Н.Сувдмаа: Шалтгаангүйгээр өндөр халуурч, бөөлжвөл яаралтай эмчид хандах шаардлагатай
Сүүлийн үед цахилгаан менингит өвчний халдвар гарч байгаа талаар эмч нар мэдээлэл хийсэн. Өчигдөр цахилгаан менингит өвчнөөр таван хүүхэд өвчилсөн байна. Нэг хүүхэд амь насаа алджээ гэх мэдээллүүд цацагдсан.
Энэ талаар Халдварт өвчин судлалын үндэсний төвийн эмч, “Эрт сэрэмжлүүлэх хариу арга хэмжээ авах нэгж”-ийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.
-Цахилгаан менингит гэж яг ямар өвчнийг хэлээд байна вэ?
-Өвөл хаврын улиралд хүний биеийн дархлаа суларч, олон тооны архаг өвчин сэдэрдгээс гадна хурц халдварт өвчнүүдийн тархалт нэмэгддэг. Эдгээрийн нэг нь менингококкын үүсгэгчээр үүсгэгддэг менингококкын халдвар юм. Менингококкын халдварын хамгийн хүнд хэлбэрийг нь манайхан гол төлөв хар яриандаа цахилгаан менингит гэж ярьдаг. Эх уурхай нь нян тээгч байдаг. Агаар дуслын замаар дамждаг.
-Маш хурдан хүндэрдэг гэлээ. Тэгэхээр яг ямар шинж тэмдэг илэрвэл эмнэлэгт хандах ёстой юм бол оо?
-Менингококк халдварын эмнэлзүйн шинж өвчин эхэлсэн эхний 24 цагийн дотор хурдан илэрч улмаар эмчилгээ хожимдвол өвчтөн амархан хүндэрдэг. Тиймээс тус халдварын шинж тэмдэг илэрсэн бол яаралтай эмнэлэгийн байгууллагад хандах шаардлагатай. Халдвар авсан тохиолдолд
Менингококкийн халдвар авсан хүүхдийн амь нас нэг, хоёр минутаар хэмжигддэг
өндөр халуурах, дагзны хөшөнг, таталт, шалтгаангүй бөөлжих гэх мэт шинж тэмдэг илэрдэг. Дээрээс нь өвчтөний царай цонхигор , зовиур шаналгаа ихтэй байдаг. Гол шинж тэмдэг нь цусархаг тууралт. Цэгчилсэн хэлбэрээс том одлог цус харвалтууд хонго, гуя, гар, мөч, цээжээр болон нүүр, зовхи нүдний салстад сийрэг цөөн туурна. Тууралт нь халууралт эхэлснээс хойш 4-12 цаг дунджаар 6-8 цагын дотор гарч эхэлдэг. Мөн хамар, ходоод бөөр, өндгөвчөөс цус алдалт, харвалт үүсч болно. Арьсан дээрх том хэмжээний цус харвалт сүүлдээ үхжилт тууралт үүсгэнэ. Булчингаар өвдөх шинж илэрнэ. Таны хүүхдэд дээрх шинж тэмдэг илрэх юм бол яаралтай 103, ХӨСҮТ-ийн 100 дугаарын утсаар дуудлага өг. Маш хурдан эмнэлгийн байгууллагад хандах хэрэгтэй гэдгийн эцэг эхчүүд маань онцгой анхаарах хэрэгтэй.
-Энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Энэ өвчин агаар дуслын замаар дамждаг учраас онцын шаардлагагүй бол бага насны хүүхдээ дагуулж олон нийтийн газраар явахгүй байх нь чухал. Мөн хоолой амны хөндийг эрүүлжүүлэх шаардлагатай. Ер нь энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх гол үндсэн арга нь ерөөсөө л эрүүл мэндийн сахилга бат. Өвчнийг эцэг эхчүүд л тараадаг бөгөөд өвчний нян хамар, залгиурт байдаг. Тэр дундаа залгиурт. Тийм учраас хоолой нь өвддөг, архаг ангинатай хүмүүс даруй эмчлүүлэх хэрэгтэй. Мөн өвчлөл гарч байгаа энэ үед арав, арав хоногоор ээлжлээд хоолойгоо царван, сода, лимон, давсны уусмалаар зайлж байх хэрэгтэй. Энэ бүхэн байхгүй үед буцалсан цэвэр усаар ч хамаагүй хоолойгоо зайлж болно.
Яагаад гэвэл халдвар хүний хамар, залгиур буюу хоолойд байдаг учраас нян үржиж буй орчныг өөрчлөх ёстой. Ингэж нянгийн орчныг өөрчилж чадвал менингококкийн нян маш амархан үхдэг. Түүнчлэн гарын ариун цэврийн маш сайн сахих хэрэгтэй. Мөн хүүхдийг шүлсдэж үнсэхгүй байх нь зөв. Учир нь менингококк нь агаар дуслын халдвар. Тэгэхээр таны шүлсний дуслаар дамжих нь.
-Нийт хэчнээн тохиолдол бүртгэгдсэн бэ?
-Гурван тохиолдол бүртгэгдсэн байгаа. Таван жилийн дунджаас харахад Менингококкийн халдвараар жилд дунджаар 10-аад хүн өвчилдөг.
-Хэдээс хэдэн насны хүмүүс байгаа вэ?
-Бага насны хүүхдүүд халдвар авсан тохиолдол бүртгэгдсэн.
-Нэг хүн нас барсан гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн үү?
-Одоогоор хүн нас барсан тохиолдол бүртгэгдээгүй.
Т.Гэрэл
URL: