Ааваа . . . 1

Ааваа! та минь энэ оргүй ертөнцийн хаах нь явна даа

- Энд, яг хажууд чинь, чамтай хамт явна

- Айн! Тийм гэж үү? Та намайг цочоочихлоо  Харин тэглээ хүү минь. Аав нь өөрийгөө мартчихаж. Аав нь чамтай үргэлж л хамт байгаа
- Ингэж л хамт байх байсан юм бол яах гэж явсан юм бэ?
- Хүүдээ муу муухай бүхнийг үзүүлэхгүй гэсэндээ л тэр. Миний хүү ойлгож л байгаа
- Юун муу муухай гэж?
- Өвчин . . . Өвдөх гэдэг чинь тийм ч сайхан зүйл биш байна шүү дээ.

- Та биднийг тэгтлээ их зовоогүй шүү дээ
- Аав нь яалаа гэж хүүхдүүдээ зовоох билээ. Тэгж болдоггүй юм.
- Гэхдээ та бидэнтэй цугтаа байсан бол . . .
- Байсан бол уу? байсан бол та нар минь өдий болтол шаналсаар байх байсым. Жинхэнэ өвдөлт аавыг нь хэрхэн мэрэн идэж, бүх яс минь үе үеэрээ мултарч байгааг мэдрэх байсым. Өвчиндөө шаналсан өвгөн хүн тэсвэрээ баран орилохыг харах байсан. Орчлон хорвоод гомдсон гомдлын дууг юу боллоо гэж аав хүүдээ сонсгохов дээ.

- Та их хол явсан уу?
- Тиймээ, миний хүү! Аав нь ихээ хол явсан. Гэхдээ энэ хол гэдэг чинь чи бидний мэддэг тэр зай биш шүү дээ.
- Тэгээд ямар гэж?
- Дахиж ирэхгүйгээр хол.
- Дахиж ирэхгүйгээр гэдэг чинь уртын хэмжүүр гэж үү? Та энд, миний хажууд байна гээ биз дээ?
- Үгүй ээ, Уртын биш холын хэмжүүр . . .

- Хүү нь таны номыг хэвлүүлсэн.
- Тийм байна лээ
- Та яаж мэдээв? Би амжаагүй ш дээ.
- Аав нь хэвлүүлнэ гэдгийг чинь мэдэж байсан. Тэр ч байтугай чамайг номоо тэвэрчихсэн, хачин их харууслын нулимстай гүйж явна гэж төсөөлдөг байлаа.
- Намайг амжаагүйд, үнэндээ бол тэр үед ухаараагүйд хүүдээ гомддог уу?
- Үгүй дээ. Ээж, аав нар хэзээ ч хүүхдэдээ гомддоггүй юм ш дээ.

- Та ядарч явна уу?
- Үгүй дээ, Энд ядрах юм алга. Зүгээр л ганцаардаж байна. Ийм удаан хугацаанд ганцаараа байж үзээгүй болохоор тэр байх л даа
- Эмээ наана чинь байна уу?
- Аав нь ээжийгээ олоогүй л явна. Ер нь таардаггүй бололтой юм. Хязгааргүй юм байна шүү дээ, энд. Хий дэмий л та нар луугаа эргэж буцах юм. Энэ харин буруу бололтой.
- Яагаад ч юм би таныг боссон ч, хэвтсэн ч, суусан ч, зүгээр л алхсан ч бодож, бодох тусам амилах юм.
- Харин тийм л болохоор аав нь улам бүр алсрах хэрэгтэй байна.
- Гав ганцаараа юу?
- Яг үнэндээ бол та нараас өмнө аав нь ганцаараа л байсан юм шүү дээ. Тэгэхээр хүү минь чи аавынхаа гишгэж явсан шороог хөдөлгөж, илбүүлж байсан салхиар үнсүүлж, үзэж байсан нарыг өдөр өдрөөр харж, аавынхаа үргэлжлэл болж яваа байгаа болохоор аав нь энэ хязгааргүйн гүн рүү уусан одох хэрэгтэй. Цаг нь ч болсон байх.
- Би таныг маш их санандаа.
- Тиймээ, миний хүү аавыгаа санана. Тийм учраас л чи миний хүү юм шүү дээ.
- Ааваа, та санадаг уу? Би таван настай л байсан байх. Та надтай өдөржингөө нуугдаж тоглож билээ. Сүүлдээ та бүр олдохгүй болчихоод би уйлаад л . . . одоо бодоход их инээдэмтэй. Та тэгэхэд хаана нуугдчихсан байсан бэ? Ааваа!
- . . .
- Та сонсож байна уу?
- . . .
- Ааваа! . . . Та хайччихваа? Явчихаж байгаа юмуу?
- . . .
- Арай бүр биш биз дээ? Та дуугарал даа.
- . . .
- Ааваа! . . .

Түмэнбаярын Бум-Эрдэнэ


URL:

Сэтгэгдэл бичих