэнд нь байдаг танхимд цай уугаад  суулаа л даа.  Нэлээд удаан чуулганы хуралдаанд суусан учир бие хөшөөд сунайж биеийнхээ чилээг гаргаж байсан юм. Нөгөө талын сандал дээр  УИХ-ын гишүүн Д.Балдан-Эрдэнэ, Д.Балдан-Очир хоёр толгойгоо нийлүүлчихсэн ч хууч хөөрөөд инээлдээд сууж байсан. Бодвол л намайг шоолж байсан юм байлгүй дээ. Тэгээд байж байтал УИХ-ын дэд дарга Н.Энхболд гарч ирэхээр нь би “Сайн байна уу” гээд гар бариад  хоёр, гурван үг сольж зогсох зуур Энхболдын ч утас дуугарсан. Тэгээд утсаар яриад цаашаа явангуут  УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ тэр хоёр намайг “Та дарга нарт мөн ч сайн тал засч долигнож үнэхээр чадах юм аа” гэхгүй юу. Би ч тоглож байна гэж бодоод “Миний ганц мэргэжлийн ажил аа” гэж цаашлуулсан юм.

Тэгээд байж байтал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан гараад ирдэг юм байна. Би бас л мэндлээд гар барьж мэндлээд л өнгөрөв. Тэгэхэд Б.Бат-Эрдэнэ гар утсаараа зураг дараад л байсан. Би ч санаанд ороогүй. Тэр хоёр моньд л намайг шоолоод “Дарга нарт яаж долигнодгоо үзүүл дээ, зургийг чинь даръя”  гэхээр нь “Май та хоёр гээд хоёр гараараа салаавч үзүүлсэн” хэрэг. Би ч ямар зураг аваад сайтад тавиад миний эсрэг мэдээлэл болгож ашиглана гэж яаж мэдэхэв дээ. Эр хүмүүс байж ийм өчүүхэн зүйлээр шалчигнана гэж мэдсэнгүй. Энэ хоёрын нэг нь надаас тав, нөгөөх нь дөрөв дүү. Насаар ах хүнийг, бас  парламентад мөр зэрэгцэн суугаа  нэг намын андууд  миний тэгж тоглоом шоглоом хийсэн зүйлийг утаснаасаа хуулаад сонин хэвлэлд тарааж ч байдаг. ҮҮнээс өөр хийх зүйл олдохгүй л байсан юм байх даа.

-Зурагчин л зургийг тань дарсан юм биш үү?

-Тэр үүдний өрөөнд юу гэж зурагчид байхав. Би бас хаана, юу хийхээ мэдэлгүй дээ. Тэнд ямар ч зурагчин байгаагүй. “Өнөөдөр”  сонины зурагчингийн дуранд ч өртсөн юм биш ээ. Тэр дотогш сэтгүүлч, сурвалжлагчийг нэвтрүүлдэггүй шүү дээ. Та нар мэдэж л байгаа. Б.Бат-Эрдэнэ гишүүн утсан дээрээ зургийг минь авсан. Түүнийгээ өгч гаргуулсан байна лээ. Энэ хоёрын хэн нь сэдэж хэвлэлд нийтэлье гэснийг нь мэдэхгүй байна. Б.Бат-Эрдэнэ аварга бол С.Баяр гээд том дарга нартай бүр тэвэрч аваад өргөж сүйд болж мэндчилдэг хүн шүү дээ. Тэгэхэд би намынхаа хоёр даргатай гар бариад таван үг солихоор долигносон болчих хэрэг үү.

-Та тэнд бүжиглээд байсан юм уу?
-Үгүй ээ. Сунайж биеийнхээ чилээг л гаргасан. Тэр танхим ямар бүжгийн заал биш  юу  гэж бүжиглэх юм бэ.

-Намынхаа хоёр андад гомдож байна уу?

-Гомдлоо энэ тэр гээд ч яахав дээ. Гэхдээ сайт дээр гаргасныг нь хараад дургүй л хүрч сууна даа.  Намайг л гутаах гэсэн юм байлгүй .

Монголчууд салаавч гаргахыг эвгүй хүлээж авдаг. Би Монголын ард түмэн рүүгээ ийм  үйлдэл гаргаагүй юм шүү. Сайт үзэж мэдээлэл авч байгаа залуустаа муухай үлгэр дуурайлал болох вий гэж  уучлал гуйж байна.

Ц.Баяр www.times.mn


URL:

Сэтгэгдэл бичих