Хятадад нүүрсний томоохон ложистик, бааз байгуулж эхэлжээ

5126

Хятадын Шандун мужид коксжих нүүрс нөөцлөх, хуваарилах анхны томоохон бааз байгуулах шав тавьжээ.

Энэхүү баазыг коксжих нүүрсний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг  тус улсын 6 компани хөрөнгө оруулж хамтран байгуулж байна. Тэдгээрийн дотор Шанси мужид коксжих нүүрсний олборлолт явуулдаг “Синмин”, төмөрлөгийн үйлдвэрлэлийн “Шэнлун” корпораци багтаж байгаа юм.

Хятадын өмнөд далайн Рижао боомт дахь тус баазыг байгуулахад нийт 1 тэрбум юанийн хөрөнгө оруулж буй тухай “Синмин” корпорацийн захирал Ван Маошэн мэдэгджээ. Уг баазад жилд 10 сая тонн коксжих нүүрс нөөцөлж, эндээс зүүн, зүүн хойд бүс нутаг болон Шандун мужийн гангийн үйлдвэрүүд рүү хуваарилж нийлүүлэх аж. Барилгын ажлыг 2020 онд дуусгаж ашиглалтад оруулах юм байна.

Хятадын нүүрсний ложистикийг хөгжүүлэх төрийн бодлогын зорилтоор нүүрс нөөцлөх, хуваарилах 11 бааз болон бүтэн жилийн турш үйл ажиллагаа явуулах нүүрсний  ложистикийн 30 төв байгуулахаар төлөвлөж байгаа тухай тус улсын Хөгжил, шинэтгэлийн хорооноос мэдээлжээ.

Рижао нь Хятадын коксжих нүүрсний транзит тээврийн томоохон боомт бөгөөд баруун, зүүн хязгаар нутгийн нүүрсний нийлүүлэлтийг хуваарилдаг далайн чухал гарц юм.

Г.ОД


URL:

Сэтгэгдэл бичих