Ц.Батбаяр: Өөрсдөө жүжиг тоглооч
Ц.Батбаяр нарын УИХ-ын гишүүд Эрдэс баялаг эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах өргөдлийг өргөн бариад байгаа билээ. Үүнээс л болоод өөрт нь элдэв дарамт ирсэн тухай мэдээлэл цацагдаад байна. Энэ талаар УИХ-ын гишүүн Ц.Батбаяртай ярилцлаа
-Д.Зоригт сайдыг огцруулах асуудал олон нийтийн анхаарлын төвд байна. Энэ асуудлыг анх гаргаж тавьсан хүний хувьд МАН-ын удирдах зөвлөлийн шийдвэрт сэтгэл дундуур байгаа байх?
-Нэгэнтээ МАН-ын удирдах зөвлөл асуудлыг хэлэлцээд огцруулах үндэслэлгүй байна гэх шийдэр гаргасан. Энэхүү шийдвэрийг намын бүлгээрээ хэлэлцэж, санал хураалт явуулахад олонх нь удирдах зөвлөлийн шийдвэрийг дэмжлээ. Цөөнх нь эсэргүүцэж гар өргөсөн. Улстөрчдийн олонх нь аль нэг улс төрийн намаас нэр дэвшиж томилогддог учир тэдний гаргасан шийдвэрийг хүндэтгэн үзэх хэрэгтэй. Гэхдээ миний болон Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ зэрэг гишүүдийн тавьсан баримт пакт, итгэл үнэмшил гэж байна. Мэдээж огцруулах хангалттай үндэслэлтэй гэж үзэж байгаа. Тэд яахав, өөрсдийнхөө томилсон хүнийг сайдын суудлаас нь огцруулахыг хүсэхгүй байгаа болов уу. Түүнээс биш би улс төрийн шоу хийх гээд юм уу, хүний мууг үзэх гэсэн сонирхол байхгүй.
-Сайдыг огцруулах долоон үндэслэл гаргаж тавьсан. Үүнд ямар ямар асуудал багтаж байгаа билээ?
-Долоон өөр, бас чухал үндэслэл бий. Хамгийн гол нь УИХ-аас 57-р тогтоолын биелэлтийг шалгах ажлын хэсгийг Төсвийн байнгын хорооноос гаргасан. Гэтэл ажлын хэсгийнхэнд ажиллах нөхцөл бололцоо байхгүй. Мэдээлэл дутуу, эсвэл буруу. Тэрийгээ өгсөн гэж ярина. Үүнтэй холбогдоод ажлын байр нэмэгдүүлэх, төсөвт мөнгө оруулах, татварын орлого гээд бүх эх үүсвэрийг шалгаж үнэлэлт дүгнэлт өгөх ёстой ажлын хэсгийнхний ажлыг хийлгэхгүй байна. Хувийн нэг муу компани төрийн дээр гарсан гэхэд хилсдэхгүй. Нөгөөтэйгүүр Налайхын олон хүн амь насаа алдаж буй асуудлыг цогцоор нь шийдэх Засгийн газрын 89 дүгээр тогтоол гарч үүрэг өгсөн ч биелээгүй. Сэргээгдэх эрчим хүчний ажил хэрэгжихгүй, хийсэн ажил нь чанаргүй, үр дүнгүй. Тэрийгээ төсвөөс мөнгө гаргах юм уу олон улсын байгууллагаас орж ирсэн хөрөнгийг дахин үр ашиггүй зардаг гээд дурдаад байвал олон зүйл байна.
-Бүлгийн хуралдаан дээр чухам ямар асуудал яригдсан бэ. Танай намын гишүүд энэ тал дээр ямар байр суурь илэрхийлж байна?
-Сүртэй юм болоогүй. Олонх нь огцруулахыг дэмжихгүй байгаа болохоор 7-8 хүн Д.Зоригт сайд бид хоёрт асуулт тавьсан байх. Бүлгийн хурлаар айхтар хурц асуудал яригдаагүй. Үүнийг энэ асуудлыг дэлгэн тавьсан шалтгаан, яагаад гэнэт оруулж ирсэн бэ гэх мэт асуултын хүрээнд болоод өнгөрсөн.
-Ерөнхий сайдын айлчлалаас болоод Д.Зоригт сайдын асуудлыг тодорхой хугацаагаар хойшлуулсан. Үүнийг асуудлыг замхруулах гэсэн оролдлого гэх юм. Таныг ч элдвэрээр дарамталсан гэх юм?
-Надад дарамт, шаардлага ирээгүй. Би Гадаад харилцааны сайдтай энэ талаар ярилцаж байгаад л гаргасан шийдвэр. Миний дэвшүүлсэн асуудлыг хэлэлцэхээр бол Ерөнхий сайдын айлчлал хойшлох байсан. Улс орны дотоод асуудал байгаа ч гэсэн гадаад харилцаа, айлчлал чухал юм. Ялангуяа Арабын орнуудтай харилцана гэдэг амаргүй. Айлчлалын хөтөлбөр бүх зүйл бэлэн болсон байхад хатгаас хийх маягаар асуудалд хандах ёсгүй гэсэн байр сууриар хандаж хойшлуулсан.
-Гэхдээ Л.Гүндалай гишүүн Б.Жаргалсайханыг Үйлдвэр худалдааны сайд байхад нь огцруулах санал өгөөд буцааж татахад УИХ-ын дарга Ц.Нямдорж гуай эсэргүүцэж хуралдаанаар оруулж байсан. Гэтэл нэг айлчлалаас болоод асуудлыг хойшлууллаа гэж шүүмжлэх нэгэн ч байна?
-Тухайн үеийн асуудал тэр үедээ л болсон. Миний хувьд Д.Зоригт сайдын асуудлыг айлчлалаас болж хойшлууллаа гээд бухимдаагүй. Ямар ч гэсэн Ерөнхий сайдыг айлчлалаа дуусгаад ирэхээр журмын дагуу хэлэлцэх нь тодорхой.
-Таны утсыг чагнаж, бас намын зүгээс дарамт үзүүлж байна гэх юм?
-Миний утсыг чагнаж байна уу гэдгийг би мэдэхгүй л байна. Одоогоор тийм зүйл болоогүй. Асуудлыг хэлэлцсэний дараа тодорхой зүйл ярьсан нь дээр байх. Гэхдээ дургүйцэх хүн байгааг үгүйсгэх аргагүй л дээ.
-Үүний дотор кокжсон түлшний үйлдвэрийн тендерийн асуудлыг та нэлээд эртнээс сөхөж байсан санагдана. Байнгын хорооны хуралдаан дээр энэ асуудлаар Д.Зоригт сайдтай маргалдаж, будлиантай тендерийг шалгуулна гэж байсан. Энэ асуудал ямар шатандаа явж байгаа вэ?
-Д.Зоригт сайдын тендерээр шалгаруулсан “Аморе интернэшнл” компанийг шалгуулж эхэлсэн. Коксжсон түлшний үйлдвэрлэл явуулах боломжгүй энэ компанитай холбоотой баримт материалыг цуглуулж байна. Мэргэжлийн байгууллагуудад нь хандсан байгаа. Энэ компани 70 сая төгрөгийн хөрөнгөтэй, 16 ажилтантай, 2009 онд засвар үйлчилгээ хийх тусгай зөвшөөрөл авсан юм билээ. Харин коксжсон түлш хийнэ гэдэг нарийн. Зүгээр нэг засварын компанийн хийчих ажил биш. Би хотын даргаар ажиллаж байхдаа утаагүй түлшний үйлдвэр байгуулахыг санаачилж, дэмжиж явсан. Төсвийн байнгын хорооны хурал дээр энэ талаар тодорхой хэлсэн шүү дээ. Тендерийн тухай хуулинд мэргэжлийн байгууллага байх, хөрөнгө санхүүгийн чадавхитай байх, баталгаа гаргасан байх гээд олон зүйл бий. Дээрх компанийг хуулийн хүрээнд шалгасны дараа хууль бус болох нь тогтоогдох биз дээ.
-Таны хувьд коксжсон түлшний үйлдвэрийг ТЭЦ 2-ыг түшиглэж байгуулна гэж байсан. Харин Д.Зоригт сайд ТЭЦ 2-т шаардлагатай технологи нь байхгүй гэж байсан л даа. Өөр ямар боломж байна вэ?
-ТЭЦ 2-ын текник эдийн засгийн үндэслэлийг тодруулсны дараа үйлдвэр байгуулах тухай ярих гэж байтал гэнэт л “Аморе интернэшнл” гэх компанийг оруулаад ирсэн. Харин ТЭЦ 2-ын төслийг инженер техникийн ажилтан, техник технологийн судалгааг газар дээр нь хийж байж гаргасан юм. Үүнээс өөр боломж ч байж болно. Жишээ нь, өнгөрсөн долоо хоногт би Дарханы жилд 25 мянган тонн коксжсон түлш үйлдвэрлэх хүчин чадалтай компанийн үйл ажиллагаатай зориуд очиж танилцлаа. Үндсэндээ байшингаа барьж, үйлдвэрээ оруулж ирэхэд л 300-400 сая төгрөг зарцуулж. Найман үйлдвэр барихад жилд 200 мянган тонн түлш үйлдвэрлэх нь. Үйлдвэрийн байр, ажилчид нь бэлэн байна. Энд байгуулж яагаад болохгүй гэж.
-Их мөнгөний ажилд ханцуй шамлан орж ажлаа эхлээ ч үгүй байж мөнгө авлаа гэх гээд байна уу?
-Мэдээж шүү дээ. 2010 онд таван тэрбум, 2011 онд 9.2 тэрбум, 2012 онд 1.7 тэрбум төгрөг тусгахаар төлөвлөөд байгаа. Ажлаа эхлүүлж тодорхой үр дүнд хүрсний дараа хөрөнгийг их хэмжээгээр олгодог журамтай. Гэтэл ажлаа эхлүүлэх цэг ч тавиагүй байгаа компанид хоёр тэрбум төгрөг зүгээр өгчихөөд том дуугараад байна. Төрийн сан төсөвт өртөг хоёр чинь зөрүүтэй. Хөрөнгийн чадвартай компани л тендерт ялах ёстой. Гэтэл өнөөдөр хөрөнгийн чадваргүй, мэргэжлийн бус, өмнө нь хийсэн ажлын туршлагагүй л компани байгаа шүү дээ.
-Сайдыг огцруулах ажлын эргэн тойронд урт нэртэй хуулийг хэрэгжүүлэхгүй байна гэх асуудал нэг үндэслэл нь болоод байгаа шүү дээ?
-Энэ асуудлаар манай Ц.Сэдванчиг гишүүн илүү ярина. Гол мөрний урсац бүрэлдэх усан сан бүхий газар ашигт малтмал олборлохыг хориглох тухай хууль батлагдсанаас хойш ашигт малтмал олборлох 192 тусгай зөвшөөрлийг Д.Зоригт сайдын толгойлж буй Эрдэс баялаг эрчим хүчний яам, Ашигт малтмалын газар хуулиа ноцтой зөрчиж олголоо. Энэ бол яах аргагүй томоохон үндэслэлийн нэг л дээ.
-Төсвийн мөнгийг үр ашиггүй зарж, тендер будлиантуулж байгаа улстөрч ганц Д.Зоригт сайдаар дуусахгүй байх. Д.Зоригт сайдыг онцолсонд учир бий юу?
-Хэн нэгэн рүү чичилж, дайрч давшлахдаа гол нь биш. Бид шинэчлэлийг, хөгжлийг өөрсдөөсөө эхлэх учиртай. Сангийн сайдын асуудал ч гишүүдийн дунд яригдаж л байгаа шүү дээ.
-Д.Зоригт сайд та бүхний гаргасан үндэслэлийг хэрхэн хүлээн авсан бол?
-Тэрийг би мэдэхгүй. Өөрөө л энэ талаар тайлбар хийх байх. Өөртөө их бардам хүн юм байна. Тийм байлаа гээд улс орны эрх ашгийг хойш нь тавьж болохгүй шүү дээ.
-Таны мэдэлд компани байдаг юм уу. Таныг асуудал үүсгээд ирэнгүүт түүнийг чинь шалгаж эхлэх гэж байна гэх яриа байна л даа?
-Надад шалгуулаад байх юм байхгүй шүү дээ. Зарим хүмүүс “Ургах наран” хороолол Ц.Батбаярынх гэж ярьдаг гэсэн. “Ургах наран” хороолол надтай ямар ч хамаагүй. Хотын дарга байхдаа Улаанбаатар хотын бөөгнөрлийг тэлэх зорилгоор хотын захад орон сууцны хороолол барихыг санаачилж эхлүүлсэн ажил маань юм. Үүнийг л надай холбож ярьж байгаа болохоос би очоод барьсан юм уу, манай дүү нар бариад байгаа зүйл байхгүй л дээ. Дүү нарын “Гантиг” гэж барилгын компани бий. Тэр компани хэзээ ч миний нэр дээр байгаагүй. Миний асуудал бизнес эрхэлж буй дүү нартай хамаагүй. Шалгавал шалгана л биз.
-Энэ асуудлыг яагаад өнөөдөр сөхөх болсон юм бэ. Хэн нэгний хатгаас гэх хардлага байхыг үгүйсгэхгүй?
-Жилийн өмнөөс л эрчим хүчний салбар доголдож байгаа тухай ярьж эхэлсэн. Дулаан хангамж, гэрэл цахилгаан хүрэлцэхгүй байна, тавдугаар цахилгаан станц барих ажил удаашралтай байна гээд л. Ярьж байна, судалж байна, төсөл боловсруулж байна гээд бүтэн таван жил боллоо, бодит үр гарсангүй. Би өнгөрсөн оны зургадугаар сараас Ерөнхий сайдад хандаж Д.Зоригтод хариуцлага тооцооч хэмээн албан бичиг хүргүүлсэн. Аравдугаар сард Ерөнхий сайд болон УИХ-ын даргад, Д.Зоригт сайдад өөрт нь хүртэл албан бичгээр мэдэгдэж байсан. Шат дараатай явж байж тавигдсан асуудал болохоос гэнэт л нэг өдөр гаргаж ирээгүй.
-УИХ-ын шийдвэр хэний талд гарах бол. Та бүхний гаргасан асуудал бас үр дүнтэй байх хэрэгтэй байх л даа?
-Хэн ч урьдчилан тааварлах боломжгүй. УИХ-ын бүрэн эрхийн асуудал болохоос миний мэддэг зүйл биш л дээ. Мэдээж тавьсан асуудал өөрсдийн талд шийдэгдээсэй гэж хүсч байна. Хэний зөв хэний буруу болохыг ард түмэн харж байгаа болов уу. Телевизийн шууд нэвтрүүлэгт орж байхад иргэдээс авсан санал асуулгаар 700 гаруй хүн Д.Зоригт сайдыг огцруулахыг дэмжсэн, 100 гаруй хүн дэмжээгүй байна лээ. Үүнээс бас тодорхой хэмжээний дүр зураг харагдаж л байгаа байх.
-Эрдэс баялаг эрчим хүчний сайдын ажлыг хийх боловсон хүчин олон байгаа юу?
-МАН өөрөө боловсон хүчин сайтай. Тэр дундаа эрчим хүчний салбарт. Тэгэхээр улс орны эрх ашгийг нэгдүгээрт тавьж ажиллах боловсон хүчин байх нь гарцаагүй. Монголчууд хүнээр дутдаггүй гэж ярьдаг биз дээ.
-Таныг СУИС-ийг төгссөн сайн жүжигчин гэж зарим гишүүд ярьж байгаа гэсэн?
-Надад жүжиглэх шалтгаан алга. Тэгэж ярьж байгаа хүмүүс нь өөрсдөө жүжиг тоглооч гэж хэлмээр байна. Өөрөө жүжиг тоглодог улсууд тэгэж ярьж байгаа байлгүй.
-Таныг Д.Зоригт сайдын асуудлыг сөхөж тавьснаас хойш нам, улс төрийн харьяаллын зүгээс ямар нэг дарамт ирж байна уу?
-Одоохондоо тодорхой мэдэгдсэн зүйл алга. Бүлгийн хурлаар олонхын шийдвэр гарсан болохыг надад танилцуулсан. Түүнээс өөр надад ямар нэгэн байдлаар шаардлага ч юм уу, шахалт ирүүлсэн зүйл алга. Хүмүүсийн харилцаа өөрчлөгдөөгүй л байна.
С.Отгонсүрэн
URL: