Хар тамхины хэргээр харь залуу ч сонссон нь
Хар тамхи зөөвөрлөсөн хэргээр цөөнгүй идэр залуус шоронд “амьдарч” байна. Амар хялбар аргаар баяжих сэтгэлийг урхидах хар тамхи гээчийг амьдралд нь ямар хор уршиг тарьсныг тэд шоронд байхдаа л мэдэрч байгаа байх. Манай улсад 1995-2008 оны хооронд хар тамхитай холбоотой 93 гэмт хэрэг гарч 215 хүн холбогдсон байх юм.
Харин сүүлийн гурван жилийн байдлаар хар тамхины нийт долоон хэрэгт 26 хүн ял шийтгүүлжээ. Эдгээрийн 21 нь 18-30 насныхан буюу ид хийж бүтээх идэр насны залуус байгаа юм. Цагаан тахлын хар мөрөөр зөвхбн Монгол төдийгүй бусад орны залуус ч ч холбогдож байна. Тэд манай улсын хилээр хар тамхи оруулах, бусдад дамлан худалдаалсан хэргээр хорих ял шийтгүүлсэн юм.
Үүний нэг ОХУ-ын иргэн Бурдукоиский Роман Юрьевичид холбогдох хавтаст хэргийг сөхье.
ОХУ-ын иргэн Бурдуковский Роман Юрьевичид нь өнгөрсөн оны наймдугаар сард Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын нутаг дэвсгэрээс 1971 оны НҮБ-ын сэтгэцэд нөлөөлөх бодисын жагсаалтад орсон сэтгэцэд нөлөөлөх “Делта 9 тетрагидроканнабинол” бодис агуулсан ургамлыг борлуулах зорилгоор буюу Монголын иргэн Б, Г-т 900 мянган төгрөгийн өрөндөө өгөх зорилгоор хууль бусаар тээвэрлэсэн хэрэгт холбогджээ.
Тэрээр энэ тухай мөрдөн байцаалтад мэдүүлэхдээ “…2010 оны 8-9 дүгээр сард Г-ээс 900 мянган төгрөг зээлсэн юм. Эхнэр, хүүхдээ Дарханд очиж салхинд гаргах гэж тэр. Дарханд очсоныхоо маргааш нь дэлгүүр явахдаа тэр ургамлыг харсан. ОХУ-д байхдаа би тэр ургамлыг татаж үзсэнээ нуугаад яахав. Тэгээд
ч ОХУ-д нас тогтсон хүмүүс тэр ургамлыг цайндаа хандлаад уудаг шүү дээ.
Тэгээд Дарханы хээр гарч найз М-ийн хамт түүнийг түүсэн гэжээ. Гэрч Б мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “…2010 оны долдугаар сарын үед баригдаж байгаа барилгынхаа гадаа ажиллаж байгаад дотор өрөө рүү ортол хоёр давхрын нэг зааланд 20 гаруй шуудайтай ургамлыг нэг сахалтай орос залуу бас нэг хүүхэдтэй эмэгтэй хоёр шуудайнаас нь гаргаад шалан дээр дэлгэж тавиад байсан.
Ямар учиртай ургамал, хэн хэн байсныг анзаараагүй. Тэр өдрөөс хойш гурван хоногийн дараа нөгөө дэлгэж тавиад байсан шуудайтай ургамлууд алга болсон байсан” гэжээ.
Гэрч И.Б “…Намайг ажилдаа ирэхэд манай баригдаж байгаа барилгын хоёр давхрын зааланд ногоон өнгийн ургамал шалан дээр дэвсээд гялгар уутаар хуччихсан байсан. Тухайн үедээ би тэр ургамлыг хөвд байна гэж бодоод дулаалгад хэрэглэх гэж байгаа л юм бодсон. Тэгээд ажил дээрээ орж гараад явж байтал О гэдэг залуу, мөн 30 гаруй насны орос залуу эхнэрийн хамт шалан дээр дэлгэсэн байсан ургамлуудыг эргүүлж, тойруулаад байсан.
Тэд нар манай компанийн байранд өнөөх ургамлаа 2-3 хоног хатаачихаад хар өнгийн жижиг машинд ачаад явсан санагдаж байна. Тэр ургамлууд бараг 20 гаруй шуудайтай байх шиг байсан. Тухайн үед тэр орос залуугаас “Юун ургамал юм бэ” гэхэд “Эмийн ургамал” гэж хэлсэн.
Гэрч Ж.Б”…2010 оны наймдугаар сард байсан шиг санаж байна яг хэзээ гэдгийг нь санахгүй байна. Ажил дээрээ байж байсан чинь надтай цуг Улаанбаатар хотын Сонсголонгийн шоронд цуг ял эдэлж байсан О гэх залуу ирээд “Найз нь хэдэн шуудай эмийн гаралтай ургамал хот руу авч явах гэж байгаа юм. Маргааш ирээд авчихъя гэхээр нь барилгынхаа хоёрдугаар давхарт оруулсан юм” гэжээ.
Сэжигтэн Г “…Роман надаас зээлсэн мөнгөө өгөхгүй болохоор нь түүнийг “Ханилгаагүй найз байна шүү” гэж хэлтэл тэрээр архи уусан байсандаа тэгсэн үү надруу хараалын үг хэлээд л байсан. Роман надад ямар ч өвс ургамал өгөөгүй. Би мөнгөө нэхэх зорилготой гэрт нь очсон болохоос биш түүнээр өвс ургамал түүлгэж бэлтгүүлэх ямар ч зорилго байгаагүй. Миний хувьд Романтай нийлж өвс ургамал болон өөр ямар нэг зүйл хэрэглэж мансуурч байгаагүй” гэжээ.
Хэргийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Бурдуковский Роман Юрьевичид Эрүүгийн хуулийн 246.2, 283, 286, 294,297,298-т заасан үндэслэлээр нэг жилийн хорих ял ногдуулсан юм.
Д.Гэрэл
Эх сурвалж: “Зууны мэдээ”
URL: