Гэр хорооллын 10956 айлыг орон сууцжуулна
Сүүлийн найман жил Сүхбаатар дүүргийн 9, 10, 11, 12 дугаар хорооны 210 га газрыг чөлөөлж долдугаар хорооллыг барих талаар л ярьж байна. Энэ ажлын хүрээнд 2600 гаруй айлыг нүүлгэн шилжүүлж 10956 айлын орон сууц барих аж. Эхний ээлжинд шугам сүлжээ тавих ажлыг хийхийн тулд 400 орчим айлыг нүүлгэн шилжүүлэхээр болсон. Нүүлгэн шилжүүлэх ажлыг хотын дарга Г.Мөнхбаяр гэр хорооллыг орон сууцжуулах төслийн багийнхантай хамтарч хийж байгаа билээ. Шугам сүлжээ тавих замыг чөлөөлөхийн тулд 20 тэрбум төгрөг төсөвт суулгаж өгсөн аж. Одоогийн байдлаар 200 айлыг нүүлгэн шилжүүлээд байгаа бөгөөд үлдсэн айлуудтай тохирч чадвал ирэх оноос нүүлгэхээр төлөвлөж байна. Энэхүү ажлын нэг хүндрэлтэй тал нь зарим айлуудын “нүүхгүй” гэсэн эсэргүүцэлтэй тулгарах мөн “ахиухан мөнгө өгвөл нүүнэ” гэх зэрэг нь байдлыг хүндрүүлж байгаа гэнэ. Харин Г.Мөнхбаяр дарга барилгын компаниудад 400 гаруй айл чөлөөлтөл газар худалдан авахгүй байхыг хүссэн байна. Энэ талаар эдийн засагч Д.Жаргалсайхан “Төр засаг иргэдийн өмч дээр нэмэгдэл оруулах замаар Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах ажлыг хийх хэрэгтэй. Захиргааны биш зах зээлийн аргаар шийдэж, иргэдийн оролцоог бүрэн хангах, тэдэнд барилгын ажлын гүйцэтгэлийг хянах, улмаар бүтээн байгуулалтын ашгаас хүртэх боломж олгох нь улаанбаатарчуудын өнөөгийн хамгийн тулгамдсан асуудал” гэсэн юм.
URL: