Нэг удаагийн гялгар уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлажээ
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас тус тогтоолын хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд нийслэлд худалдаа, үйлчилгээ эрхлэгч аж ахуйн нэгж, байгууллага, иргэдэд мэдэгдэл хүргүүлж, худалдаа, үйлчилгээнд ашиглагдаж буй 300 гаруй төрлийн нийлэг уутанд хэмжилт хийсэн. Зориулалтын багажаар хийсэн хэмжилтээр 64,5 хувь нь шаардлага хангаж байжээ.
Засгийн газраас өргөн хэрэглээний нийлэг нэг удаагийн уутыг худалдаанд гаргах, хэрэглэхийг хориглосон шийдвэр 2018 оны зургаадугаар сард гаргасан бөгөөд энэхүү шийдвэр гуравдугаар сарын 1-ээс эхлэн хүчин төгөлдөр үйлчилж эхлэх юм.
“Нэг удаагийн нийлэг хальсан уутыг хориглох тухай” Засгийн газрын 189 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх, хяналтын улсын байцаагчдад чиглэл өгөх зорилгоор МХЕГ-аас өнөөдөр сургалт, хэлэлцүүлэг зохион байгуулжээ.
Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлаад байгаа
Сургалт, хэлэлцүүлэгт БОАЖЯ, Гаалийн ерөнхий газар болон мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн улсын байцаагчид хамрагдсан бөгөөд нийлэг, гялгар уутны хэрэглээ, зохицуулалтын талаарх олон улсын туршлага, манай улсад авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл өгч, тогтоолын хэрэгжилтийг хангуулах талаар чиглэл өгсөн байна.
Манай улсын хувьд нийлэг хальсан уутны 35 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэдэг. Тогтоол хэрэгжсэнээр 0,035 мм-ээс нимгэн нэг удаагийн нийлэг хальсан уутыг импортоор оруулах боломжгүй болох юм. Нийлэг хальсан уутны хэрэглээг дэлхийд 60 гаруй улс хязгаарлажээ.
unen.mn
URL: