Засаг дарга нар үнэд орох нь
Багагүй хугацаанд дуншсан сонгуулийн хууль оны өмнө арай гэж батлагдсан. Шинэ хуулийн дагуу бол 2012 оны сонгууль өрсөлдөх нэр дэвшигчид хуучных шиг дураараа дургиж, мөнгө цацаж, хүн амьтан дайлж цайлах нь хязгаартай болж байгаа юм. Ерөнхийдөө иймэрхүү утгатай заалтууд шинэ хуулинд байгаа.
Гэтэл эхнээсээ зарим гишүүд өөр арга хэрэглэж эхэлж байх шиг. Жшнээ нь, Ховд аймгийн Дарви сумаас нэр бүхий гишүүн багш нарыг нь авчирч семинарт суулгах гэнэ. Гэхдээ үүнийгээ эвтэйхэн аргаар шийдсэн байгаа юм.
Багш нарыг семинарт суулгах ажлыг сумын Засаг дарга ч биш сургуулийн захирал бие даан зохион байгуулж байгаа юм билээ. Мөн ч сайн захирал байгаа биз дээ. Тэгээд хаа байсан Дарви сумаас Улаанбаатар ирэх зардлыг нь сургуулийн захирал өөрөө гаргаж байгаа гэсэн.
Семинарын хөтөлбөрт Ховд аймгаас сонгогдсон гишүүдтэй уулзах, төрийн ордноор зочлох гээд янз бүрийн үйл ажиллагаа байгаа юм гэнэ билээ. Яаж ч бодсон сургуулийн захирал зохион байгуулж байгаа гэхэд итгэмээргүй байгаа биз дээ. Ядаж аймгийн хэмжээнд гайгүй сайн гэсэн багш нараа сонгоод, Улаанбаатарт болох семинарт явуулж байгаа бол итгэх байх.
Гэтэл ганцхан сумын багш нар, тэгээд захирал нь зардлыг нь даагаад ирж семинардаж, сэм найрлана гэхээр нэг л үнэмшилгүй байгаа юм. Нэг суманд ядаж 30 багш байж таарна. Тэгээд Ховд аймгаас Улаанбаатар руу зөвхөн автобусаар явахад 65 мянган төгрөгийн зардалтай. 30 багш гэхээр хоёр сая төгрөг болно.
За тэгээд замдаа хоол унд идэж, ууна, Улаанбаатарт ирээд зочид буудалд байрлана гээд тооцоод үзвэл сургууль битгий хэл сум дийлэхгүй их зардал гарна биз дээ. Үүнээс аваад үзвэл, яаж ч бодсон тухайн тойргоос сонгогдсон гишүүний сумын Засаг даргатай хамтарч хийж байгаа ажил шиг харагдаад байгаа юм.
Эрхэм гишүүн хууль зөрчихгүйн тулд сумын Засагтай тохироод, нэг сумын багш нарыг хөдөлгөж, сурталчилгаагаа хийж байгаа биз, аягүй бол. Гэхдээ энэ ажилд сумын Засаг дарга том үүрэгтэй оролцож байгаа байх. Ер нь цаашид энэ мэтээр сум, хороо, багийн Засаг дарга нар үнэд орох шинжтэй дэг шүү. Нэгэнт сонгуулийн шинэ хуулиар эрхэм гишүүд хүүхдүүдэд чихэр, залууст мөнгө, настайчуудад цай, халуун сав тарааж чадахаасаа өнгөрсөн.
Цагаан сараар ахмадуудаа хүлээж авч, хэвийн боов, ууц тараах ч хориотой шүү дээ. Тэгэхээр нийслэлд өрсөлдөж байгаа гишүүд хороодын Засаг дарга нарын хөлд сууж таарах гээд байгаа юм. Хорооны Засаг дарга дугаар хорооныхоо ахмадуудыг цуглуулаад, өөрөө тавгын идээ, ууц, цай гардуулж байгаа царайлана биз дээ, харин ч нэг.
Тэр зуураа чихэнд нь “Эрхэм гишүүн танд өгүүлж байгаа юм шүү. Саналаа өгөөрэй” гээд шивнээд байхаа мэдэх байлгүй. Хэдэн хөгшний чихэнд эрхэм гишүүний нэрийг шивнэсэн хүнд хөдөлмөрийнхөө хөлсийг ч гайгүй авчих байх. Сум, багийн Засаг дарга ч ялгаагүй. Дээрх жишгээр ажиллаад байх бололтой. Тэгээд сонгууль болохоор санал хураах байрны үүдэнд суучихаад, бэлэг гардуулсан хүмүүсээ ирэхээр чихэнд шивнэсэн үгээ дахиад нэг давтана. Ингээд үр дүн гарвал дахиад шагнал хүртэнэ дээ. Энэ жил ч Засаг дарга нар үнэд орохын дээдээр орох нь ээ.
Н.Пунцаг
Эх сурвалж: “Монголын мэдээ”
URL: