МАН “махны машин” хэвээрээ юу?
Оны өмнөхөн МАХН нэрнээсээ татгалзаж, МАН нэр авсан улс төрийн ууган намын гишүүдээ намнадаг арга барил яг хэвээрээ байна. Нийгмийн ардчиллын аян өрнүүлж, намын шинэчлэл нэрээр гишүүдийнхээ тархийг нэлээдгүй угааж байж нэрээ сольсон экс МАХН-ын дарга нар өөрсдийг нь эсэргүүцсэн гишүүдээ нэг нэгээр нь намнаж эхэллээ. Саяхан УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр хэвлэлийн бага хурал зарлаж, өөрийг нь машинаар хөөж мөргүүлсэн, өглөө гарахад нь нөөтбүүк, зургийн аппаратаар өвч зэвсэглэсэн хар хувцастай залуус үүдэн дээр нь отож байдаг тухай аймшгийн кинонд л гарч болох зүйлийг нүдээ бүлтэлзүүлэн ярьсан билээ.
Тэд МАН нэрээс татгалзаж, МАХН-ын гишүүн хэвээр байя гэснийхээ төлөө намынхаа удирдлагуудаас иймэрхүү гэсгээл амсаад байгаа аж. Түүгээр ч зогсохгүй яамныхаа тендерийг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын хувийн компанид өгч, УИХ-ын гишүүдийн асуулгад хариулахгүй үл тоомсорлосон Эрдэс баялаг, эрчим хүчний сайдыг огцруулах шаардлага гаргасных нь төлөө УИХ-ын гишүүн Ц.Батбаярын ах дүү, хамаатан садангийнх нь компанид мэргэжлийн хяналтаас нэгэн зэрэг шалгалт оруулаад байгаа гэнэ. МАХН “махны машин” байсан, МАН болсон ч хэвээрээ бололтой.
Б.Гал
URL: