Ардчилсан намд болсон эмгэнэлт явдал

АН-ын ҮЗХ-ны хуралд Д.Аззаяа гэгч эмэгтэй эмгэнэлт драмын жүжиг тоглов. Улс төрийг хувийн өс хонзон болгох, хүнийг ялгаварлан гадуурхах, хүний эрхэнд бүдүүлгээр халдахын гутамшигт бодит жишээг Үндсэн хуулийн 20 жилийн ойн өмнө олон нийт энэ хурлаас олж харлаа.

Хувь хүний эрх чөлөөг дээдлэн шүтдэг гэх намын хурал ардчилал биш анархизм болж хувирсан билээ. Тайзан дээр эгнэн зогссон жинхэнэ, дэд 11 сайд доторх ганц эмэгтэй Ч.Куландагийн амьдралын хорин жилд бас нэг эмэгтэй хувийн дүгнэлт хийдэг байна. Улс төрд эмэгтэй нь эмэгтэйгээ дээш биш доош татдагийн амьд жишээ, амплагед эмгэнэлт шоу.

Иргэний харъяаллыг нь сольж, Казахстан руу цагаачлахыг шаардан чарлаж, хурлын танхимаас гарах гэж байхад нүүр лүү нь нулимж, уурт эмэгтэйн шүлс дэд сайдын хацар дээр урслаа.

Ардчилсан намынхан хэрэг алга, арай дэндүү юм гэх зэргээр амтай болгон ярьж шогширч байна. Нэг үхрийн эвэр доргивол мянган үрхийн эвэр доргино гэдэг. ҮЗХ-ны нэг гишүүний үйлдлээс АН, тамгын газрын нэг ажилтны үг хэлнээс төрийн тэргүүний нэр хүндэд тоос бууж байна.

Д.Аззаяа нь Ерөнхийлөгчийн тамгын газрын ажилтан, Иргэний танхимын зөвлөхийн албатай эмэгтэй юм. Үндсэн хуулинд зааснаар Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч Үндэсний эрх чөлөөний хувьсгалын 100 жилийн ой хүндэтгэлийн чуулганд хэлсэн үгэндээ халх, захчин, казах, урианхай бүгд нэг монгол, Монгол улсын иргэд гэсэн билээ.

Үндэсний эв нэгдлээ сахиж, газар газрын монголчууд гал голомтондоо ирэхийг урьж зарласан. Төрийн тэргүүний тусгай чуулганд хэлсэн үг, зарласан бодлого, байр суурийг тамгын газрын ажилтан нь хоёр долоо хоноогүй байхад үл хэрэгссэн үйлдэл гаргалаа.

Тэгэх тусмаа Үндсэн хуулийн 20 жилийн ойн босгон дээр шашин шүтлэг, нас, хүйс, үндэс, угсаагаар ялгаварлан гадуурхахгүй байх үндсэн зарчим, хүний эрх, эрх чөлөөнд халдаж байна. Асуудал Ч.Куландагаар дуусч байгаа юм биш эхэлж эсвэл өрнөж байна. Ч.Куланда гэдэг ганц казах бүсгүй Монголын иргэн биш. Монголын улсын иргэн 100 мянган казах үндэстэн ажиллаж амьдарч байна.

Эх сурвалжийн мэдээлснээр нэр хүндтэй казах иргэд яг энэ үйлдлийг эсэргүүцэж, Ерөнхийлөгчид хаяглан захидал илгээхээр болсон байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өөрөө хүртэл яс угсааны элдэв гүтгэлэг, гадуурхалд өртөж, хөгшин настай ээж нь нулимс дуслуулж байсныг монголчууд харж өмөөрч байсан.

Хүний жам ёсны, заяагдмал эрх, эрх чөлөөнд өөрөө халддаг, үл хэрэгсдэг байж Д.Аззаяа гэгч эмэгтэй Ерөнхийлөгчийн тамгын газрын Иргэний танхимын ажилд юу зөвлөдөг вэ?

Иргэний нийгэм гэдэг өргөн цар хүрээтэй ойлголт. Иргэдийн байр суурь, санал бодлыг сонсох ажил юунаас эхэлдэг вэ? Иргэний эрх, эрх чөлөөг хүндэтгэхээс эхэлдэг. Үндсэн хуулийн хорин жилийн ой өнөөдөр тохиож байна.

Бөх барилдах, одон шагнахаас илүү Үндсэн хуулинд заасан үндсэн зарчим, хүний эрх, эрх чөлөөг иргэд баталгаатай эдэлж байгаа эсэхийг хэлэлцэн шүүж, ардчилсан нийгмийн үнэ цэнэт зүйлсийг бэхжүүлэхийн төлөө улам ихийг хийж бүтээх тухай ярих цаг билээ.


URL:

Сэтгэгдэл бичих