Ш.БАТБОЛД: ХҮҮХЭД НЬ АМЖИЛТТАЙ ЯВАА ЭЦЭГ, ЭХЧҮҮД ДАРААХ НИЙТЛЭГ ШИНЖҮҮДТЭЙ БАЙДАГ
Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн харъяа “Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн”–ийн сэтгэл судлаач Ш.Батболдоос хүүхдийн сэтгэлзүйтэй холбоотой зарим асуултад хариулт авч ярилцлаа.
-Эцэг эх болгон хүүхдээ амжилттай, аз жаргалтай амьдраасай гэж хүсдэг. Тэгвэл хүүхдээ амжилтад хүргэхийн тулд эцэг, эхчүүд ямар байх ёстой вэ. Тодорхой судалгаан дээр суурилан гаргасан хүүхэд нь амжилттай яваа эцэг, эхчүүдийн нийтлэг шинж гэж байдаг уу?
-Хүүхэд болгоны танин мэдэхүй, сэтгэл хөдлөл, харилцааны хөгжил өөр өөрийн онцлогтой хөгжиж байдаг. Өөрөөр хэлбэл, дан ганц сурлагын амжилтаар хүүхдийг амжилттай, амжилтгүй гэж дүгнэж болохгүй. Зарим мэргэжлүүд сэтгэхүйн аналитик, логик сэтгэлгээ илүү их шаарддаг бол зарим нь харилцааны мэдрэмж, нэг хэсэг нь урлагийн мэдрэмж, өөр нэг нь хичээл зүтгэл ба тэсвэр тэвчээр шаарддаг. Тэгэхээр эцэг эхчүүд, багш нар юуны өмнө хүүхдийнхээ онцлогийг судлах шаардлагатай байдаг.
Харин АНУ, Канад, Англи, Австрали болон Япон, Сингапур, Хонконг, Өмнөд Солонгос зэрэг орны эрдэмтэд хүүхдийн амжилтад эцэг эхийн зүгээс юу нөлөөлдөг талаар олон судалгаа хийсэн байдаг. Тэдний судалгаанаас тухайн орны онцлог, соёл, эдийн засгийн нөхцөл байдалтай холбоотой хүчин зүйлсийг хасч тооцвол дараах нийтлэг зүйлс ажиглагддаг.
Нэгд, эцэг эх нь хүүхдэдээ маш сайн цаг зарцуулдаг. Хүн амынх нь сэтгэн бодох чадварын дундаж үзүүлэлт өндөр Хонконг, Сингапур, Японы эцэг эхчүүд хүүхдээ багшид даатгаад хаядаггүй, тэдний өдөрт хүүхдэдээ зарцуулдаг цаг нь дунджаар 4-6 цаг байдаг байна. Гэтэл манайд ихэнх эцэг, эх өндөр төлбөртэй, сайн сургуульд хүүхдээ өгсөн бол боллоо гээд хүүхдэдээ цаг зарцуулалт нь багасах хандлагатай.
Хоёрт, эцэг эх хоёрын хоорондын болон хүүхэдтэйгээ харилцах эрүүл харилцаа.
Аав ээж нь хоорондоо хүндэтгэлтэй харилцдаг, стресс бухимдал багатай, аливаа асуудал тулгарахад хоорондоо шийдлийг нь ярилцаж зөвлөдөг байдал гол үзүүлэлт нь. Сэтгэл судлаачдын хийсэн судалгаагаар ийм эцэг эхчүүд нь хүүхдийнхээ хажууд тэдний ойлгох, энгийн хэлээр өдөр тутам тулгарсан асуудлаа ингэж шийдлээ гэж хоорондоо ярилцдаг байна. Аажмаар хүүхэд ч сургууль дээр ийм асуудал боллоо, би үүнийг ингэж шийдлээ, зөв үү буруу юу гэж эцэг эхтэйгээ ярилцаж эхэлдэг. Асуудлыг тодорхой шийдэл рүү чиглэсэн байдлаар ярилцдаг харилцааны хэлбэр хамгийн чухал. Эндээс л өөрийн ба бусдын асуудлыг ялгаж сурах, юуг чадах болон хараахан чадахгүй вэ гэдгээ ухамсарлах, хүн хоорондын харилцаа яаж өрнөдөг вэ гэдгийг ойлгох суурь ойлголт хүүхдүүдэд суудаг.
Гуравт, эцэг эхийн боловсрол. Үүнд, академик боловсролын түвшингээс гадна хүүхдийн хүмүүжил болон сэтгэл зүйн ерөнхий онцлогийн талаар эцэг эхийн мэдлэг бас багтана. Эцэг эхийн эдгээр мэдлэгийн төвшин өндөр байх тусам хүүхдийн өөрийнх нь онцлогт тохирсон мэдлэг чадвартай болох үйл явцыг зөв чиглүүлж чаддаг. Ийм эцэг эхчүүд хүүхдүүдийг нас насанд нь тохирсон гэрийн ажил хийлгэж, хариуцлага хүлээлгэж, бие даах чадвартай, сурлага сайтай болгож хүмүүжүүлдэг.
Дөрөвт, хүүхдээ дэмждэг, сонсдог, өөртөө итгэлтэй хүн болж төлөвшихөд анхаардаг. Хүүхдээ байнга магтаж эсвэл буруу зүйл хийсэн бол загнаад байдаггүй. Харин өөрийн гэсэн сонирхолтой, үзэл бодолтой ХҮН гэдгийг нь хүлээн зөвшөөрч дэмждэг, сонсдог, одоо хийж чадаж байгаагаасаа илүү их зүйлийг хийж чадна гэдэгт ААВ ЭЭЖ ХОЁР НЬ ИТГЭДЭГ гэдгийг ойлгуулдаг. Ийм итгэл хүлээлгэж байгаа шүү гэдгийг мэдсэн хүүхэд өөртөө итгэлтэй хүн болж төлөвшдөг.
Хүүхэд нь муу сурдаг аав, ээжүүдийн нийтлэг алдаа бол тэд хүүхдээ байнга загнадаг
-Эсрэгээрээ эцэг, эхчүүдийн хүүхдээ хүмүүжүүлэхдээ гаргадаг нийтлэг, алдаа дутагдал юу байдаг вэ. Муу эцэг, эхийн нийтлэг шинжүүд?
-Эцэг эхийн хөдөлмөр эрхлэлт, боловсрол, амьжиргааны төвшин, эцэг эхийн гэртээ гар утас хэрэглэдэг цаг, долоогоос доош насны хүүхдийн телевиз үзэх цаг гээд олон зүйлийг хүүхдийн сурлагын амжилт, танин мэдэхүйн хөгжилтэй хэрхэн холбогддог тухай судалгаанууд хийсэн байдаг. Гэхдээ энд сэтгэл зүйн талаас хийсэн судалгааг онцолмоор байна. Зан төлөвийн доголдол, буруу зуршил, тааруу сурлага зэрэг үзүүлэлтүүд нь сургууль, үеийнхний нөлөөнөөс гадна эцэг эх, гэр бүлийн харилцаанаас илүү их шалтгаалдаг гэж судлаачид дүгнэж байна.
Хүүхдэдээ цаг зарцуулдаггүй, байнга хоорондоо маргадаг, харилцааны стресс ихтэй, хүүхдээ дэмждэггүй зэрэг эцэг эхчүүдийн нийтлэг алдаа байдаг. Хүүхдээ байнга загнаж, жижиг алдаа хийсэн ч гэсэн шүүмжилж, хашгирдаг бол хүүхдэд сэтгэл гутралын шинж тэмдгүүд илэрч, өөртөө итгэлгүй болдог. Улмаар ийм хүүхдүүд бие даах чадвараа гээж эхэндээ дуулгавартай байх боловч хэсэг хугацааны дараа зан төлөвийн өөрчлөлтөд ордог. Мөн хүүхдийг хэт их хянах, өөрсдийнхөөрөө байлгах гэж оролдох эсвэл хэт хатуу ширүүн хандаж байнга шүүмжлэх нь тэдний сэтгэл зүйг маш их гэмтээдэг. Хэт хянаж, хүүхдэд тулгамдсан нөхцөл байдал болгоныг өөрсдийнх нь өмнөөс шийдэх нь хожим сэтгэл гутралд амархан автдаг, “өөрийгөө олоогүй хүнийг” бий болгодог.
-Эцэг эхийн зүгээс хүүхдэдээ хичээл номыг нь зааж өгөхдөө илүү их хүчилж, тэр нь улмаар хүүхэд хичээлдээ дургүй болох, магадгүй муу сурах эхлэл болдог юм болов уу гэж боддог. Хүүхдийнхээ хичээлийг сайн хийлгэж, онц сурахад нь аав, ээжийн зүгээс юу хамгийн чухал вэ. Энэ хүндрэл нэн ялангуяа зургаан настнуудад их тулгардаг шүү дээ. Хүүхэд том хүн шиг энэ надад хэрэгтэй, миний ирээдүйд чухал гэх мэтчилэн сэтгэдэггүй?
-Сургуулийн бага ангийн хүүхдүүд аливаа зүйлд суралцахдаа тоглоомоор дамжуулж суралцдаг. Бага ангийн сургалтын хөтөлбөр ч үүн дээр тулгуурлаж хийгддэг. Гэхдээ манай оронд нэг багшид ногдох хүүхдийн тоо хэтэрхий олон учраас багш хүүхэд бүртэй тулж ажиллах боломж байхгүй, агуулгад заасан мэдлэгийг бүгдэд нь яаж тэгш хүргэх вэ гэдэгт л анхаарахаас өөр аргагүй байдалд хүрдэг. Тийм учраас үнэхээр сайн сурлагатай, өв тэгш хүмүүжилтэй хүүхэд болгохын тулд наад зах нь багшид ногдох хүүхдийн тоог багасгаж, сургалтыг чанартай болгох шаардлагатай. Мөн хүүхдийн сурлагын амжилт дан ганц багшаас шалтгаалахгүй, эцэг эх ба багшийн хамтын ажиллагаа, эцэг эхийн хүүхэддээ хандуулах анхаарал маш чухал. Багш ч, эцэг эх ч хүүхдийн өөрийн сонирхол юу вэ, хичээлийг яаж сонирхолтой болгож зааж ойлгуулах вэ гэдэгт онцгой анхаарал хандуулж байж хүүхэд сайн суралцдаг.
ЭХ СУРВАЛЖ: ITOIM.MN
URL: