Б.Чулуунтамир: Хулгайн хэрэгт холбогдсон хүмүүсийн гадаад паспорт дээр тэмдэглэгээ хийхээр ярьж байна
Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн чиглэлийн ахлах мэргэжилтэн, дэд хурандаа Б.Чулуунтамираас зарим зүйлийг тодрууллаа.
-Сүүлийн үед монгол чууд гадаадад хулгай хийх нь ихэссэн гэв үү?
-Өнгөрсөн оны статистикаар гадаад улсад манай улсын нийт 349 хүн гэмт хэрэгт холбогдсон.Европын холбооны улс болон Солонгос, Япон зэрэг Зүүн өмнөд Азийн орнууд “Хувь хүний нууцлал” гэсэн хуулийн зохицуулалттай байдаг. Тэрхүү хуулиар тухайн хун манай улсын консулд гэмт хэрэг үйлдсэнээ мэдэгдье гэвэл мэдэгдэнэ. Мэдэгдэхгүй гэвэл нууцыг чандлан хадгална гэсэн үг.
Тэгэхээр манай улсын консулд мэдэгддэггүй олон хүн байгаа гэсэн үг. Тухайлбал, Солонгос улсад манай улсын 26 хүн гэмт хэрэгт холбогдсон. Гэтэл өнгөрсөн оны сүүлийн статистикийг харахад Солонгост манай улсын 1,021 хүн гэмт хэрэгт холбогдсон байдаг. Дээрх 26 хүн бол өөрсдөө хүсэлт гаргаж, улсынхаа консулд хандсан тохиолдол юм.
Эдгээр нийт гэмт хэргийн 67 хувийг хулгайн гэмт хэрэг эзэлдэг гэсэн үзүүлэлт бий. Дунджаар 40-60 мянган манай улсын иргэн гадаад улсад гэмт хэрэгт үйлддэг юм билээ. Үүний 75 орчим хувь нь хулгайн гэмт хэрэг юм.
-Гадаадад хулгайн гэмт хэрэг үйлдээд байгаагийн гол шалтгаан нь юу вэ?
-Саяхан Тайландын эзэн хааны ордонд манай улсын гурван иргэн халаасны хулгайн гэмт хэрэгт холбогдсон. Өөрөөр хэлбэл, бусдын эд зүйлийг хулгайлж байгаад баригдсан тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь шинэ зүйл биш. Зүүн өмнөд Азид Монголын халаасны хулгайчид бөөнөөрөө очиж, хотоос хот хооронд дамжиж байдаг юм билээ. Бүлэглэж, хулгайлсан эд зүйлээ Монгол руу явуулдаг. Сүлжээ үүсчихсэн.
Гадаадаас хулгайн эд зүйлээ Монгол руу ачуулж, энд зардаг дэлгүүрүүд бэлэн байдаг гэж хэлж болно. Хамгийн гол нь манай улсад брэндийн гэх тодотголтой зарим хувцас, эд зүйл хямд байх тохиолдол бий. Ийм арга барилаар яваад сурчихсан байна.
Сүүлийн үед Хятадад манай улсын иргэд хулгайн гэмт хэрэг үйлдэх нь их болсон. Бээжин, Шанхайн дэлгүүрүүдийн брэнд хувцаснуудыг хулгайлах нь ихэссэн. Манай улс руу хулгайн барааг бөөнөөрөө ачуулдаг бүлэглэл байна. Үүнийг шийдвэрлэхийн тулд асуудлыг хэлэлцэж байгаа.
-Манай улсын хууль хяналтын байгууллагынхан үүнийг мэдсээр байж, яагаад арга хэмжээ авдаггүй юм бэ?
-Монголд гэмт хэрэгт холбогдож, хяналтад байдаг хүмүүс гадаадад хулгай хийдэг. Тэднийг гадаад улс руу гараад явахаар хяналт тавих боломжгүй болдог. Манайх олон улсын эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх гэрээний дагуу гадаад улсад гүйцэтгэх ажил, мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг. Гэвч гадаад улсад үйлдэгдсэн гэмт хэргийг тухайн улс мөрдөн шалгаж шийдвэрлэнэ.
Орост болсон хөлбөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний үеэр дөрвөн монгол иргэн халаасны хулгайн гэмт хэргээр баривчлагдсан. Ингэхэд манай улс руу тэдгээр дөрвөн залуу гэж зураг, мэдээллийг нь явуулсан. Ингээд мэдэгдэж, хулгайч гэж баривчилсан. Ийм байдлаар зарим улстай хамтран ажилладаг.
Хятадад тухайн гэмт хэргийн хохирлын хэмжээнээс шалтгаалж, зургаан cap баривчлах, арван таван жил баривчлах ялаар шийтгэх хуулийн зохицуулалттай юм билээ. Мөн гэмт хэргийн үйлдлээс хамаарч, бүх насаар нь хорих ялаар шийтгэдэг юм байна лээ.
Гадаад улсад манай улсын нэр хүнд асар ихээр унаж байна. Гадаад оронд манай улсын иргэд үйлдэж буй нийт гэмт хэргийн 80 хувь нь танхай, хулгай юм. Хулгай хийж олсон мөнгөөрөө архи, согтууруулах ундаа хэрэглэж, маргалддаг. Энэ нь маш их хор нөлөө дагуулж байна.
Үүнд Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газар болон төрийн байгууллагууд хэрхэн, яаж ажиллах вэ гэдэгт дүгнэлт хийж, харилцан ажиллаж байна. Энэ сарын 19-нд Улсын ерөнхий прокурорын газар, Гадаад харилцааны яам, Цагдаагийн ерөнхий газрын төлөөллүүд нийлж, зөвлөгөөн зохион явуулсан. Гадаад улсад иргэдийнхээ гадаад паспорт дээр гэмт хэрэгт холбогдсон гэсэн тэмдэглэгээ хийдэг. Мөн зарим улсад гадаад руу зорчих эрхийг нь хязгаарладаг. Манай улсад зохицуулалт алга.
Иймээс хулгайлах гэмт хэрэгт холбогдсон хүмүүсийн гадаад паспорт дээр тэмдэглэгээ хийлгэдэг болъё гэж ярьсан. Гадаад улсад гэмт хэрэгт холбогдсон хүмүүс, улсдаа ирээд гэмт хэрэг үйлдэх тохиолдол бий. Иймээс дорвитой арга хэмжээ авах цаг нь болсон юм.
Б.УРАН, ӨНӨӨДӨР СОНИН
URL: