Бичил уурхайчдын “БҮТЭН” ирээдүй
Цаг сайхан болжээ. Нэгэн цагт “нинжа” хэмээн нэрлэгдэж, нийгэмд шоовдорлогдож явсан гар аргаар алт олборлогч иргэд нэгдэн, нөхөрлөл байгуулж “бичил уурхайчид” нэрийн дор шударгаар хөдөлмөр эрхлэдэг болсон байна. Мэдлэг боловсролгүй, мал нь зуданд барагдсан малчид л амьдрахын эрхэнд алт угааж, амьжиргаагаа залгуулдаг гэх ойлголтыг ч халахаар, техникийн мэдлэгтэй, тэмүүлэл дүүрэн бичил уурхайчдыг бэлтгэж эхэлжээ.
“Би Сэлэнгэ аймгийн Хүдэр сумынх. Багаасаа гэрийнхээ цахилгааны утсанд гарсан багахан гэмтлийг янзлачихдаг, цахилгааны утасны нарийн холбооснуудын утга учрыг олохыг хүсдэг байсан. Тиймээс сонирхолоо мөрөөдөл болгож, ирээдүйд нутагтаа хэрэгтэй мэргэшсэн цахилгаан ч болохыг хүссэн” хэмээн ярих хэвлүүхэн бор охин Дархан-Уул аймгийн Уул уурхай, эрчим хүчний политехник коллежийн үйлдвэрийн цахилгааны 1б ангийн оюутан. Өдгөө 18 настай.
Швейцарийн хөгжлийн агентлагаас “нинжа” нар эд хүчээ авч хөөгдөж туугдаж явсан цаг үед манай улсад “Тогтвортой бичил уурхай” төслийг эхлүүлсэн. Энэхүү төслийн үр дүнд “нинжа” биш бичил уурхайчид олширч хариуцлагатайгаар алт олборлож, олборлосон алтаа ном журмын дагуу тушааж, ашигаа шударгаар хувааж авдаг болсон зэрэг олон ахиц дэвшил гарсан. Төслийн хүрээнд бичил уурхайчдын боловсролтой, мэдлэгтэй, ур чадвартай ирээдүйн боловсон хүчнүүдийг ч бэлтгэж эхэлжээ.
Дархан-Уул аймгийн эрчим хүчний политехник коллеж байгуулагдаад 79 жилийн нүүрийг үзэж буй. Энэ коллеж Швейцарын хөгжлийн агентлагтай “Тогтвортой бичил уурхай” төсөлд бичил уурхай эрхлэгчдэд зориулсан хөдөлмөр аюулгүй байдлын сургалт, ажил мэргэлжийн чиг баримжаа олгох сургалт, бичил уурхай эрхлэгчид болон тэдний үр хүүхдүүдийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх, мэргэжилтэй болгох гэсэн гурван чиглэлээр хамтран ажиллаж, сургалт явуулж байгаа аж. Одоогийн байдлаар баяжуулалтын оператор, уул уурхайн чиглэлээр 25 бичил уурхайчинг бэлтгэсэн байна. Бэлтгэсэн уурхайчдаас 5 уурхайчин Сэлэнгэ аймгийн “Болд төмөр Ерөө голын уурхай”-д ажиллаж байгааг тус коллежийн сургалтын албаны менежер Д.Чадраабал бахархан ярьсан.
Үйлдвэрийн цахилгааны нэгдүгээр дамжааны оюутан Б.Эрдэнэчимэг “Би энэ жилээс сургуульд элссэн. Төгсөөд төрж өссөн газартаа очиж уурхайд ажиллана. Манай Хүдэр сум уурхай хөгжсөн газар. Тиймээс сайн сураад нутагтаа хэрэгтэй л хүн болмоор байна. Яагаад гэхээр манай нутагт үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхайн компаниудад нутгаас минь биш огт өөр аймаг, сумаас мэргэжилтнүүд урилгаар ирж ажилладаг. Харин би нутгаасаа төрсөн, нутгийнхаа компанид ажилладаг чадварлаг мэргэжилтэгн болмоор байна. Би сурч эхлээгүй байхдаа тоолуур гэж юу байдгийг ч мэддэггүй байлаа. Одоо бол хараад л хүчдэлийн хэмжээг нь мэднэ. Багш нар тоног төхөөрөмжийг хэрхэн ажиллуулах вэ гэдгийг зааж байгаа. Магадгүй бусад сургуульд онол их заадаг бол энд практик суурилсан сургалт явуулдаг учраас сонирхолтой, сурхад хялбар байдаг. Мөн сургууль үнэ төлбөргүй. Тэгсэн хэр нь сарын 70 мянган төгрөгийн тэтгэлэг олгодог нь давуу тал гэж харж байгаа” хэмээсэн юм.
Б.Эрдэнэчимэг охины анги 22 хүүхэдтэй. Тэднээс дөрөв нь эмэгтэй. Эмэгтэй ч гэсэн нутагтаа үнэлэгдсэн цахилгаанчин болно хэмээн алс хэтийг төлөвлөн ярих нь сайхан. Тэдний ангийн Ө.Тэмүүлэн гэх 17 настай залуу “Би Шарынгол сумын бичил уурхайд зуны гурван сар ажилласна. Цаашдаа уурхайн чиглэлээр томоохон компанид ажиллахыг зорьж энэ сургуульд уул уурхайн машин тоног төхөөрөмжийн механикч мэргэжлээр суралцаж байна” гэв.
Энэ коллежид Зүүнхараа, Ерөө, Баруунхараа зэрэг сумын 250 гаруй хүүхэд суралцдаг байна. Төслийн хүрээнд зураг зүй автоматжуулалтын ангийг тохижуулж өгснөөр мэргэжлийн онол зураг төслийг өмнө нь гараар зурдаг байсан бол одоо зураг төслийн программ ашиглан компьютероор зурдаг болжээ. Ингэж дадлагжаад ажлын байран дээр гараад ч угсрааны зургаа программ ашиглан үйлдэх аж. Нэг ээлжинд 15-20 хүүхэд дадлага хийх боломжтой гар болон автомат тоног төхөөрөмж бүхий кабинетийг ч тохижуулжээ.
Нинжа гэх эл нэр томьёонд олон хүн дургүй. Тиймээс ч гар аргаар алт олборлогчид, дараа нь хувиараа ашигт малтмал олборлогч ч /ХАМО/ гэж нэрлэсэн. Хэдий “нинжа” гэх нэршил ийн хэд дахин өөрчлөгдсөн ч өнөө л ногоо түмпэнгээ үүрсэн алт хайгчид бахь байдгаараа л хөндий талаар хэрэн хэсч байсан. Харин Швейцарын хөгжлийн агентлагаас манай улсад хэрэгжүүлсэн “Тогтвортой бичил уурхай” төслийн хүрээнд тэд “нинжа” биш “бичил уурхайчид” болж, тэдний боловсролтой, мэдлэг чадвартай “бүтэн” ирээдүйг ч Швейцарын ард түмний татварын мөнгөөр бэлтгэж байна.
Г.Тэгшсүрэн
URL: