Эротик уур амьсгалгүй, үзэгчдийг хөгжөөх зорилгоор л тайчсан
Инээдмийн болон бусад кинонд чадварлаг тоглодог, авьяаслаг, тааварлашгүй жүжигчин Сандра Баллоктой хийсэн ярилцлагыг орчуулан хүргэе.
-Өнгөрсөн жилүүдэд танд эерэг, сөрөг олон үйл явдал тохиолоо. Оскар, салалт, хүүхэд өргөж авсан гээд л. Ийм эрчимтэй өөрчлөлтөд бэлэн байсан уу?
-Мэдээж. Би юунд ч баталгаа байхгүй гэдэгт итгэдэг. Амьдрал урьдаас төлөвлөгдсөн хөтөлбөрөөр явдаггүй, үргэлж хувьсан өөрчлөгддөг. Тиймээс амьдралд тохиох бүхий л зүйлд бэлэн байх хэрэгтэй.
-Урьдчилж таамаглахын аргагүй зүйл танд түгшүүр төрүүлдэг үү?
-Би муу юм болно гэж боддоггүй, амьдрал урагшилж байгааг л хардаг. Өөдрөг үзэлтэн. Амьдралын эрээн бараан үе цагаанаар солигддог, цагаан нь мөнх үргэлжлэхгүйг мэддэг. Бүх зүйл таамаглахын аргагүй гэдгийг миний амьдрал батална. Олон жилийн өмнөөс хянаж болохгүй зүйлийг зохицуулахаа больсон. Би зөвхөн цаг үедээ л тааруулан сонголт хийдэг. Жүжигчний хувьд зураг авахуулах төсөл, амьдралдаа оруулах эрчүүд гээд л. Харин одоо хянаж, зохицуулалгүй, сонгодог болсон.
Явдаг байшинтай /дугуйтай, чиргүүл маягийн гэр орон/ нэгээс нөгөө рүү нүүж амьдардаг хүмүүст би бага зэрэг атаархдаг шүү. Тэд нийгмийн өмнө хүлээх үүрэг, хариуцлагаа ямар нэгэн хэмжээгээр үгүйсгэдэг бөгөөд амьдралын өөрчлөлтөд зохицон оршдог. Харин миний хувьд Америкийн “стиль лайф” буюу амьдралын хэв маяг холилдсон. Хөрөнгөө хуримтлуулах, ипотек дарах, 30 жилийн урьдаас төлөвлөх гээд л.
-45 настайдаа анх нүцгэн зургаа авахуулсан та үнэхээр зоригтой бүсгүй шүү?
-Тийм ээ, үнэхээр тийм. Хамгийн анх “Санал” кинонд нүцгэлэхдээ 45 нас хүрсэн байлаа. Гэхдээ би үүнийг тачаангуй зураг авалт гэж үзэхгүй, яагаад гэвэл тэр инээдмийн кино. Тэнд ямар ч эротик уур амьсгал байхгүй, үзэгчдийг хөгжөөх л зорилготой. Энэ нүцгэлэлтэд хүмүүсийн хөх инээдийг барах ямар ч муухай зүйл байхгүй. Учир нь би насан туршдаа биеэ төгс болгон хөгжүүлж байгаа. Балетаар хичээллэж, спорт зааланд бэлтгэл хийж, дасгалын курст явдаг. Бие хаа бол дүр бүтээх чухал хэрэгсэл.
-Нөхрөөсөө салах үедээ хүүхэд өргөж авсан. Өрх толгойлсон ээж боллоо, бас хүний хүүхэд хэцүү гэж айгаагүй юм уу?
-Үгүй ээ. Би өөрийн төрсөн хүүхдийг ч генүүдийн санамсаргүй сонголт, хромосомуудын өвөрмөц “тоглоом” гэж боддог. Зөвхөн төрсөн хүүхэд л таны хамгийн дотно хүн байна гэсэн баталгаа байхгүй. Энэ бол нөр их хөдөлмөр. Ер нь төрсөн эцэг, эх нь хэн байх огтхон ч чухал биш.
Би хайрыг тээж, төрүүлж болно гэж боддоггүй. Хайр гэдэг ээдрээтэй зүйл. Луисыг дөнгөж гурван сартай байхад нь өргөж авсан. Тиймээс надад боломж байна гэж бодсон. Хүүхэд өргөж авах нь хайрын баталгаа, байгаагаа хуваах гэсэн оролдлого юм. Өөрт илүү байгаа, бусдад хүрэлцэхгүй байгаагаа өгнө гэсэн үг. Тодорхой насанд хүрээд хэзээ нэгэн цагт үхнэ гэсэн бодол танд төрнө. Тэр үед өөрөө юу үлдээж, дэлхий ертөнцтэй юугаа хуваалцах вэ. Залуудаа бид бүгд бардам, хувиа хичээгч байдаг болохоор ертөнцөөс зөвхөн авахыг хүсдэг. Харин одоо надад энэ сонирхолгүй. Одоо би олох, авахыг эрмэлзэхээ больсон. Харин хуваах, өгөхийг хүсч байна. Үхлийг би авах, гээхийн ухаан, амьдралыг бүрэн мэдрэх хүч хэмээн үздэг болсон.
-Гэрлэлтийг үргэлж эсэргүүцдэг хэрнээ та 40-тэйдээ хүнтэй сууж, урвалт гэж юу болохыг мэдэрсэн байх?
-Жессийн араар тавилт намайг хамгийн ихээр айлгасан. Хүнтэй суусан нь миний алдаа байсан гэж боддог байлаа. Харин дараа нь ямар ч алдаа гаргаагүйгээ ухаарсан.
Жесси бол гоц гойд хүн. Түүний авьяас билиг анх уулзсан мөчөөс эхлээд миний сэтгэлийг татсан. Жесси мотоцикл, техникийн улаан хорхойтон. Ер нь түүний сонирхол ер бусын анхаарал татам. Гэр бүлийн амьдралын хэдэн жилд маш сонирхолтой хүнтэй хамт цагийг өнгөрөөсөн гэж би боддог. Гэрлэхийн тулд тэр тодорхой хохирол амссан. Алдартай хүний нөхөр болсноор тэр олны анхааралд байнга өртөж, улмаар сэтгэл санаанд нь нөлөөлсөн биз. Хэрвээ би алдартай байгаагүй бол Жесситэй уулзсан охин нууц харьцаагаа хэвлэлээр цацах байсан гэж үү. Үүнийг би удаан хугацааны туршид мэдрээгүй явжээ.
-Эрчүүдийн талаар танд хэн нэгэн зөвлөдөг үү?
-Хью Грант гэдэг сайн найз, багш надад бий. Тэр бол гайхалтай цэцэн эр. Оскарын ёслолын үеэр бид ресторанд цуг ортол бүх эмэгтэй бухимдсан гээд бод доо. Тэд бүгдээрээ шоу бизнесийн ертөнцөд хөл тавьсан бүсгүйчүүд байсан. Би Хьюгээс “Бүсгүйчүүд ийм байгаа үед чи юу хийдэг вэ?” хэмээн асуусан. Тэр “Хэдэн үг хэлчихдэг” хэмээн хариуллаа. Сонирхол төрөөд “Жишээ нь” гэж лавлахад тэр над руу анхааралтай хараад, “Чинийх шиг сайхан хүзүүг би өмнө нь харж байсан” гэсэн шүү. Би ч шударгаар “Энэ бол миний мэдэх хамгийн муухай доромжлол” хэмээсэн. Гэтэл Хью “Ийм үгийг зөвхөн секс хандлагаар таныг сонирхсон хүмүүст л хэлэх хэрэгтэй. Тэгвэл тэд өөрөөр харьцаж эхэлнэ” гэдэг байгаа.
Би ч мөчөөгөө өгөлгүй, “Харин чамаас харц салгахгүй ширтсээр байгаа эмэгтэйчүүдийг яах вэ?” гэж асуутал Хью “Тэднийг чөтгөр аваг” гэсэн шүү. Ер нь ийм л сургамж өгдөг хүн дээ.
-Таны хувьд хайр гэж юу вэ?
-Хайр уу. Өөрийнхөө төлөө бус, хайрласан хүнийхээ төлөө амьдрахын нэр. Бас түүнийгээ жаахан шархлуулахад ч аймшигтай байхыг хэлнэ.
URL: