Эргэлзэх зүйлгүйгээр импортлогчдоос татгалзъя

Шатахуун гэх үг манай орны хувьд эмзэг сэдэв нь болсон. Импортоор шатахуун оруулж ирдэг хэдхэн монопол нөхөд хэнд ч дийлдэшгүй гэдгээ сая болсон үнэ нэмэлтээр дахин харуулаад авлаа.

Ёстой нөгөө алтан загасны эмгэн шиг даварсаар байгаа импортлогчдын увайгүй занг сая нэг юм таслан зогсоох эхний арга хэмжээг авч эхлэв бололтой. Вальютын ханшын өссөлтөн дээр дөрөөлөн амандаа багтсан тоогоор шатахууныхаа үнийг нэмчихсэн тэднийг урьд оны орлогынх нь тодорхой хувиар буюу 10 орчим тэрбум төгрөгөөр торгох шийдвэр гаргасан ч илүү дорвитой арга хэмжээ авахгүй бол торгуулсан хэдэн төгрөгөө олоод авчих сүүхээтэй нөхөд шүү тэд.

Урд хөршид шатахууны хомсдол үүссэн, вальютын төгрөгтэй харьцах ханш өссөн гээд тэдэнд үнээ нэмэх арга мундахгүй. Энэ удаад ч тэд вальютын ханшинд буруу өгч Монголбанкыг буруутгасан боловч мөн л далим байсныг холбогдох байгууллагууд шалгаад баталчихлаа. Тиймээс үгсэн хуйвалдаж шатахууны үнийг хөөрөгдсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөд сууж байсан Газрын тосны газрын дарга, орлогч ажлаасаа чөлөөлөгдөж байна.

Шатахууны үнэ нэмэгдэх бүр Засгийн газраас толгойг нь илж олон янзын хөнгөлөлт үзүүлдэг импортлогчид энэ удаад ч мөн төрийн ивээлийг хүлээж суусан байлгүй. Өнгөрсөн онд Засгийн газрын хуралдаанаар Сүхбаатар, Замын-Үүд, Эрээнцав, Алтанбулаг боомтоор оруулж ирж байгаа нэг тонн А-80 автобензинд 80 мянга, АИ-92-д 100 мянган төгрөгийн татвар оногдуулж байсныг тэглэсэн. Харамсалтай нь өсөх болохоороо 100-500 төгрөгөөр ямар ч саадгүй нэмэгдчихдэг шатахууны үнэ татвар тэглэгдсэнээр өссөн шигээ буурсан билүү. Тэгэхээр нэгэнт монопол болчихсон эдгээр импортлогчдоос огтхон ч эргэлзэлгүй татгалзах цаг болжээ.

Шатахуун импортлох эрхийг нь Засгийн газар гартаа авчихвал бензины үнийг одоогийнх шиг нүд орой дээр гарч иргэдийг элгээр нь мөлхүүлэх хэмжээнд хүргэчихгүй гэдэгт итгэлтэй байна. Харин түгээлтийг тендер зарлах журмаар явуулбал одоо үүсээнд байгаа шиг олон асуудал толгой өвтгөхгүй байх боломжтой гэж зарим албан тушаалтнууд үзэж байна. Тэгэхээр Засгийн газар шатахууны импортын асуудлыг дариухан шийдэж даварсан нөхдөд төмөр нүүрээ үзүүлэх цаг нэгэнт болжээ.

Э.Майцэцэг


URL:

Сэтгэгдэл бичих