Г.Нямдаваагийн хэрэгт УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татах уу

nymdavaaАгаар, орчны бохирдлыг бууруулах, утааг арилгах нэрээр эрх бүхий албан тушаалтнууд төсвийн хөрөнгийг зүй бусаар зарцуулж, хувьдаа ч завшиж, хамаарал бүхий хүмүүстээ ч олгон, шамшигдуулах болсон. 2012-2016 оны Засгийн газрын үед эрх бүхий албан тушаал хашиж байсан хүмүүсийг “Нүүрс” хөтөлбөр, “Цэвэр агаар” сангийн хөрөнгийг завшиж үрэгдүүлсэн хэрэгт ял шийтгэж, тухайн үедээ дуулиан болж байлаа. Улаанбаатарын утааг бууруулах чиглэлээр төр засгаас сүүлийн 10 жилд хэрэгжүүлсэн олон төсөл, хөтөлбөрт татвар төлөгч, гадаадын хандивлагчдын зээл тусламжаас ойролцоогоор нэг их наяд төгрөг зарцуулсан гэсэн албан бус тооцоо бий.

Утаа арилж, уушгины өвчлөл дорвитой буурахаар хөрөнгө зарцуулсан ч бахь байдгаараа. Яагаад ийм болсны учрыг ярих, бичих ч хэрэггүй, уншигчид гадарлаж буй. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байгууллагын эрх мэдэлтнүүд өөрсдийн эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, иргэдийн татварт төлсөн мөнгөөр халаасаа дүүргэдэг, улстөрчид нөлөөлдөгтэй холбоотой гэдгийг бүгд л мэдэх болсон. Улстөрчид нөлөөлдгийн бодит жишээ болсон нэг хэргийг АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж байна. Утааг бууруулах хөрөнгөөс завшигчдад

“Агаар чухал уу, мөнгө чухал уу гэж эргэлзээд байвал амьсгалахгүйгээр мөнгөө тоолоод үз” гэмээр байгаа юм.

ЦЭРГИЙН АНГИЙГ УТААГҮЙ ЗУУХТАЙ БОЛГОХ 1.9 ТЭРБУМ ТӨГРӨГИЙГ ХЭН ТӨЛӨХ ВЭ

БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдавааг албаны эрх мэдлээ урвуулан ашиглаж, хууль тогтоомж зөрчин, бусдад давуу байдал олгосны улмаас улсын төсөвт нэг тэрбум 900 гаруй сая төгрөгийн хохирол учруулсан хэрэгт холбогдуулан шалгах болсон. Өдгөө түүнийг албан тушаалаас нь түдгэлзүүлээд буй билээ. Г.Нямдаваагийн холбогдсон хэрэгт сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг яллагдагчаар татаж болзошгүй байгаа гэнэ. Прокурорын байгууллагын баттай эх сурвалжаас авсан мэдээллээр, тэднийг эрх мэдлээ урвуулж, Төсвийн, Барилгын, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль зөрчсөн хэмээн буруутгаж буй аж. Төсвийн тухай хуульд “Төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах”, Барилгын тухай хуульд “Барилгын ажлыг зураг төсөвгүйгээр гүйцэтгэхийг хориглоно” гэх заалтыг зөрчиж, “Гранд повер” гэх компанид давуу байдал олгосон гэж БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгаж буйг ч АТГ-ынхан өнгөрсөн сард баталж байв.

“Гранд повер” гэх компани нь нүүрснээс хий гаргах өөрийн үйлдвэргүй атлаа Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох гэрээ байгуулсан аж. Энэ бол 2015 оны наймдугаар сард болсон явдал. Тухайн үед АН УИХ-д олонх болж, Ч.Сайханбилэг Засгийн газар тэргүүлэн, Д.Оюунхорол Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан юм. Уг гэрээг байгуулахаас хоёр сарын өмнө буюу зургадугаар сарын 15-нд Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хуралдаж, Агаарын бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай 15/01 дугаартай тогтоол баталсан байна.

Түүний гурав дахь заалтад “Нийслэлийн гэр хорооллын агаарын бохирдлыг бууруулах зорилтын хүрээнд хийн хангамжийн хэрэглээг нэмэгдүүлэх, уламжлалт бус, шинэ дэвшилт техник технологи, бүтээгдэхүүн нэвтрүүлэх зорилгоор хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрүүдийг хуульд заасан журмын дагуу сонгон шалгаруулж, “Цэвэр агаар” сангийн батлагдсан төсвийн хүрээнд санхүүжүүлж арга хэмжээ авч ажиллахыг Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хорооны дэд дарга, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхоролд даалгасугай” гэсэн байна. Гэвч уг тогтоолыг зөрчин, нүүрсний хийгээр хангах шугам, сүлжээ барих, туршилт тохируулга хийх ажилд зориулан нэг тэрбум 965 сая төгрөг гаргах болж, уг ажлыг “Гранд повер” компанитай шууд гэрээ байгуулан гүйцэтгүүлэх шийдвэрийг сайд гаргасан аж.

Уг нь энэ бол Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасан шууд гэрээ байгуулах ажил биш байж. Энэ хуулийн 34.1.2-т оюуны өмчийн эрхийг хамгаалах шаардлагаар гэрээг зөвхөн нэг этгээдтэй байгуулах боломжтой бөгөөд түүнийг орлох этгээд байхгүй бол шууд гэрээ байгуулж болох заалттай. Тэгвэл нүүрснээс хий гаргаж, халуун усаар хангах үйлдвэрлэлийн 20 шахам патентыг иргэн С.Жамъянсүрэн, МУИС, иргэн П.Ариунболд гэхчлэн гадаад, дотоодын олон хүн, байгууллага эзэмшдэг атал дээрх заалтыг зөрчин гэрээ байгуулсан нь тодорхой болжээ.

“Гранд повер” компани хэрэв ажлаа гүйцэтгэсэн бол Хилийн цэргийн 0151 дүгээр анги 2015 онд дулаан хангамжаа шийдвэрлэчих боломжтой байсан гэдэг. Гэвч гурван жил хүлээсний эцэст улсын төсвийн хөрөнгөөр төвийн дулаан хангамжийн сүлжээнд өнгөрсөн оны наймдугаар сард холбогдсон байгаа юм. БОАЖЯ-ны эрх бүхий албан тушаалтнууд ямар ч тооцоо, судалгаагүйгээр тухайн үед эрх барьж байсан намын удирдах албан тушаалтны шахалтаар “Гранд повер”-той шууд гэрээ байгуулсан гэх албан бус мэдээлэл байдаг. Тус компани 3050 метр хуванцар хоолой тавьсан байдаг бөгөөд түүнийг нь өдгөө ашиглах боломжгүй гэдгийг шинжээчид дүгнэсэн гэх. ТЭЗҮ-гүй, тооцоо судалгаагүй энэ ажилд татвар төлөгчдийн мөнгөнөөс хоёр тэрбум шахам төгрөг зарцуулж, газарт булчихаад байгаа учраас гэм буруутай хүмүүст хариуцлага тооцох нь шударга ёсонд нийцэх биз ээ.

“Гранд повер” компани тухайн үедээ нүүрс боловсруулах химийн үйлдвэрлэл явуулах туршлагагүй байсан гэж үзэх хүмүүс бий. Учрыг 2015 оны арванхоёрдугаар сарын 18-нд буюу Хилийн цэргийн 0151 дүгээр ангийн халаалтын зуухыг хийгээр ажилладаг болгох дээрх гэрээ байгуулснаас хойш дөрвөн сарын дараа тус компанийн ажилчин гурван хүн үйлдвэрийнхээ байранд нас барж, тэднийг гаргахаар орсон найман хүн хийнд хордсон хэрэг гарч байсантай холбон тайлбарладаг юм билээ.

Юутай ч, эл компанитай хууль зөрчин шууд гэрээ байгуулсан хэрэгт Байгаль орчин, аялал жуулчлалын сайд асан, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн удирдлагын газрын дарга Г.Нямдаваа нарыг шалгаж, яллагдагчаар тооцох, эсэхийг нь нийслэлийн Прокурорын газрын хяналтын прокурорууд шийдэхээр болоод байгаа юм.

Бэлтгэсэн: Г.Равжаа
Эх сурвалж: Өнөөдөр.мн


URL:

Сэтгэгдэл бичих