“Лицензтэй улстөрч”-ийг нэрлэнэ
“Миний Монголын газар шороо” хөдөлгөөний тэргүүн Б.Болдбаатар гүйцэтгэх захирал Э.Бүрэнтөгс, Удирдах зөвлөлийн гишүүн н.Лхагвасүх нар өчигдөр сэтгүүлчдэд хандан мэдээлэл хийлээ. Тус хөдөлгөөнийхөн “бид “Оюу толгой”, “Таван толгой” зэрэг томоохон орд руу анхаарлаа хандуулаад бусад жижиг ордыг үл тоомсорлож байна. Жижиг ордуудыг хараа хяналтгүй орхигдуулснаар гадныханд хамаг баялгаа алдаж дуусах нь” гэв. Тэд Авлигатай тэмцэх газар, хууль хүчний байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа аж. Тиймээс УИХ-ын зарим гишүүд тодорхой лиценз эзэмшиж, аль нэг ордоос хувь авч байгаа болон ямар замаар хөрөнгөжсөнийг олон нийтэд ил тод зарлана гэдгээ ч хэвлэлийн хурлын үеэр онцолж байв.
2006 онд “Миний Монголын газар шороо” хөдөлгөөнийхөн тэмцэл хийсний эцэст хувь хүний нэр дээр байсан Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг улсын өмч болгосон удаатай. Гэтэл одоо энэхүү Төмөртэйн орд нь Хятад улсын иргэн Луй Шо Минь гэгч этгээдийн гарт орсон байна. Луй Шо Минь нь Төмөртэй орд бол миний хувийн өмч хувьдаа авах хүсэлтэй” гэдгээ мэдэгдэн Монгол Улсыг ОУ-ын шүүхэд өгөөд байгаа аж. Тус этгээд нь Төмөртэй ордыг хувьдаа эзэмшээд зогсохгүй Хустайн ордоос 10 мянган тонн төмрийг Хятадын хил рүү хууль бусаар дамжуулан гаргасан гэх баттай мэдээлэл байгаа аж. Энэ мэт хууль бус үйлдэлд Монголын төр хяналт шалгалт хийн, арга хэмжээ авахгүй байгаа нь тэднийг хэвлэлийнхэнд хандах гол шалтгаан болсон байна. Мөн үүнтэй холбоотойгоор төр баригчдын булхайг илчилсэн “Лицензтэй улстөрч” цуврал нэвтрүүлгээ ирэх долоо хоногоос TV5 телевизээр цацахаар бэлтгээд байгаа байна.
URL: