МАН-ынхан Н.Энхбаярын үед томилогдсон засаг ноёдоо шүүрдэж эхэллээ
Энэ нь МАН-ынхан хаана хаанаа шуудайд хийсэн үхрийн эвэр шиг болж байгаагийн тод илрэл гэлтэй. Орхон аймгийн ИТХ-ынхны хэлж байгаагаар Д.Оюунбат дарга тендер будлиантуулах ажилд гаршсан нэгэн юм гэнэ.
Төсвийн мөнгийг хумсалж, тансаг хэрэглээ нь хэрээс хэтэрч байгаа нэгэн хэмээн дуулиан тарьж байсан юм. Тухайлбал, төсвийн хөрөнгөөр БНСУ-ын Чежү хотод амралт зугаалгаар явж, ИТХ-ын төлөөлөгч Б.Мөнхжаргалтай зодоон цохион хийж байсан. 120 ам.долларын зардал бүхий “Лексус 570″ автомашин авч унасан.
Эрдэнэт хотын 35 жилийн ойг тэмдэглэх нэрийн дор ямар ч тендер зарлалгүйгээр 400 сая төгрөгийн бэлэг дурсгалын зүйлс цуглуулж тараасан нь Тендерийн тухай хуулийг ноцтой зөрчсөн. Аймгийн Төв цэнгэлдэх хүрээлэнг 4.6 тэрбум төгрөгөөр бариулж эхлээд ажлын гүйцэтгэл дуусаагүй байхад санхүүжилтыг нь гүйцэтгэгч болох “Авзага трейд” компанид гаргаж өгсөн гээд түүний хийсэн хууль бус үйлдлүүд ар араасаа цуврах нь ээ.
Түүнчлэн өнгөрсөн гурван жил хатасын турш Орхон аймгийн ИТХ-ынхан түүний энэхүү хууль бус үйлдлийг мэдсэн ч мэдээгүй мэт чив чимээгүй өнгөрөөчихөөд бүрэн эрхийнх нь хугацаа дуусах дөхөж байгаа энэ үед оролдож эхэлсэн нь мөн л хардалт дагуулж байна.
Харин Засаг дарга Д.Оюунбат өөрөө үүнийг сонгуультай холбож тайлбарлана лээ. Тэрбээр “Хэн нэгэн хүнд УИХ-ын гишүүний суудал ойрхон харагдсан юм байлгүй дээ” хэмээн хэлж байсан. Үнэхээр ч эх сурвалжийн хэлж буйгаар түүний энэ хардалт үнэнд ойрхон гэдгийг нотолж байгаа юм. Тэр дундаа өөрийнх нь намын явуулгаар түүнийг ийнхүү албан тушаалаас нь оны өмнө мултлахаар хар муур гүйлгэж байгаа юм байх.
Саяхан хуралдсан МАН-ын бага хурлаар дөрвөн аймгийн Засаг дарга нарт хариуцлага тооцох тухай асуудал яригдсан боловч намын ёсзүйн дүрэмдээ өөрчлөлт оруулснаар нам жим өнгөрсөн. Тухайн үед Сонгуулийн тухай хууль батлагдаагүй байсан болохоор асуудлыг дэвэргэж орхивол байдал эвгүйтэх байсан гэдгийг МАН-ын удирдлагууд түрүүлж харсан учир хүчээр шахуу нам дарсан.
Гэсэн ч Орхон аймгийн Засаг дарга Д.Оюунбатын дээрх үйлдлүүд намынхаа шинэчлэн баталсан ёсзүйн дүрмийн хэд хэдэн заалтыг зөрчиж байгаа юм. “Албан үүргээ гүйцэтгэж байхдаа аливаа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, хувийн болон бусад талын эрх ашгийн үүднээс иргэн хуулийн этгээдэд давуу байдал олгох, тэдэнтэй үгсэн тохирох, амлалт өгөх, тэднээс бэлэг сэлт шан харамж, мөнгө авах, хууль бус бусад хангамж эдлэхээс ангид байна” гэх заалтаас эхлээд ёс зүйн хэм хэмжээний дүрмийг бүхэлд нь зөрчжээ.
Тиймээс намаасаа орон нутгийн ИТХ-аар дамжуулан шидсэн анхны дэгээний үзүүрт хамгийн түрүүнд өртчихсөн бололтой. Тэртээ тэргүй шинээр батлагдсан сонгуулийн хуулиар мандат, тойргийн тоо нь багасч, нэр дэвшигчдийнхээ тоог цөөрүүлэхийг оролдож байгаа энэ үед хамгийн эхний гай нь Д.Оюунбат болж таарлаа.
Мэдээжийн хамгийн ноцтой гэх шалтгаан нь засаг ноён Д.Оюунбат Н.Энхбаярыг МАХН-ын дарга байх үед томилогдсон, түүний хүн гэж ч тайлбарладаг юм билээ. Тиймээс МАН-ынхан хуучин МАХН-ын үлдэгдэл хэд хэдэн засаг ноёдыг иймэрхүү аргаар зайлуулахаар шийдсэн бололтой. Дараагийнх нь хүмүүс бол МАН-ын бага хурлын үеэр нэр нь дурьдагдаж байсан дөрвөн аймгийн Засаг дарга байх нь тодорхой гэнэ.
Эх сурвалж: “Нийслэл таймс”
URL: