Ж.Хайдав арслан

393

“Их Засаг” Олон Улсын Их Сургуулийн 25 жилийн ойд

Хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Монголын хүчит бөхчүүдийн зүрхэнд шар ус хуруулж, өвдөгийг нь чичрүүлж явсан Улсын арслан Жамбалын Хайдав саяхан Монгол Улсын Аж үйлдвэрийн гавъяат ажилтан цол хүртсэн билээ. Түүнийг “Увсын долоон хар”-ын нэг гэдгээр нь бөх сонирхогчид андахгүй.
Нэгэн цаг үед улсын наадамд шижигнэтэл барилдаж, уран мэх, хүч бяраа уралдуулж явсан тэднийг бөхийн хорхойтон монгол түмэн “Увсын долоон хар” хэмээн алдаршуулсан.
Увс аймгийн Зүүнговь сумын уугуул Монгол улсын арслан Жамбалын Хайдав 1965 онд улсын арслан Дагвасүрэнтэй тунаж барилдан давж начин цол хүртсэн бол Улс хувьсгалын 50 жилийн ойгоор одтой сайхан барилдаж Монгол улсын арслан хэмээх эрхэм хүндтэй цолыг хүртсэн байдаг. Тэрбээр “Их Засаг” Олон улсын их сургуулийг хөгжүүлэн дэвжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн ахмад зүтгэлтнүүдийн нэг билээ. Тус сургууль үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой энэ жил тохиож байгаад бөгөөд үүнтэй уялдуулж Ж.Хайдав арслантай саяхан хөөрөлдсөн юм. Эдүгээ тэрбээр “Их Засаг” Олон улсын их сургуулийн нэгдүгээр цогцолборын спорт заалны даргаар ажиллаж байна. Бидний яриа шууд л монгол бөхөөр эхлэв. Улсын цолтой ямар бөхчүүдийг өвдөг шороодуулж байсан талаар түүнээс асуухад,
-Анхандаа гол төлөв аманд гараад унадаг байлаа. 1962 онд санагдах юм. “Хөдөлмөр” нийгэмлэгийн зааланд бөхийн барилдаан болно гэж дуулаад очиж зодоглохдоо хоёрын даваанд Өмнөговийн улсын арслан Дэмүүл гуайтай таарчихдаг юм. Тухайн үед ч Дэмүүл заан цолтой “Дэнж нь булгидаггүй юм бол Дэмүүл түрүүлнэ” гэж аархаж, арал бяр нь багтаж ядаж явсан үе л дээ. ХААИС-ийн оюутан байсан намайг “Ганц дайраад унагачихъя” гэсэн байртай дайраад ороод ирмэгц тохойг нь цохиод л өшиглөсөн. Заан маань дайрсан хүчиндээ их дээр хөөрч унах мөртлөө хэд өнхрөөд тогтож байсан юм даа. Заал дүүрэн суусан үзэгчид цонхны шил, тааз доргитол алга ташиж надад баяр хүргэж байсан нь санаанаас ер гардаггүй юм. Тэр өдөр юу болсон юм мэдэхгүй, дараа нь С.Цэрэн аваргыг хаяж гайхуулж байсан даа. Харин маргааш нь “Хоршоолол” нийгэмлэгт очиж барилдахад тайлбарлагч “Өчигдөр Цэрэн аварга, Дэмүүл заан хоёрыг өвдөг шороодуулсан шинээр тодорч байгаа хүчтэн” гэх зэргээр намайг их л дэвэргэж байсан юмдаг. Би ч онгироод магтаж дуусаагүй байхад нь нэг жижигхэн залууг суйлж тавих гэж байгаад хавируулаад их хүчтэй унаж билээ. Тэгж би анх гаргасан амжилтандаа онгирч сагсуурах хэрэггүйг яс махандаа шингэтэл ойлгосон юм. Дараа нь 1963 онд намайг ХААИС-д элссэний намар үндэсний бөхийн сургуулийн аварга шалгаруулах барилдаан болсон юм. Би нэг их тоогоогүй хэрнээ барилдах гээд бүртгүүлчихпээ. Манай сургуулийн 644 бөх барилдсан. Тэдний дунд “Дүүгүүр” Гомбосүрэн, Бат-Очир нар байв. Эхлээд оноолтоор барилдуулж байгаад сүүлийн найман бөхийг тойргоор барилдуулчихсан. Би анх шахуу барилдаж байгаа болохоор өөртэйгээ таарсныг даваад байна гэж бодсон чинь түрүүлчихдэг байгаа. Тэрнээс хойш жаахан урамшсан. Баянмөнх аварга бид хоёр нэг нутгийнх болоод ч тэрүү, их дотно. Бүр нэг жил хот бараадаж ирж билээ. 1961 онд зааланд барилдаан болоход Увсын нэр дээр барилддаг бөх бид хоёроос өөр өөр байгаагүй. Тухайн үед би арав, Баянмөнх долдугаар анги төгсөөд ирсэн байсан юм. Бид хоёрыг зааланд орж ирэхээр засуул болон ахмад бөхчүүд “Энэ хоёр гозгор хархүү юм дуулгана шүү. Сайн барилдах шинжтэй” гэж ярьдаг байлаа. Баянмөнх аваргаас гадна Улсын арслан Л.Сосорбарамтай 61 их дотно байлаа. Намайг ХААИС-д оюутан байхад Сосорбарам манай сургуульд багшилдаг байсан юм Тухайн үед ид барилддаг байсан Намайг оюутан гэж бодолгүй бөхийн тухай сайхан ярилцана элдэв мэх зааж өгнө. 1965 онд би улсын арслан П.Дагвасүрэнгээр тав давж начин болж байлаа. Хариь дараа жил нь С.Цэдэвсүрэн начивд тавын даваанд унасан. Түүнээс хойш дөрвөн жил начнаа баталсан Ингээд Ардын хувьсгалын 50 жилийн ойгоор шөвгийн дөрөвт үлдэж арслан цол хүртсэн. Түүхэн ойгоор гэсэн үг шүү дээ. Г эхдээ дараа жил нь цолоо хамгаалсан. Арслан цол авдаг жилийн наадамд заан цолны болзол хангачхаад наймын даваанд Цэрэн аваргатай таарахдаа би юу ч хийж чадахгүй унасан. Цолондоо ханачихаад л тэр шүү дээ. Харин наадмаас хоёр хоногийн дараа Олон улсын эмэгтэйчүүдийн чуулга уулзалтад зориулж Тэрэлжид барилдаан болдог юм. Тэнд би Цэрэн аваргыг хаяад түрүүлж байлаа. Түүнээс хойш нэг хэсэгтээ би энд тэндхийн наадмыг түүсэн дээ. Миний хамгийн дурсгалтай шагнал гэвэл 1968 оны хавар Югославын ерөнхийлөгч Броз Тито манай оронд төрийн айлчлалаар ирэхэд түүнд зориулсан бөхийн барилдаанд би Дарийн Дамдин аваргатай үлдэж үзүүрлэхэд Тито гуай том алтан цагаа надад бэлэглэсэн. Энэ цагийг би олон жил зүүсэн дээ… гэж өгүүлэв.
Тэрбээр 1967 онд ХААДС-ийг төгсөөд Зөвлөлт, Чех улсад мэргэжлийн сургалтанд оролцож, дараа нь Аж үйлдвэрийн комбинатад мэргэжилтэн, Сайд нарын зөвлөлийн дэргэдэх Чанар, стандарт, хэмжүүрийн улсын хороо, Үнэ стандартын улсын хороонд мэргэжилтэн, улсын байцаагчаар тус тус ажиллажээ. Чингээд 1990 оны дундуур өөрийн хүргэн, “Их засаг” их сургуулийг үүсгэн байгуулагч Н.Ням-Осорын ажил үйлсийг дэмжиж, Худалдаа үйлчилгээний “Хүннү” компанийг байгуулан хөгжүүлэхэд ихээхэн хүчин зүтгэл гаргаж, улмаар тус компанийн хүч хөрөнгөнд тулгуурлан байгуулагдсан “Их Засаг” сургуулийн хичээлийн олон байр, сургалт хүмүүжлийн төвүүд, барилга байшин, дэд бүтцийг бүрдүүлэн тохижуулахад өөрййн мэдлэг чадвар, хүч хөдөлмөрөө дайчлан зүтгэж иржээ. Тиймээс Ж.Хайдав арслан Монголдоо төдийгүй олон улсын хэмжээнд нэрд гарсан Чингис хааны нэрэмжит “Их Засаг” Олон улсын их сургуулийг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хүндтэй хүний нэг юм. Монгол улсын арслангийн хувьд тэрбээр хурц идэр, саруул сайжрах, харилтгүй жавхлант, үнэн итгэлт, хотлоор баясгагч, үнэн хүчит гэх зэрэг чимэгтэй, 20-р зууны нэрт бөх билээ.
Түүний энэ нэр алдар нь “Их Засаг” Олон улсын их сургуулийн спортын хөгжилд чухал нөлөө үзүүлэхийн сацуу тус сургуулийн спорт цогцолборыг удирдаж байгаагийн хувьд оюутан, сурагчдын дундаас олон арван сайн тамирчин, багш, дасгалжуулагчдыг төрүүлж гаргасан байх аж.
“Их Засаг” Олон улсын их сургууль нийт оюутнуудынхаа дунд спортын уралдаан тэмцээн тогтмол зохиож ирсэн сайхан уламжлалтай. Биеийн тамирыг ийнхүү бүх нийтийн үйлс болгож чадсанаар тус сургуулийн оюутнууд гадаад, дотоодын спортын тэмцээнд маш амжилттай оролцож, голдуу л алт, мөнгө, хүрэл медалийн эзэд болох нь их байдаг. Аливаа спортоор хичээллэхийг зорьж л байгаа бол сэтгэл зүрхээ өгч, тэсвэр хатуужилтай, өмнөө тавьсан зорилготой байх нь чухал гэдгийг Улсын арслан Хайдав гуай захиж байна. Үндэсний бөхөөс гадна идэр залуу цагтаа самбо, чөлөөт бөхөөр амжилттай барилдаж явсан тэрбээр шинэ үеийн хүчтэнгүүдийг бэлтгэн төрүүлэх, хүүхэд залуусын бие бялдарыг спортоор дамжуулан хөгжүүлэхэд өөрийн мэдлэг туршлага, авъяас чадлаа гаргаж яваа нэгэн.
-Монгол үндэсний бөхөд жалга дов хардаг, тал тохой татдаг, бие биенийхээ дээр гарахыг санаархдаг муухай зүйл байж хэрхэвч болохгүй. Миний үед чинь нутгархдаг явдал байсангүй л дээ. Өнөөдөр чинь нутаг, нутгаараа дэвжээ байгуулаад тал тал тийшээгээ хардаг болж. Нэгдмэл зохион байгуулалтад орж байгаа сайн талтай боловч сүүлийн үеийн бөхчүүд үүнийг дагаад нутгархах үзэл гаргаж байгаад нь эмзэглэдэг. Монгол өв уламжлалаа тээж яваа бөх хүн хаана ч очоод барилдаж болно биз дээ. Би “Их Засаг” Олон улсын их сургууль дээр бөхийн бэлтгэл хийлгэхдээ “Чи тэр аймгийнх, цаашаа” гэж хэзээ ч хэлж байсангүй. Дуртай нь ирээд бэлтгэлээ хий. Мэддэг чаддаг юмаа зааж, зөвлөөд өгье гэдэг… хэмээн арслан маань хүүрнэж байна.
Чингис хааны нэрэмжит “Их Засаг” Олон улсын их сургууль байгуулагдаад хорин таван жил болж байна. Энэ хугацаанд аварга том бүтээн байгуулалт олныг хийж чаджээ. Өнөөдөр тус сургууль хоёр том цогцолбортой, харъяа бүрэлдэхүүний арав гаруй сургуультай, 7000 орчим оюутантай, Рояаль академи, Рояаль телевиз, за тэгээд зөвхөн сургууль соёлоор тогтохгүй “Тэрэлж-Бумбан тур”, “Хүннү” жуулчны бааз, “Хүннү Аварга тосон” амралт сувилал, “Хүннү палас” зочид буудал гээд “Хүннү” группийн харъяаны олон газрууд үйл ажиллагаа явуулж байна. Өнөөдрийн энэ аварга том өндөрлөгөөс хорин таван жилийн тэртээх тарчигхан цаг үеийг халиаж нэг тунгаахад Хайдав арслангийн гар бие оролцсон бүтээн байгуулалт зөвхөн сургуулиар тогтохгүй, “Хөдөө арал” жуулчны бааз, “Чингис хааны онгон шүтээний төв” гээд л хөдөөгүүрх ажилд хүртэл гар бие оролцож иржээ. Энэ тухай Хайдав арслан өгүүлэхдээ,
-Хүргэн дүү Намсрайн Ням-Осор, охин дүү Жамбалын Цэцэгмаа нарын зах зээл хэмээх ухааны шалгуурыг амжилттай давж, дээд сургуулиа их сургууль болгож, их сургуулиа хоёр дахь шатанд магадлан итгэмжлүүлсэн зэрэг нь асар том менежмент гэж би боддог. Барилга болон тоног төхөөрөмж, засвар тохижилтонд мундашгүй их хөрөнгө оруулалт хийсэн нь спорт, урлагийн чиглэлийн барилга, байгууламжийг бий болгох, хуучин барилга байгууламжаа засварлан тохижуулах, компьютер болон орчин үеийн багаж, тоног төхөөрөмж нэмэх, шинээр авахад зориулагдсан. Ар Гүнт дахь хөдөө аж ахуйн цогцолбор зэрэг таван цогцолборын хориод барилга байгууламжийг чанарын үнэлгээтэй бариулсан гэсэн дүгнэлтийг сургуулийн захиргаа надад өгсөн. Мөн 280 хүний суудалтай гурван номын сан байгуулах, хичээлийн байрны суудлын тоо болон оюутны байрны тоог үлэмж ихээр нэмэгдүүлж, 500 хүний суудалтай спорт заал, цайны газар байгуулсан явдал манай амжилт байлаа. Зах зээл бол ухаантай, хөдөлгөөнтэй хүн сайн сайхан амьдралд хүрч болох нийгэм шүү дээ. Өөрийн хатуу шалгуур, хуультай энэ нийгмийн ээдрээ бүгдийг туулж Их Засагчууд “Зах зээлд манлайлагч”, “Хувийн хэвшлийн шилдэг менежменттэй тэргүүний сургуулийн хүндэт өргөмжлөл”, “Хэрэглэгчдийн итгэлт бизнесмен”, “Хэрэглэгчдийг хаанд өргөмжилсөн хамт олон”, “Зах зээлд тэргүүлэгч байгууллага”, “Хэрэглэгч-хаан алдрын од” зэрэг цол өргөмжлөл хүртэж улсдаа шилдэг их сургуулийн нэг болсон юм. Энэ их шагнал урамшил, баяр хөөрийг хуваалцаж яваадаа баяртай байдаг… хэмээв. Монгол түмний өнө удаан жил уламжилж ирсэн бөхийн спортыг олон түмэнд хүргэх, биеийн тамир, спортоор хичээллэж буй мянга мянган оюутан залуусыг сургаж хүмүүжүүлэхэд хүндтэй үүрэг гүйцэтгэж ирсэн, гүйцэтгэж байгаа Монгол улсын арслан Ж.Хайдав танаа,
“Эцэсгүй хөврөх цаг тооллын гүехэн чөлөөнд
Энэхэн дэлхийг онож мэндэлсэн хүмүүн та
Зуун насны суут босгыг алхаарай!
Зун шиг орчлонд хүн шиг амьдран жаргаарай! гэсэн ерөөлийг сэтгэлийн гүнээс өргөн баръя.

URL:

Сэтгэгдэл бичих