Шинэ дүрэм үү, дүрэмгүй тоглоом уу?

46715787_362201891182376_6990059287124901888_n

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн баасан гарагт өрөөндөө сууж байгаад мэдээлэл хийсэн юм. Парламентын засаглалд хичнээн үнэнч болохоо батлан тангаргалсан энэ хурлын үеэр “зангиатай хурандаа” Ерөнхий сайдын уншиж буй ном нь ширээн дээрээ байх нь нүдэнд содон туслаа. Хэвлэлийн хурлын тойм зургаас харвал Ерөнхий сайдын ширээний ном нь Хүберт Зайпелийн “Путин” аж. Хүберт Зайпелийн Путиныг сонирхон уншсан, бас дахин уншиж байгаа хүний нүдэн баримжаагаар харахад Ерөнхий сайд энэ номын “Шинэ дүрэм үү, дүрэмгүй тоглоом уу?” гэдэг дэд хэсэгт нэлээд саатжээ. Уншиж байгаа хуудсаа, эсвэл сонирхол татсан хэсгээ тэмдэглэн хавчуулсан ногоон өнгийн наалтаас нь харвал “New rules or no rules” уриан дор болсон Валдайн бага хурлаар Украины зүүн хэсгийн хямрал, Крымийг эзэлсэн хэрэг явдал, өрнийхний Орост авсан хориг зэргийг хэлэлцсэн тэр хэсгийг Ерөнхий сайдын сонирхлыг татсан бололтой. Манай улсын эрх баригч намын дотоод зовлон төрийн зовлон болж сүүлдээ засаглал хямраах аюул дуудаад байгаа энэ цагт мөн ч хоржоонтой давхцал байгаа биз. Үнэндээ МАН-ын одоогийн улстөрийг шинэ дүрэм гэх үү, дүрэмгүй тоглоом гэх үү?

МАН-ын “Шинэ дүрэм”

Уг нь ардын нам сахилга баттайгаараа гайхагддаг байлаа. Намынх нь удирдах дээд байгууллага болох Удирдах зөвлөлийн гаргасан шийдвэр эцсийнх байсан цаг саяхан. Гэхдээ энэ цаг нэгэнт улиран одсон гэдгийг сүүлийн хэдхэн хоногт өрнөсөн улс төрийн үйл явдлууд харууллаа. Хамгийн тод жишээ нь бүлгийн даргаас Д.Хаянхярваа гишүүнийг огцруулсан үйл явдал байв. Улс төр арай ч ингэж халаагүй, УИХ-ын гишүүд нь парламентаа бойкотлоогүй байсан тэр цагт МАН-ын Удирдах зөвлөлөөс Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах шийдвэр гаргасан. Өмнө нь явдаг байсан жишгээр бол бүлгийн гишүүд нь бараг л 100 хувь Удирдах зөвлөлийн шийдвэрээ дэмждэг байлаа. Харин энэ удаа Д.Хаянхярвааг бүлгийн даргаас огцруулах санал хураалт нь эхний удаа 50:50 хувиар тэнцсэнээс үзэхэд МАН-д “Шинэ дүрэм” үйлчилж эхэлсэн нь харагдана. Өнгөц харвал энэ нь төрийн дээр нам гарчихсан байсан ужгийг өөрчилж буй мэт харагдавч нөгөө талаар хамгийн ууган, хариуцлагатай гэгддэг улс төрийн нам нэгэнт эвлэхгүйгээр хагаралдсаныг илтгэж байв. Удирдах зөвлөлийн шийдвэр урьдын Удирдах зөвлөлийн шийдвэр байхаа больсныг харуулсан уг үйл явдлын дараа УИХ-ын 27 гишүүн Засгийн газрыг огцруулах бичиг өргөн барьснаар бүлэгтээ харьяалалгүй намын дарга “Шүдгүй арслан” байдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд дахин сануулсан юм. УИХ-д 65-уулаа орж ирсэн ч Ж.Эрдэнэбат намын тамгагүй Ерөнхий сайдын зовлонг амсаж байсан бол намын тамга атгасан Ерөнхий сайд У.Хүрэлсүх дан дээлтэй даарч эхлэх нь энэ ээ.

Дүрэмгүй тоглоом

Үүнээс хойш улс төр жинхэнэ дүрэмгүйгээр өрнөсөн. Үүний нэг жишээ нь Ерөнхий сайд нь өөрийн Засгийн газрын оруулж ирсэн Төсвийн тухай хуулийн төсөлд Ерөнхийлөгчөөр хориг тавиулсан явдал. Зариг.мн сайтад өгсөн ярилцлагадаа Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд энэ тухай маш тодорхой ярьсан байдаг юм. “Г.Занданшатар сайд, У.Хүрэлсүх сайд нартай ярилцаад ер нь буруу төсөв болжээ гэж тохирсон. Тэгээд хоёр арга байсан. Нэг нь Ерөнхий сайд төсвөө татах, нөгөө нь Ерөнхийлөгч хориг тавих. Ингээд хориг тавьчихъя, ардын намын бүлэг хүлээгээд авъя гэж тохирсон” гэж З.Энхболд дарга ярьсан байдаг юм. Өөрийнхөө Засгийн газрын оруулж ирсэн төсөвт хориг тавиулахаар захиалж байдаг Ерөнхий сайд гэж байх уу? Энэ дүрмийн дагуу явж байгаа улс төр мөн үү?

Хоёрдугаарт, Ерөнхий сайд парламентыг тараах тухай чуулганы хуралдаан дээр үг хэлсэн юм. Парламентаас томилогддог, парламентын өмнө үүрэг хүлээдэг Ерөнхий сайд парламентыг тараана гээд сууж байх нь мөн л дүрмийн дагуу улс төр мөн үү? Зарим гишүүн улсын ерөнхий прокурорыг чуулганд танилцуулга хийхдээ чанга дуугарсных нь төлөө “Томилогддог албан тушаалтан та дуугүй бай” гээд загнаж байсан. Уг нь Ерөнхий сайд бол УИХ-аар томилогдсон, УИХ-ын өмнө хариуцлага хүлээдэг албан тушаалтан юм шүү дээ. Өөрт огт байхгүй ийм эрх мэдлийг өөртөө наан том дуугарсных нь дараа Ерөнхий сайдыг дэмжигч УИХ-ын гишүүд бас л дүрэмгүйгээр тоглож эхэлсэн. УИХ-ын даргыг албан тушаалаасаа буутал чуулганы хуралдаандаа суухгүй хэмээн мэдэгдэл хийсэн 32 гишүүн угтаа бол зүгээр л ард түмнийг төлөөлөх үүргээсээ сайн дураараа татгалзаж байгаа юм. Учир нь УИХ-ын даргыг огцруулах хэдхэн үндэслэлийг хуульд маш тодорхой заагаад өгчихсөн байдаг. Өөрөө хүэслтээ гаргавал, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлт гарсан бол, гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн хүчин төгөлдөр тогтоолоор батлагдвал гээд хуруу дарам цөөхөн үндэслэлээр хууль тогтоох байгууллагыг даргалагчийг огцруулах заалтууд байдаг. Харин 32 гишүүн хуульд байхгүй үндэслэлээр бойкотлон хуралдаа суухгүй гэдэг нь мөнөөх сүүлийн хэдэн хоногт цэцэглээд буй “Дүрэмгүй тоглоом”-ын л үргэлжлэлээс өөр юу ч биш.

 24tsag.mn

О.Балдан-Очир


URL:

Сэтгэгдэл бичих