Хавдартай хүүд донор болох эсэхээ шалгуулахаар 5,000 хүн цугларчээ
Английн нийслэл Лондон хотноо амьдардаг залуу хос Жэми Ли, Оливиа Сакселби нарын таван настай бяцхан хүү Оскар нь ховор төрлийн цусны цагаан эсийн хорт хавдартай болохыг өнгөрсөн арванхоёрдугаар сард мэджээ. Энэ маш ховор тохиолддог төдийгүй, богино хугацаанд үхэлд хүргэх аюулт өвчин аж. Оскар хүү дөрвөн долоо хоногийн турш химийн эмчилгээ хийлгэсэн ч биеийн байдал нь хараахан сайжраагүй тул эмч нар түүнд гурван сарын дотор үүдэл эс шилжүүлэн суулгах мэс засал хийлгэх шаардлагатай болохыг эцэг эхэд нь мэдэгдсэн байна. Эцэг эх нь хүүгийнхээ сурдаг бага сургуульд хүүгээ ийм өвчтэй болсныг мэдэгдэж, хичээлээс нь чөлөөлөхийг хүсчээ.
Харин сургуулийн захиргаа хүүд донор олж өгч, хүүгийн эмчилгээний зардалд хандив цуглуулахаар хоёрдугаар сард цахим сүлжээнд хандивын хуудас нээсэн байна. Хүүгийн эмчилгээнд 5,000 паунд шаардлагатай байсан ч хандивын дансанд 8,600 паунд цугларсан байв. Үүний дараа хүүгийн эцэг эх болон сургуулийн захиргаа, Цусны хорт хавдартай өвчтөнүүдэд донор олж өгөх зорилготой DKSM олон улсын байгууллагатай хамтран донор болох хүсэлтэй хүмүүсийг цуглуулах арга хэмжээг зохион байгуулжээ.
17-55 насны донор болох боломжтой хэн бүхнийг сайн дураараа хүрэлцэн ирэхийг урьсан ба Оскар хүүгийн сурдаг бага сургуулийн гадна талбайд болсон уг арга хэмжээнд Бямба гаригийн /2019.03.09/ өглөөгүүр 200 орчим хүн ирсэн байв. Эхний өдрийн арга хэмжээ өндөрлөхөд 1,800 гаруй хүн донор болох боломжтой эсэхээ шалгуулахаар ирсэн байжээ. Үйл ажиллагаа хоёр дахь өдрөө үргэлжилж дуусахад хоёр өдрийн үйл ажиллагаанд нийтдээ 5,000 орчим хүн бүртгүүлсэн байсан ба хүйтэн бороо, цаг агаарын тааламжгүй нөхцөл байдлыг үл ажран дараалал үүсгэн зогсож, хүүд донор болж чадах эсэхээ шалгуулсан байна.
Мөн тэднээс гадна 1,000 гаруй хүн цахимаар бүртгүүлсэн байгаа ажээ. “Өмнө нь хэзээ ч ийм их хүн сайн дураараа ирж, донорын үйл ажиллагаанд оролцож байгаагүй. Хамгийн ихдээ 2,000 гаруй хүн бүртгэгдэж байсан. Гэтэл энэ удаад хоёрхон хоногийн дотор ийм олон хүн ирсэн нь үнэхээр гайхалтай сайхан үйл явдал байлаа” хэмээн DKMS байгууллагын сайн дурын ажилтан хэлжээ. Энэ төрлийн өвчтэй хүнд тохирох донор маш ховор байдаг ба дээрх хүмүүсээс хүүд донор болох боломжтой хүн байхгүй байж болох учир үйл ажиллагааг цаашид үргэлжлүүлэх юм байна.
Эх сурвалж: NYTIMES
URL: