Б.Эрдэнэбат: Дүүг минь эрүүл саруул гэж цэрэгт татчихаад одоо ачааллаа даалгүй зүрх нь зогссон гэж байна
Дорноговь аймгийн Зүүнбаянд байрлах, хурандаа Д.Өлзийбаяр ахлагчтай 336 дугаар ангид алба хааж байсан хугацаат цэргийн алба хаагч нэгдүгээр сарын 22-ны өдөр амиа алдсан харамсалтай хэрэг гарсан. Талийгаач Б.Алтантулга нь ЕБС-иа төгсөөд өөрийн хүсэлтээр цэргийн албанд татагдсан ч 19-хэн насандаа харамсалтайгаар нас барсан юм. Цэргийн албаа нэр төртэйгээр хааж ирчихээд үргэлжлүүлэн сурна, сайхан амьдрана гэх гэгээн мөрөөдөл тээж явсан дүү нь өнөөдөр Монгол цэргийн баярын өдрөөр тангараг нэгт нөхдийнхөө жагсаал дунд байхгүй, энэ хорвоогоос бүр мөсөн явчихсан гэдэгт одоо ч гэсэн итгэж чадахгүй байгаа тухайгаа түүний төрсөн ах Б.Эрдэнэбат нь ярилаа.
Тэрбээр, өчигдрөөс эхлэн энх цагт цэргийн албаа хааж байгаад харамсалтайгаар амиа алдсан дүүгийнхээ амийг нэхэж, Батлан хамгаалах яамны гадна суулт хийж байгаа юм.
-Батлан хамгаалах яамны үүдэнд суулт хийгээд багагүй хугацаа өнгөрлөө. Яамны удирдлагууд та бүхнийг хүлээж авч уулзсан уу?
-Үгүй ээ. Хүлээн авч уулзах байтугай өргөдлийн минь хариуг ч өгөхгүй байна. Бид нар хариугаа бичгээр авах хүсэлт тавьсан.
-Хэзээ, ямар өргөдөл өгсөн вэ?
-Хоёрдугаар сарын 15-нд өргөдөл өгсөн ч одоо болтол хариугаа авч чадаагүй л байна. Өргөдөлдөө нэгдүгээрт, дүүгийн минь хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөхийг хүссэн. Хоёрдугаарт, энэ цэрэг армиа шинэчилж, цэргийн албанд татагдаж байгаа залуучуудынхаа амь нас, эрүүл мэндийг баталгаатай болгохыг, гуравдугаарт, өнчирч хоцроод байгаа эхийнх нь сэтгэл санааны хохирлыг төлж өгөх ёстой гэсэн хүсэлтүүдийг тавьсан.
-Хэр удаан суулт хийх вэ?
-Батлан хамгаалах яамны сайдыг хүлээж автал сууя гэж бодож байна.
-Шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт гарсан уу. Юу гэж гарсан бэ?
-Шүүх эмнэлгийн шинжилгээний дүн хоёр удаа гарсан. Эхнийх дээр гаднаа ил шарх, сорвигүй, гадны нөлөөгүй” гэж гарсан. Тэрийг бид хүлээн зөвшөөрөөгүй учраас дахиж шинжилгээ хийсэн. Хоёр дахь дүгнэлт дээр “Ачааллаа даахгүй, зүрх нь зогссон” гэж гарсан. Бид нар санал нийлэхгүй байгаа.
-Өвчний улмаас амиа алдсан гэсэн хариу гарсан гэсэн мэдээлэл яваад байсан. Танай дүүд ямар нэгэн суурь өвчин байсан уу?
-Тийм юм байхгүй ээ. Манай дүү хэдэн километр гүйгээд, цохиулахад үхчихээр туниа муутай хүүхэд биш. Багаасаа гүйлт, гимнастик, бүжгээр хичээллэж байсан. Амьсгаа нь задарчихсан хүүхэд. Бүр жүдо бөхөөр хичээллэдэг, биеийн хөгжил сайтай. Хэрэв ийм биш байсан бол анх цэргийн албанд татагдах биеийн үзлэгээр мэдэгдэнэ шүү дээ. Эрүүл мэнд, нарийн шинжилгээгээр ороход бүх зүйл нь эрүүл чийрэг, биеийн хөгжил сайтай гэж тодорхойлогдон тэнцээд л цэрэгт явсан.
-336 дугаар ангийн зүгээс тухайн үед болсон процессийн талаар та бүхэнд ямар тайлбар өгсөн бэ?
-Нас барлаа гэдэг мэдээг бид нар нэгдүгээр сарын 22-нд 18.00 цагт сонсоод ах дүү хамаатан садан нь Эрдэнэт, Багануур, Улаанбаатараас гарцгаасан. Шөнөжингөө давхиад өглөө 05.40 цагт очсон. Бид нар замдаа Дорноговийн цагдаагийн хэлтсийн даргатай яриад бид нарыг очтол битгий задлан хийгээрэй гэж хэлсэн. Гэтэл бид нарыг очиход шөнө дунд задлан хийчихсэн байсан. Тэгээд л хуурамч дүгнэлтээ гаргачихсан. Биднийг үүрийн таван цагийн үед очиход биднээс шууд байцаалт авсан. Үүнийхээ дараа талийгаачийн цогцсыг харахыг зөвшөөрсөн юм. Тэгэхэд нуруу хэсгээрээ битүү цус хуралттай, уруул нь дотроо язарч, гарны бугуй нь зулгарч, хөлийн дотор талын эрээн булчин хөхөрчихсөн байсан. Бас нурууны хэсэгт жижиг жижиг зүсэлттэй байсан нь ажиглагдсан.
Т.Гэрэл
URL: