ЗАСГИЙН ГАЗАР: Мах, ногооны үнийг тогтворжуулна

304

Засгийн газрын өнөөдрийн /2019.05.22/ хуралдаан өндөрлөлөө. Хуралдаанаар хүн амын хүнсний гол нэр төрлийн бүтээгдэхүүний хангамж, үнийн төвшинг тогтвортой байлгах асуудлыг хэлэлцэн, холбогдох журам гаргахаар шийдвэрлэсэн байна.

Мах, ногооны үнийг тогтворжуулна

Энэ жилийн шинэ махтай золгох хүртэлх хугацааны махны хангамжийг тогтвортой байлгах үүднээс Засгийн газраас дөрөвдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нөөцийн махыг худалдаалж нийт нөөцийнхөө 49 хувийг нь борлуулаад байгаа аж. Нөөцийн мах нь зах зээл дээрх махны үнээс 15-40 орчим хувиар хямд байсан бөгөөд 127 худалдааны цэгээр дамжуулан борлуулжээ.

 Махны хомсдол үүсэхэд дулааны аргаар мах боловсруулж, экспортолдог үйлдвэрүүд түүхий эдээ “Хүчит шонхор” захаас авч байсан нь зах зээлийн тэнцвэртэй байдал алдагдахад нөлөөлсөн болохыг салбарын сайд хэлж байлаа. Үүнийг таслан зогсоож Хятад Улс руу экспортолж байгаа дулааны аргаар мах боловсруулж буй аж ахуйн нэгжүүд итгэмжлэгдсэн мах боловсруулах үйлдвэрүүдээс түүхий эдээ бэлтгэх үүргээ биелүүлэхийг Засгийн газраас шаардахаар болжээ.

Мөн дулааны аргаар мах экспортлох хэмжээнд квот тогтоож тухайн жилийн малын өсөлт, махны нийлүүлэлтийн хүртээмжээс хамааран жил бүр шийдвэр гаргаж байхаар Засгийн газраас шийдвэрлэсэн байна. Журмаар мах экспортлож байгаа аж ахуйн нэгжүүд нийт мах бэлтгэлийнхээ 10 хувийг дотоодын зах зээлд нийлүүлэх шаардлага тавих юм байна. Ингэснээр дотоодын зах зээлийн тогтвортой байдал хангагдана гэж үзжээ. Түүнчлэн нөөцийн маханд анхаарч ирэх онд 15 мянгаас доошгүй тонн махыг нөөцөнд бэлтгэхээр төлөвлөсөн байна. 2018 онд гурван компани 4000 тонн мах нөөцөлж байжээ.

 Шинэ ургацын гурил бэлтгэх хүртэлх гурилын нөөц хангалттай бий

 ХХААХҮЯ-ны судалгаагаар одоогийн байдлаар 100 гаруй мянган тонн гурил үйлдвэрлэх түүхий эд болон гурил үйлдвэрүүдэд байна. Энэ нь шинэ ургацын гурилтай золгох хүртэлх хугацаанд гурилынхаа хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах боломжтой гэсэн үзүүлэлт юм байна. Гурилын үнэ ч тогтвортой байгаа бөгөөд өнгөрсөн жилийнхээс дээд гурилын үнэ 28 төгрөгөөр нэмэгдсэн бол нэгдүгээр гурилын үнэ буурсан байна.

Төмс, хүнсний ногооны нийлүүлэлт тогтвортой байна

 Монгол Улс өнгөрсөн жилийн ургацаас төмсний хэрэгцээгээ бүрэн хангах нөөц хураан авсан байна. Харин хүнсний ногооны 47 хувийг хангах нөөц бүрдүүлжээ. Одоогийн байдлаар худалдаанд нийлүүлэх хүнсний ногооны үнэ тогтвортой байгааг ХХААХҮ-ийн сайд Ч.Улаан танилцуулав.


URL:

Сэтгэгдэл бичих