Миний царай муутай эхнэр /Бодит амьдралаас сэдэвлэв/

411

Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би.

Арван хэдэн насанд сэтгэл гижигдэн, хорин хэдэн насанд шувуу шиг нисгэж, 40 хэвийгээд ирэхээр хүндлэл болон хувирдаг хайрыг хүн бүр өөр өөрийнхөөрөө илэрхийлж бас хүлээж авдаг. Миний хувьд шувуу шиг дүүлэн нисэх цаг хэдийнэ өнгөрсөн. Эрчүүдийн нүдэнд төдийлөн өртөхөөргүй царай муутай жижигхэн бор хүүхэн миний эхнэр. Эрээ цээргүй ингэж хэлснийг минь өршөөгөөрэй. “Царай муутай…” ингэж хүүхэд шуухад, хөгшин хөвөөгүй шивнэлддэгийг тэр минь зүрх сэтгэлээрээ мэдэрдэг юм. Яагаад сонсох биш мэдэрдэг юм гэж үү? Хань минь миний агсамнан хашигчихыг бүү хэл шувуудын жиргээ, усны урсгал, уянгалаг бүхнийг сонсох хувьгүй хүн. Арван хуруугаараа хэл хийж, амьтны ааш аягийг нүүрнийх нь хувирлаар төсөөлдөг дөө.

Бүтэн заяагүй бүсгүй хүнд аархал омгоо гаргалаа гэж бодож байна уу? Тийм үе байсаан, байсан. Харин одоо бол үгүй. Хоёр хөөрхөн хүүгээ дагуулаад хорвоогийн нарыг өдөр бүр баяртайгаар тосдог болсон доо, энэ жижигхэн бор бүсгүйн ачаар.

Хэдэн арван жилийн өмнө би гэдэг хүн тамтаггүй архичин байлаа. Аймгийн арслан хүн ингэж явах ч гэж дээ гэж аав ээж минь үглэнэ. “Бөхийн нэр гутааж, дэвжээ бузарлах нь. Хаа таарсан газраа унаж тусан хүний дэвсгэр болсон чи, ахиж зодоглохгүй байвал таарна” гэж аавын байдгаараа хашгирч байсан нь одоо ч чихэнд сонсогддог юм. Шилтэй шингэнд толгойгоо мэдүүлэхээс өмнө бие хаа, үс зүс, хүч чадал тэнцсэн сайхан бөх явсан даа, би. Арслаан… гэж тал засах залуус, ааль дэвсэн нүд талимаарах хүүхнүүдийн задалсан архи, өргөсөн хундаганы ард гарсаар нэг л мэдэхэд жолоогоо алдсан байсан юм даа.

Аймгийн “Арслан” цолоороо аархаж, үс зүсний сайханд задарч явахад минь гоо бүсгүйчүүд олон байсансан. Нүүр дүүрэн сэвхтэй, шодон гэзэгтэй, жижигхэн биетэй шаазгай шиг бүсгүй амьдралыг минь гийгүүлэх чинээ санасангүй явж дээ, би. Өмнөөс ирж яваа найз минь зам буруулан зугтаж, өрөвдөл зэмлэл, үзэн ядсан харцанд ээрэгдэж явсан цаг. Хаалгаа тайлж өгөх айл амьтан ховордсоор л…

Сэтгэлийн тэнхээгүй амьтан бол доо би. Бөх хүний ёс жудаг, нэр хүндийг уландаа гишигсэндээ гэмшин, зүрх сэтгэл минь үйрэх шиг болдог байж билээ. Архины бөглөө мултах шалтаг шатгаан энэ болдог байсан байж магад. Сэтгэл толгой хоёроо татах тэнхэлгүй явахад эхнэр маань надад тусалсан юм.

Хаа байгаа газарт минь хүрээд ирнэ. Хоёр алгаа алдлаад дараа нь зүрхэн дээрээ аваачна. Тэгснээ долоовор хуруугаа гозойлгон, толгойгоо сэгсэрнэ. Өөр олон зүйл хуруугаараа ярина. Гэвч хүний урманд ганц ч үг ойлгохгүй, дэмий л дагаад явдаг байлаа. Орох оронгүй шахуу надад хоног төөрүүлэх сайхан боломж. Хичнээн ч удаа гудамжинд ухаанаа таслаж унав даа. Тэр бүрт жаахан бүсгүй суганыхаа махыг цочтол намайг чирдэг байсан даа. Нэг л мэдэхэд бид айл боллоо. “Овоо доо…” гэх хүн байхад, “Таарсан хоёр…” гэж элэг доог хийх нь ч байлаа. Гэртэй, гэргийтэй болсон ч би уусан хэвээр. Агсам согтуу тавина, ангаахай үрээ айлгана. Маргааш нь юу болсныг эхнэр маань надад ярьж өгнө. Яг л аймшгийн кино үзэж байгаа шиг сэтгэгдэл төрдөг байж билээ. Учир нь миний гаргасан уйваагүй үйлдлийг үглэж биш дүрсэлж хэлнэ. Эхнэр маань нүүрээ үрчийлгэнэ, нүдээ бүлтийлгэнэ, амаа дарвайлгана, бүр нударга зангидан сандал ширээ нүдэж үзүүлдэг байлаа. Эцэст нь хүүгээ очиж тэврээд бөмбөртөл уйлна.

Нэг л өглөө би эхнэр хүүхдээсээ дутахгүй уйллаа. Ууж согтсондоо биш, ухаарч ойлгосных… “Хөөрхий дөө ядарсан бүсгүй хүн, ингэж үйлийг нь үзэх гэж… “Би чамд хайртай гэдгээ хэлж чаддаггүй байсан. Яагаад гэвэл чи олон сайхан хүүхнүүдтэй уулзаж үерхдэг байсан болохоор. Одоо тэдний хэн нь ч алга. Харин би хэзээ ч чамайг орхихгүй. Яагаад гэвэл би чамд хязгааргүй хайртай” гэж хөөрхөн гэгч нь дохиж зангаад чадлаараа үүрч дүүрэн гулдчидаг сайхан сэтгэл, энхрий дүрийг нь яаж мартаж чадав аа. Түүний минь нүд нүүрнээс уур хилэн арилхаа байгаад удсан байна. Хайртын минь дүр төрх энэ биш. Угтаа би ханиасаа өөрийгөө олж харлаа. Уйлж өнжсөний маргааш нь архи уухаа больсон юм даа. Чадахаа больсондоо биш сэтгэл хүрээгүй хэрэг.

Аав ээж, анд нөхөд, хэлтэй хөлтэй хэн бүхэн хориглож дийлээгүй хар хорыг тэр минь л дийлсэн юм. Агуу хайр, уйгагүй зүтгэлээрээ… Би амьдралаа шинээр эхэлж чадсаан. Дэрсхэн хоёр хүү маань аавыгаа дуурайн ханайгаад л … харин хань минь улам л жижигрэх шиг санагдана. Хааяахан би эхнэрээ хүүхдээс ялгаагүй өргөж, хүзүүн дээрээ суулгаж эрхлүүлдэг юм. Эрхэм хүнд минь ийм эрх бий. Өргөх тоолонд эв хавгүй дуу гарган хоёр гараа савчуулна. Анх харсан хүн жийрхэж магадгүй л дээ. Харин надад аз жаргалтайгаар цангинан инээх шиг сонсогддог юм.

Олон арван хүн нэг л өдөр архинаас гарчихсан нууцыг минь одоо хэр нь асуудаг. Үнэндээ би өөрөө ч хэлж мэдэхгүй нь. Магадгүй энэ хайрын увидас байх. Яагаад гэвэл эхнэрийн маань “Би чамд хайртай. Тийм болохоор хэзээ ч чамайг орхихгүй” гэж гараа алдлан зүрхэн дээрээ тавих хөөрхөн дүр нь одоо хэр нь нүдэнд харагддаг юм. Миний шинэ амьдрал эндээс л эхэлсэн. Ер бусын хайраас …

Бодит амьдралаас сэдэвлэв.
Зохиогч: Бямбаавал Нарангэрэл

ГОЁ өгүүллэг, тууж, роман – хуудаснаас…


URL:

Сэтгэгдэл бичих