“Цагдаа зэвсэг хэрэглэснээ мэдүүлсэн байсан”

Цагдаагийн удирдлагуудад холбогдох  долдугаар сарын 1-ний хэргийг энэ сарын 2-ны өдөр нийслэлийн Прокурорын газраас Сүхбаатар дүүргийн шүүхэд  шилжүүлсэн билээ. Улсын ерөнхий прокурорын дэргэдэх Мөрдөн байцаах албанд шалгаж  дууссаны дараа үймээний үеэр амь насаа алдсан дөрвөн иргэний ар гэрийнхэн хавтаст хэрэгтэй танилцсан юм. Уг хэргийг сэргээн шалгах хүсэлтийг Ерөнхий прокурор Д.Дорлигжавд удаа дараа тавьж байсан  Ц.Энхбаяраас /талийгаач Э.Доржсүрэнгийн аав/ уг хэргийн эргэн тойрон дахь асуудлаар зарим асуултад хариулт авлаа.

-Долдугаар сарын 1-ний хэрэг шүүхэд шилжлээ. Хавтаст хэрэгтэй танилцсан хүний хувьд та бидэнд мэдээлэл өгөөч?

-Анх  энэ хэрэг  албан ажилдаа хайнга хандсан гэх зүйл ангиар яваад өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан. Харин одоо бол  294.2-т  буюу   эрх мэдэл албан тушаалынхаа байдлыг урвуулан, албаны бүрэн эрхээ хэрэгжүүлээгүйгээс онц их хэмжээний хохирол учруулсан гэх зүйл заалтаар яллах дүгнэлт үйлдсэн байгаа. Хэдийгээр зүйл анги нь өөрчлөгдсөн ч хавтаст хэрэгтэй танилцахад  өмнөхөөсөө  өөрчлөгдсөн  нь ховор байсан.  Гэхдээ хуулийнхан өөрөөр харж байгаа болов уу. Миний хувьд хэдийгээр прокурор энэ хэргийг нотлох хангалттай баримт бүрдсэн гэж хэлж байгаа ч яг Доржсүрэн гэдэг хүнийг Бат гэдэг цагдаа буудсан гэдгийг тогтоож хэлж мэдэхгүй шүү дээ.

-Цагдаагийн удирдлагуудыг хавтаст хэрэгтэйгээ танилцаж амжаагүй байхад шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл “Өнөөдөр” сонинд гарсан байна лээ?

-Хэрэгт холбогдсон цагдаагийн дарга нар  хавтаст хэргээ прокурорын хяналтад шилжихээс өмнө 14 хоногийн хугацаанд танилцсан гэсэн байх аа.  Анх энэ хэрэг  шүүхэд шилжихээс өмнө цагдаагийн удирдлагууд хагас жил орчим хавтаст хэрэгтэй танилцаад гарын үсгээ зурсан юм билээ. Сэргээн шалгаснаас хойш  олон хуудас хавтаст хэрэг нэмэгдээгүй. Тэгэхээр хугацаа бага орох ёстой.

-Цагдаагийн удирдлагуудаас гадна цагдаагийн алба хаагчдыг шалгаж байгаа юм уу. Энэ хэрэгт  нэмж хүмүүс шалгаж байгаа учраас удааширч байна гэсэн мэдээлэл байсан?

-Тухайн үед  үүрэг гүйцэтгэж байсан хэд хэдэн цагдаагийн алба хаагчдад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91.1 буюу хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэсэн. Гэхдээ  албан хаагчдын хэргийг цагдаагийн дарга нарын хэргээс тусгаарласан. Прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албанд шалгагдаж байхад цагдаагийн албан хаагчдын хэргийг дарга нарынх нь хэргээс салгаад түдгэлзүүлсэн гэж дуулсан юм байна. Тэгэхээр одоо шүүх рүү шилжсэн хэрэгт зөвхөн цагдаагийн удирдлагуудын хэрэг хамаатай.

-УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин саяхан галт сумны хонгио,  цагдаагийн тэмдэглэл хөтөлсөн дэвтрийг олон нийтэд дэлгэсэн. Та  тэр тэмдэглэлийн дэвтрийн хавтаст хэргээс харж байсан уу?

-Үймээнээр амь үрэгдсэн таван хүний ар гэрийнхэнтэй хамгийн ойр байсан хүн Х.Тэмүүжин гишүүн.  2008 онд  Х.Тэмүүжин гишүүн баримтуудыг Ерөнхий прокурорт хүргүүлсэн ч  тэр үед хэргийг хяналтын шатнаас Өршөөлийн хуульд хамруулсан. Бас  цагдаагийн албан хаагчдын хэргийг ч  хэрэгсэхгүй болгосон. Гэхдээ сэргээн шалгаснаас хойш тэр тэмдэглэлийн дэвтэр, баримтууд хавтаст хэрэгт явж байгаа. Ер нь цагдаа галт зэвсэг хэрэглэснээ хүлээсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт байсан л даа.

С.Отгон

URL:

Tags:

Сэтгэгдэл бичих