ҮНДСЭН ХУУЛИЙГ МАНАХ ҮҮРГИЙГ ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ШИЛЖҮҮЛЬЕ
Малчин айл хоттой хонио чононоос хамгаалах гэж нохой тэжээдэг. Сайн нохой олтол мануухай босгож аргацаадаг. Тэгвэл Монгол Улсын хоточ нохой нь Үндсэн хуулийн цэц байх учиртай. Анх ингэж бодож байгуулсан байх. Эрх нь ч, үүрэг нь ч тодорхой. Үндсэн хуулийг манах нь л тэдний гол үүрэг. Зөрчсөн тохиолдолд хэнийг ч хянах, шалгах, шийдвэрлэх эрхтэй. Иймээс Үндсэн хуулийн шүүх гэж үздэг. Гэтэл үүргээ мартаад мануухай болчихсон. Бүр “Цэц гэдэг мануухай” гэсэн хэлц үг хүртэл гарсан. Манаач биш л бол мануухайн хэрэг үндсэндээ байхгүй. Мануухай гэж боджээ явтал нөгөөх маань хувиргасан “чоно” болчихоод байсныг монголчууд хэсэгтээ мэдээгүй. Чононд хонь хадгалуулбал юу болох билээ. Эцэстээ “Чоно тэжээвэл эзнээ …” гэдэг үг орой руу орж байна.Цэцийн байгаа байдал, гаргаж буй шийдвэрүүдээс ийм л зүйлүүд харагдаад удлаа. Ийм байгууллага цаашид байх шаардлага алга.
Цэц улстөржлөө, эрх барьж буй намын даалгаврыг биелүүлэгч боллоо, улстөрчдөд үйлчилж байна гэсэн мэдээлэл сүүлийн жилүүдэд өчнөөн удаа гарсан. Дээр нь Цэцийн гишүүн мэдлэг чадвар өндөртэй хуульч мэргэжилтэй байна гэсэн нь улстөрөөр мэргэшсэн, тэдэнтэй сүлбээтэй нэгэн байхыг зааж буй хэмжүүр гэж харддаг нь ч оргүй биш юм. Хуульд зааснаар Үндсэн хуулийн цэц есөн гишүүнтэй байна. Тэдгээрийн гурвыг Улсын Их Хурал, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын дээд шүүхийн санал болгосноор Улсын Их Хурал зургаан жилийн хугацаагаар томилж ирсэн. Одоо ч ийм байгаа. Хэн санал оруулж, хэн томилдгоос эхлээд Цэц хараат болчихож буй юм. Дээр нь ашиг сонирхлын зөрчилтэй гэгдэж, хууль,шүүхийн байгууллагаар шалгагдаж байсан ТӨХ-ны дарга асан Д.Сугар гэхэд Цэцийн гишүүн болж УИХ-ын гишүүн шиг бүрэн эрхээр дархлагдсан явдал бий. Энэ талаар хуульч Д.Миеэгомбо “Үндсэн хуулийн цэц улстөрөөс бүрэн хамааралтайн дээр гишүүд нь улстөрийн төгсгөлийн карьераа хийдэг газар болсон” хэмээн мэдэгдэж байв. Тухайн үед УИХ-ын гишүүн Б.Наранхүүг эргүүлэн татах асуудлаар хандсан хуульчдын гомдолд Цэц “Энэ асуудлаар маргаан үүсгэх боломжгүй” гэсэн хариу өгч байв. Энэ асуудал маш энгийн. Ард түмэн сонгосон төлөөлөгчөөрөө дамжуулан төрийн үйл ажиллагаанд оролцох эрхтэй. Нөгөө талдаа УИХ-ын гишүүн хүлээсэн үүргийнхээ дагуу ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн, чуулган болон байнгын хорооны хуралдаанд тэдний дуу хоолой болон оролцох ёстой. Эдгээр хуралдаануудад суухгүй байгаа нь УИХ-ын гишүүний үүрэг, ард түмний эрх ашгийг зөрчиж байна гэж үзэж Цэцэд хандсан ийм л асуудал. Түүнчлэн УИХ-ын гишүүн ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг “Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт заасан “Хууль дээдлэх” гэсэн зүйлийг зөрчиж байна гэдэг асуудлаар хуульч Б.Жавхлант мөн л Цэцэд хандаж байсан.
УИХ гишүүн хуульд зааснаас бусад хангамж санхүүжилтийг гуравдагч этгээдээс авахыг хориглосон байдаг атал Ц.Нямдорж сайд танилынхаа байрыг түрээслэн амьдардаг. Хоёр тал хоорондоо тохирсон учир хууль зөрчсөн үйлдэл биш гэж өөрөө телевизээр ярьсан байдаг. Энэ нь Үндсэн хуульд заасан хууль дээдлэх ёсыг зөрчиж байгаа юм биш үү. Үндсэн хуулийн биелэлт, хүний эрх зөрчигдөж байгаа эсэхийг хянах үүрэгтэй Үндсэн хуулийн цэц энэ ажлаа хийж байна уу гэдгийг л асуусан хэрэг. Гэтэл Цэц шалгах бүү хэл, гомдлыг огт хүлээж аваагүй. Тэгвэл Хэнтий аймагт нөхөн сонгууль явуулах тухай УИХ-ын тогтоолд Цэц хориг тавьсан нь МАН-ын даалгаврыг биелүүлсэн явдал болох нь илэрчихээд байгаа. Цэцийн гишүүд хэлэхдээ “Бид хуулиа барьж ажилласан” гэж тайлбарласан. Бодит байдалд нэг хүний гомдлоор Хэнтий аймгийн 42 дугаар тойргийн 18 мянган сонгогчийн сонгох, сонгогдох эрхийг боосон шийдвэрийг гаргасан байдаг. Гомдол гаргасан иргэн нь МАН-ын дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүхий хадам ээж болох нь өнгөрсөн намар тодорхой болсон. Цэц эрх баригчдад, нэг хүнд, нэг намд үйлчилдэг гэдгээ баталсан саяхны жишээ энэ юм. Ийм учраас Монгол Улсад Цэц гэдэг байгууллага цаашид байх шаардлага алга. Үндсэн хуулийг манах, биелэлтэд нь хяналт тавих үүргийг Тагнуулын ерөнхий газар руу шилжүүлчихэд болохгүй зүйл үгүй юм. Учир нь Тагнуулын ерөнхий газар Монгол Улсын үндэсний язгуур ашиг сонирхлыг хөндсөн аливаа бодлого, үйл ажиллагааг илрүүлэх, таслан зогсоох, үндэсний аюулгүй байдлыг хангахын төлөө ажилладаг. Энэ нь Үндсэн хуулийн эсрэг аливаа ажиллагааг хянаж, шалгаж байдаг гэсэн үг юм. Үйл ажиллагааных нь чиглэл ч ийм юм. Тухайлбал, Тагнуулын ерөнхий газрын тухай хуулийн 5.2.1-д “Тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллана” гэж бий. Мөн хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллана гэдгээ ч хуульдаа тусгасан нь бий. Тагнуулын байгууллагын тухай хууль, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийг харьцуулаад харахад ч ойролцоо зүйлүүд олон бий.
ТАГНУУЛЫН БАЙГУУЛЛАГЫН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ҮНДСЭН ЗАРЧИМ
5.1.Тагнуулын байгууллага үйл ажиллагаандаа үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, хүний эрх, эрх чөлөөг хангах, нэгдмэл төвлөрсөн удирдлагатай байх, нууцлалыг хангах, үйл ажиллагааны ил болон нууц арга, хэрэгслийг хослуулах, байгууллага, иргэний туслалцаа, дэмжлэгт тулгуурлах, харилцан ажиллах, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг удирдлага болгоно.
5.2.Энэ хуулийн 5.1-д заасан үндэсний ашиг сонирхлыг урьтал болгох, шинжлэх ухаан, орчин үеийн техник, технологи, мэдээллийн сүлжээний ололтыг ашиглах зарчмыг доор дурдсан утгаар ойлгоно:
5.2.1.тагнуулын байгууллага энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхдээ зөвхөн үндэсний язгуур ашиг сонирхлыг эрхэмлэж, улс төрийн нам, бүлгийн болон хувийн ашиг сонирхлоос ангид ажиллах;
ЦЭЦИЙН ЧИГ ҮҮРЭГ, ЭРХ ХЭМЖЭЭ
Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхтэй байгууллага, Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
Наймдугаар дугаар зүйл. Үндсэн хуулийн биелэлтэд тавих дээд хяналт
1.Цэц Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа болох хувьдаа Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавих, түүний заалтыг зөрчсөн тухай дүгнэлт гаргах, маргааныг магадлан шийдвэрлэх бүрэн эрхээ энэ зүйлд заасан маргаантай асуудлаар дүгнэлт гарган, энэ зүйлийн хоёр дахь хэсэгт заасан маргаантай асуудлыг дахин хянан үзэх замаар хэрэгжүүлнэ.
2.Цэц Үндсэн хуулийг зөрчсөн тухай дараах маргаантай асуудлыг хянан үзэж, дүгнэлт гарган Улсын Их Хуралд оруулах бөгөөд хэрэв дүгнэлтийг нь Улсын Их Хурал хүлээн зөвшөөрөөгүй бол Цэц дахин хянан үзэж Үндсэн хуулийн Жаран зургадугаар зүйлийн З дахь хэсэгт заасныг баримтлан эцсийн шийдвэр гаргана гэж тус, тус заажээ.
Харамсалтай нь Цэц Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, гишүүд, Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүд, Дээд шүүхийн ерөнхий шүүгч болон бусад шүүгч, прокурорын Үндсэн хууль зөрчсөн эсэх, тэднийг огцруулах, чөлөөлөх асуудалд бөөрөнхий дүгнэлт гаргаж байснаас нэг ч удаа шударга шийдвэрлэсэн нь үгүй. Сонгуулийн маргаан, СЕХ-той холбоотой асуудал дээр бүр ч үгүй. Зөвхөн хэн нэг иргэн маргаан, гомдол гаргасан тохиолдолд хянах, шалгах эрх нээгддэг. Маргаан үүсгэх боломжгүй” гээд хаалгаа хаачих нь ч тэдний л эрх байдаг.
Тэгэхээр Цэц гэдэг нэртэй л болохоос Үндсэн хуулиа хамгаалахаа больчихсон, улстөрчдөд үйлчилдэг ТББ шиг бүтэцтэй байснаас татан буулгая. Үндсэн хуулийг манах үүргийг Тагнуулын ерөнхий газарт шилжүүлбэл яасан юм бэ.
Зууны мэдээ
Ч.Үл-Олдох
URL: