Биеэ, гэрээ засаад төрд гарсан лидер
“76:?” булангийн ээлжит “зочноор” Ерөнхий сайд, МАН-ын дарга С.Батболдыг онцолж байна. Нэрийнхээ үсгийн дарааллаар бол аль эрт “зочлох” байлаа, тэр. Төр засгийн тэргүүнийх нь хувьд түүний нэрийг хэд хоног хойшлуулсан хэрэг. Намын бус улсын гүйцэтгэх засаглалыг тэргүүлэгчийнхээ хувьд тэр хамгийн хүчтэй, чадалтай лидер юм. Намын нөхөд нь түүнийг хүчгүй, сул дорой гэдэг ч монголчуудын хувьд тэр зангарагтай, ноён нуруутай, зөөлөн хүн гэж үнэлэгддэг юм билээ.
Амлалт
2008 оны сонгуульд нэр дэвшигчид бие даан амлалт өгөхгүйгээр, намын мөрийн хөтөлбөрөөр сонгуульд өрсөлдсөн. МАН-ын дарга С.Батболд ч ялгаагүй намынхаа тав, 12 төгөлдөршлөөр сонгуульд оролцсон. Сүхбаатар дүүргийн 23 дугаар тойрогт С.Баяртай хамт нэг баг болж намаасаа нэр дэвшиж хоёулаа ялалт байгуулсан. С.Батболд гишүүнийхээ хувиар тойрогтоо нэлээд олон ажлуудыг хийсэн. Тэднээс хамгийн чухал нь Сэлбийг сэргээх төсөл. Өнгөрөгч онд ажил нь эхэлсэн бөгөөд энэ жил дуусгах төлөвлөгөөтэй. Хэрэв Сэлбэ гол С.Батболдын санаачилснаар урсаад, үерлээд эхэлбэл хөгшид хүүхдүүд эргээр нь сууж, нарлаж, тоглож байх иж бүрэн амралт зугаалгын газар болох юм. Нийслэлчүүдийн хувьд энэ бол томоос том сюрприз. Ерөнхий сайд сонгогдсон тойрогтоо буюу Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороонд Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв буюу хуучнаар Ахуйн үйлчилгээний төвийн байр барьж өгсөн бөгөөд өнөө маргаашгүй ашиглалтад орох гэж байгаа гэсэн. Сүхбаатар дүүргийн гэр хороолол, гудамж талбайг 100 хувь гэрэл цахилгаантай болгох, орон сууцнуудын цахилгаан шатыг бүгдийг нь шинэчлэх гээд олон ажлууд нь энэ жил бүрэн гүйцэтгэгдэж дуусах юм байна. Хамгийн үр дүнтэй, олон хүний санаанд нийцсэн ажил нь Дарь-Эхийн эцсээс Шадавлин хүртэл хатуу хучилттай автозам тавьсан явдал. Засаг тэргүүлэх завгүй ажлынхаа хажуугаар тойргийнхондоо санаа тавьдагт сонгогчид нь ам сайтай байдгийг хэлэх хэрэгтэй.
Амжилт
С.Батболдыг Ерөнхий сайд болоход улс орны эдийг засгийг өөд татна гэдэгт олон хүн итгэж, тийм үр дүнг хүлээсэн. Олны итгэл найдварыг тэр алдаагүй гэдгийг хэлэх хэрэгтэй. С.Батболдыг зах зээлийн эдийн засгийн суурь боловсролыг үндсэн утгаар нь эзэмшсэн анхны Ерөнхий сайд гэж хэлж болох юм. Монгол Улсыг зах зээлийн эдийн засагт шилжсэн 1990-ээд оны эхээр өнөөдрийн Ерөнхий сайд Лондонгийн их сургуулийг олон улсын эдийн засагч мэргэжлээр төгсч, Өрнөдийн оронд зах зээлийн эдийн засгаар цол хамгаалсан. Тийм учраас л зах зээлийн эдийн засгийн тухай ойлголтыг түр сургалтаар олж авсан өмнөх Ерөнхий сайдууд, улстөрчдөөс арай өөрөөр харж сэтгэж, сурсан мэдсэнээ улс орныхоо төлөө зориулна гэж бодсон хэрэг. Бас тэр бусад улстөрчдийг бодвол биеэ, бас гэрээ засчихаад төрийн өндөр албан тушаалд очсон анхны Ерөнхий сайд. Өөрөөр хэлбэл, мөнгөтэй болох гэж биш, мөнгөтэй болчихоод улстөрд орсон цөөхөн улстөрчийн нэг. 1990 оноос хойшхи Монголын Ерөнхий сайд нар дотор С.Батболдын дайны хувийн өмч хөрөнгө, бизнестэй хүн байгаагүй гэхэд хилсдэхгүй. Хөрөнгөтэй хүн Ерөнхий сайдын албыг мөнгө олох хэрэгсэл, авлига цуглуулах суудал гэж андуурахгүй нь мэдээж. Тийм ч байгаа. Бас түүний хамгийн том амжилт бол эзэмшиж байсан Тавантолгойн лицензээ төрд буцааж өгсөн явдал. Их мөнгөнөөс татгалзаж, эх оронч байж чадсан нь итгэж болох хүн юм гэдэг итгэлийг олон хүнд төрүүлсэн. Тавантолгойн ордын лицензийг тэр яаж авсан нь хамаагүй, тухайн үедээ С.Батболд гэдэг монгол хүн, бас эх оронч нэгний нэр дээр байснаараа энэ орд төрд эргэж ирсэн юм. Хэрвээ өөр хүн дээр, магадгүй гадаадын аль нэгэн улсын компанид лизензийг нь өгчихсөн, зарчихсан байсан бол Монгол Улс өнөөдөр коксжсон нүүрсний нөөцөөр дэлхий нийтийн анхааралд өртөж, намууд сонгуульд саяар нь мөнгө амлах байсан гэж үү. Энэ бол С.Батболдын гавьяа.
2010, 2011 он бол энэ удаагийн парламент, түүний Засгийн газрын оргил цаг байсан гэхэд болно. УИХ-ын гишүүд амласнаа биелүүлэх, намууд засагт хамтарч байгаагийнхаа утга учир, давуу талыг мэдрүүлэх цаг хугацаа байсан. Үүнийг ашиглаж чадсан гэдгийг олон хүн хэлж байна. Тэр их азтай Ерөнхий сайд л даа. Монголын уул уурхайн салбар дэлхийн анхаарлын төвд орж, байгалийн баялгаараа мөнгө босгож эхэлж байгаа үед засаг тэргүүлж таарсан, энэ үед сөрөг хүчин нь Засгийн газарт хамтарснаараа бүр ч азтай байлаа. Хийсэн ажлууд дотроос нь хөрөнгийн зах зээлийн хөгжлийн бодит эхлэл, боловсролын салбарт дөнгөж эхлүүлж буй стандартыг нь хүлээн зөвшөөрөхөөс аргагүй. Ерөнхий сайд бөгөөд эрх баригч намын дарга гэдэг фракцтай фракцигүй өөрийнхөө дураар сэлэм эргүүлж, яам агентлагт өөрийн хүнээ томилж багаа бүрдүүлэх боломжтой субъект. Баггүй мөртлөө энэ боломжийг ашиглаж, улс орны хөгжлийг хойш чангаахыг урьтал болгоогүй нь төрийн хүний зангарагтайг нь харуулдаг.
Алдаа
Өмнөх Засгийн газруудад 100 хоног гэж байсан. Засгийн газрын ажлын эхлэл, үр дүнг харахын тулд энэ хугацаанд шүүмжлэхээс улстөрчид татгалздаг уламжлалтай. Гэхдээ замын дундаас орж ирсэн, танхим нь хуучин, хэрэгжүүлж байсан мөрийн хөтөлбөрийг үргэлжлүүлэх учраас С.Батболдын Засгийн газарт 100 хоногийн чөлөө гэж байгаагүй.
Монголын улстөрд шинэ үеийн төлөөлөл болсон Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар нарын орчин цагийн залуусаар цус сэлбэсэн С.Батболдын танхим С.Баярын эхлүүлсэн буухиаг л үргэлжлүүлсэн. Алдаа гаргахгүй байна гэдэг ажил хийдэггүйн шинж гэдэг. Энэ Засгийн газрын алдаа оноог Ерөнхий сайд хүссэн хүсээгүй хуваалцах л болно. Манай сонин өнгөрөгч даваа гарагийн дугаартаа хамтарсан засгийн алдаа оноог ялгаж салгасан тул энд дахин өгүүлэх нь илүүц биз. С.Батболд харьцангуй залуу улстөрч, бас ясны дипломатч зантай хүн. Улстөрч хүнд зайлшгүй байх нэг чадвар бол илтгэх урлаг. Аливаад ул суурьтай хандах гээд ярих хэлэхээ хэтэрхий цэгнэдэг сул талтай. Хэтэрхий өр зөөлөн ч гэж болно. Тиймдээ л АН-ыг хамтарсан засгаас гарах мэдэгдэл хийхэд нь эхэлсэн ажлаа дуусгалгүй хаяж явж байгаад харамсч байна гэсэн үгийг хэлсэн. Уг нь АН-д хүчтэй сөрөг хүчин байж, сонгууль хүртэл үзэлцье гэсэн бол гоё харагдах байлаа. Гэвч тэгж чадаагүй. Ерөнхий сайдын тэргүүлсэн Засгийн газрын хийсэн ажилд л урмын үг ирэх болохоос С.Батболд гэдэг хувь хүнийг хэн ч сайн ажиллалаа гэхгүй. Хувь заяа нь бүрхэг болчихоод байгаа энэ Засгийн газар бол Ерөнхий сайд 51, танхим нь 49 хувийн эрх мэдэл бүхий кабинетийн зарчимтай. Өнөөдрийн нөхцөл байдлаар дүгнэж үзвэл өмнөх Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг нэг ч үг, үсгийн өөрчлөлтгүйгээр баталсан нь магадгүй Ерөнхий сайд С.Батболдын бас нэгэн алдаа ч байж мэдэх юм.
Тэнэглэл
2009 онд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд нам ялагдаагүй, нэр дэвшигч ялагдсан гэдэг үгийг амнаасаа унагасан нь хариуцлагаас зугтах гэсэн өнгө аясыг илэрхийлсэн гэж тухайн үед бичиж байв. Тэрбээр Тэрэлжийн уулзалт дээр “Намайг Ерөнхий сайд болсноос хойш хийгдсэн томилгоонуудад миний оролцоо бага шүү” гэж хэлсэн нь бас сонин сонсогдож байв. Ерөнхий сайд, намын даргад мэдэгдэлгүй, түүнээс асуулгүй хийдэг томилгоо байна гэвэл хэн ч итгэхгүй. Намын дарга бодлогоо ч, боловсон хүчнээ ч хайрцаглаж авч явах ёстой атал С.Батболд хараахан тэгж чадахгүй байна гэдгийг улстөр судлаачид хэлдэг юм билээ. Хазайхад нь түшиж, хальтрахад нь тулах улстөрийн хүчтэй баг түүнд алга. Юм болгонд “за” гэчихдэг сул тал нь түүнийг гүйцэтгэх засаглалын тэргүүн байхад нь тохирохгүй байгаа ч юм бил үү. Тэр улстөрд уруудах завсаргүй өгсч яваа. Үүнийгээ мэдэх тусмаа дороо бат тулгууртай болох ёстой байсан юм. МАН-ын доод шатныхан маш чадамгай бүлэглэж, дээгүүр яваагаа бат тулж зогсдог гэдгийг тэр сайн мэдэх учиртай. Харин хөдлөхгүй, дорвитой дуугарахгүй байгаа нь түүнийг тэнэг харагдуулаад байдаг юм. Их ажлын ачааллаасаа ч юм уу, эрч хүч, эр зориг муутай, идэвхгүй харагддаг төрх нь Ерөнхий сайдаар удаан ажиллаа ч уу, үгүй ч үү гэсэн итгэл муутай байдаг юм шиг сэтгэгдлийг төрүүлдэг. Хүн хүнээрээ байх нь дээр ч төр, засгийн тэргүүн хүний хувьд бөмбөг ч дэлбэлдэг, бөөрөө ч нийлүүлдэг байх хэрэгтэй. Түүний хамгийн том тэнэглэл нь МАХН, МАН хоёрыг өрх тусгаарлаж ахуйд намынхаа генсектэй нийлчихсэн “Магнаг үсэгтэй туг”-ийг тайзан дээр дуулж зогссон явдал. Тэр энэ удаад гүйцэтгэх засаглалын тэргүүн гэдгээ мартсан байсан бололтой харагдсан.
Ирээдүй
Ерөнхий сайдын албыг гуйж аваагүй, гуйлгаж байж очсон энэ шулуун шударга эрхмийг ирэх сонгуулиар хаанаас ч нэр дэвшсэн торойгоод л гараад ирнэ гэдэгт мөрийцсөн ч болно. С.Батболдыг анх улстөрд хөтлөн оруулж ирсэн хүн нь яах аргагүй Н.Энхбаяр. Н.Энхбаярыг дээд тэнгэрээс буусан хойно нь үзэн ядагсад үхтэл нь харааж зүхэж, салаавч үзүүлээд салж байхад ганцхан С.Батболд л юу ч хэлээгүй, ямар ч муу үйл хийгээгүй зам салсан. Өөрөөр хэлбэл, маш амархан, цэвэрхэн салсан. Тийм болохоор МАН-ын өрсөлдөгч МАХН-ынхан тэр бүр С.Батболд руу үгэн сум нисгээд байдаггүй. Хар хорын санаатнууд, өрсөлдөгчид түүнд цөөхөн байдаг болохоор айх аюулгүй гэсэн үг. Одоо С.Батболдын танхимыг унагалаа гэхэд дараагийн Засгийн газар ажилтайгаа танилцах гэж явсаар сонгуультай золгоно. Хэрвээ С.Батболдыг, Засгийн газрыг огцруулбал эртнээс шалтаг болгож байсан Оюутолгойн гэрээг ямар нэгэн байдлаар сөхөх биз. Оюутолгойн хөрөнгө оруулагчидтай дахин ярилцах, гэрээнд өөрчлөлт оруулах юм бий л байх. Гэхдээ энэ бүхнийг яриа хэлэлцээний замаар шийдэхгүй бол монголчууд л хохирч үлдэнэ. Өөр хэн ч хохирохгүй. Ерөнхий сайдыг огцруулах гарын үсэг цуглуулж байсан 20 гишүүн бүр ч хохирохгүй. С.Батболдыг хүчгүй гэж шүүмжилдэг, хүнийг халуулж, огцруулуулж байж хүчтэйгээ харуулах хэрэгтэй гэж зөвлөдөг хүмүүс нам дотор нь бий. Тэднийхээр хүчгүй даргаа хүчтэйгээр сольж байж сонгуульд ялах юм гэсэн. Монгол орны хөгжил бол нийт монголчуудын эрх ашиг. Харин МАН сонгуульд ялах нь хэсэг бүлэг хүмүүсийн хэрэг. Хэтэрхий их ялгаа байгаа биз. Дарангуйлагч нийгмийн хүчтэй удирдагч сэлэм эргүүлдэг, ардын баатар байдаг бол зах зээлийн эдийн засагтай ардчилсан нийгэм хөгжиж буй манайх шиг улс орны хүчтэй удирдагч сайн эдийн засагч, сайн менежер байдгийг улс орнуудын жишээнээс харж болно. С.Батболд намын хүчгүй дарга байж болно, засгийн чадалтай тэргүүн учраас түүний ирээдүй бүдэг харагдахгүй байгаа юм. МАН намын даргаа сольж сонгуульд ялах нь чухал уу, гүйцэтгэх засаглалын сайн тэргүүнтэй байж Монгол Улс хөгжлийн нэгэн эринийг амжилттай туулах нь чухал уу гэдгийг ард түмэн сайн мэдэх билээ.
С.Хэрлэн
mminfo
URL: