Гадаад эзэнтэй Монгол Улс
“Улс орны эдийн засгийн амжилттай хөгжилд хувь хүний сонирхол, тухайн ажлыг хийж гүйцэтгэсний төлөө олгох шагнал чухал үүрэгтэйг бид ойлгосон”
“Миний гол зорилго бол нийгэмд иргэн бүрийн эзлэх байр суурийг баталгаатай болгоход оршиж байлаа”
Сингапурын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ли Гуан Яаогийн “Буурай орноос бусдын манлайд хүрсэн замнал” номоос
Улс орны үндэсний эдийн засгийн хөгжлийн тулгын гурван чулуу нь банк санхүү, дотоодын үйлдвэрлэл, баялаг. Голомт бадраах энэ бүхнийг үндэсний ажиллах хүч, иргэд, хүн ардаараа дамжуулан бүтээн босгосон нь өнөөгийн Сингапур, Хятад, Герман, Швед гээд дэлхийн дээвэр болсон улсуудын түүх.
Харин бидэнд үндэсний бахархал, үндэсний ажиллах хүч, үндэсний гэх тодотголтой зүйлс хэр олон билээ. Эх түухээ өргөж, Чингис гэдэг нэрээр гоёхоос өөрөөр зүсээ додомдох гэрч бий бил үү?
Монголын Хөгжлийн банкны эзэн нь Солонгос
Монголд бизнес эрхэлье гэвэл жилийн 24 хувийн хүүтэйгээр 1-3 сая төгрөгийн зээл авч болно. Харин нэг өрөө байрыг 35 сая төгрөгийн банкны зээлээр авлаа гэхэд 20 жилийн дараа авсан мөнгөө хоёр дахин арвижуулж банкинд нь төлнө.
Хэтэрхий хатуу энэ нөхцлийг үгүй хийхийн тулд хөгжлийн банк байгуулахаар болсон. “Хөгжлийн банкны удирдлагыг гадаадаас хайна. Монголчууд чадахгүй” гэж Үндэс-ний хөгжил, шинэтгэлийн хорооны дарга Ч.Хашчулуун хэлж байв. Түүний ярилцлага “Зууны мэдээ” сонинд хэвлэгдсэний дараахан эдийн засагчид, шинжээч, судлаачид ихээхэн эгдүүцэн манай редакцид хандсаныг тухайн үед бид мэдээлсэн.
Харин үндэсний хөгжлийн бодлогыг зангидах энэ байгууллагаас үндэсний иргэнээ голж, “Чи чадахгүй” гэж басамжилж байна. Тиймдээ л бүтээн байгуулалт, үндэсний хэмжээний хөрөнгө оруулалтыг санхүүжүүлэх хөгжлийн банкны удирдлагыг гадаадаас хэдэнтэй хайсны эцэст солонгосуудыг сонголоо.
Монголбанкны бодлогын хүү 11 хувьд хүрсэн. Гааль дээр гацсан бараа биш төрөөс тарааж байгаа бэлэн мөнгө инфляц өсгөнө гэсэн Төвбанкны харалган бодлогын үрээр банкны зээлийн хүү одоо ч 20 хувиас ийн буурсангүй.
Иргэдийнхээ амьжиргааны эсрэг зүгт цагийн зүүгээ тааруулсан банкны энэ бодлогыг харийнхан удирдахаар болж байна. БНСУ, Монголын ялгаа тэнгэр, газар шиг гэдгийг бид өдөр бүр цэнхэр дэлгэцээр залхтал гарч буй савангийн дууриудаас харж байна. Банкны зээлийн хүү бага, иргэд нь нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд жил бүр даатгуулж, санасан эмчилгээгээ хийлгэж байна. Мэдээж, тэдэн шиг банк, санхүү, даатгалын тогтолцоотой болчихвол гомдох юм алга.
Яагаад заавал гадаад хүн Монголын банкны системд анх удаа хийгдэж байгаа хөгжлийн шанг татах ёстой гэж. “Айлаас эрэхээр авдраа уудал” гэж Монголчууд ярьдаг биз дээ. Монголд дэлхийн энтэй эдийн засагч, судлаач олон байгааг ч харж байна, улстөрчид ч хүлээн зөвшөөрсөн биш үү.
Бас “Монгол бахархал”, “Эрүүл монгол хүн” гэж ирээд л олон уриа гаргадаг. Энэ оныг “Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил” гэж сүртэй нь аргагүй Засгийн газар маань онцолсон байна. Үүний цаад хэрэгжилт нь гадаад хүнийг Монголд хөдөлмөр эрхлүүлэх, Монгол Улсын банк, санхүүг харийнханд атгуулах зорилго байсан юм уу. Ийм бол иргэд нь гэж бид өөрсдөдөө нэр зүүж, төр нь гэж хэсэг хүн цоллуулж суух шаардлага бий гэж үү.
Банкны бүтцийн өөрчлөлтийг хийх багийг ч БНСУ-ын мэргэжилтнүүдээр хийлгэхээр болсон нь үндэсний мэргэжилтэй боловсон хүчнээ дорд үзсэн төрийн нүүрийг илчиллээ.
“Эрдэнэс Тавантолгой”-д Монгол хүн юугаараа дутсан юм бэ?
“Газрын хэвлийн баялаг ард түмний өмч” гэж манай улс хуульчилсан. Тэгэхээр олон нийтээрээ хэлэлцэж, хэнийг баялгийнхаа олборлолтыг удирдах, худалдах, хэрхэн ашиг олохыг шийдэх учиртай. Ерөнхий сайд маань ч ард түмнээрээ хэлэлцүүлж шийдье гэж нэг бус удаа хэлсэн. Төрийн тэргүүн “Ард түмэнтэйгээ амь нэг байя” гэж бас уриалдаг.
“Эрдэнэс Тавантолгой”-н ТУЗ-ийг сонгохдоо иргэдийнхээ байр суурийг сонссонгүй. Хэлэлцүүлэг өрнүүлсэнгүй. Хэн хэн энэ албан тушаалд сонгогдож, ямар шалгуураар гарч ирж байгааг нуучихлаа. Үг, үйлдэл хоёр нь зөрснөө энэ долоо хоногт Засгийн газар баталлаа. Монголын компанийн энэ том ажлыг австрали хүн удирдахаар боллоо. Харин сарын дараа нүүрс экспортлохоор болсон нь гэнэтийн шийдвэр байлаа.
“Монголчууд хэнээс ч дутахгүй сэтгэж, хийж чадна” гэж Ерөнхий сайд өөрөө хэлснийг энд дахин сануулъя. Засгийн газрын тэргүүн үнэн хэлсэн юм бол “Эрдэнэс Тавантолгой”-н захирлаар австрали биш Монгол хүн томилогдох ёстой байж. Хэлсэн үгээ “хөмрүүлчихсэн” Ерөнхий сайд Та дахин “Монгол хүн Монголын ирээдүй” эсвэл “Үндэсний боловсон хүчнээр дэлхийтэй өрсөлдөнө” гэж худал бүү амлаарай. Үүнийг ард түмэн сануулж байна.
Оюутолгой буюу хаалттай бүс
Монгол дахь хаалттай бүс нь Оюутолгой. Дэлхийд данстай энэ том ордын эзэн нь Монголчууд гэдэг ч мөн чанартаа канадууд болчихсон. Төр нь 34 хувиа л бид авч барвал боллоо гэсэн хандлагаар хэтэрхий яаруу гэрээ батлуулж, урьдчилгаа мөнгө авч ард түмэндээ хишиг тараасан. Иргэн бүрийн 10 мянга, эсвэл 70 мянга гэсээр эх орны хишиг Монголчуудыг банкны гадаа өвлийн хүйтнээр хэдэн шөнө дараалуулан жагсаав.
Банкыг нь атгасан хүмүүс гадаадууд, Монголбанк нь урагшгүй бодлоготой болохоор Оюутолгойгоор дэнчин тавьсан нь энэ. Гэрээний хэчнээн олон заалт хуудуутай батлагдсаныг хэзээ хойно олж мэдсэн ч олигтой засвар хийж бараагүй билээ.
Зэсийн үнэ Лондоны металлын биржид өчигдөр 9750 ам.доллар боллоо. Дэлхийд эхний аравт тооцогддог Оюутолгойн үнэ цэнэ энэ хэрээр өсч байна. Харин бид энэ орддоо дотоодынхондоо биш харийнханд илүү эрх олгосон.
“Голдман сакс” банкны урьдчилсан судалгаагаар зэсийн үнэ 11 мянган амдоллар хүрэхэд Монголчуудын биш харин канад, австрали эздийнх нь үнэ цэнэ өсөх нь. Оюутолгойд ажилтан бэлтгэнэ гэсэн гадаад эзэд харин нийслэлд замын цэвэрлэгч бэлтгэхээр болсон. Энэ тэгээд үндэсний боловсон хүчин мөн үү.
УИХ, Засгийн газраас олон асуултын хариулт ийн нэхсэний эцэст нийтлэлээ эхэлсэн шигээ Сингапурын Ерөнхий сайд асан Ли Гуан Яаогийн үгээр төгсгөе.
“Бид залуу боловсон хүчиндээ ажлын дадлага, туршлагагүй байлаа ч үнэнч шударга, өндөр боловсролтой, эрч хүчтэй гэдэгт бүрэн итгэж байсан. Тэднийг гадаад улсуудад сургаж, “Сингапур эйрлайнз” зэрэг үндэсний хөгжиж буй компаниуддаа ажиллууллаа. Энэ бол бидний амжилт”.
Ж.Цогзолмаа
URL: