Ц.Шинэбаяр Ц.Батбаярт шударга үнэнчийн гарал үүслийн гэрчилгээ олгох уу
Учир нь тэрбээр хоёр өдрийн дараа гэхэд л Ц.Сэдванчиг, С.Эрдэнэ гэсэн Ардчилсан намын хоёр гишүүнийг эгнээндээ нэгтгэн УИХ-ын даргад “Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригтыг огцруулах долоон шалтгаан” гэгчийг өргөн барьсан юм. Үнэхээр ч “Хийвэл бүү ай” гэгчээр Ц.Батбаяр гишүүн зоримог байж чадлаа. Түүний эл үйлдэл нь МАХН нэрээ Монгол Ардын нам хэмээх ууган нэрээр сольсноороо Бага хурлынхаа гишүүдээс ээлж дараалан Монголд байхгүй шударга хүнийг тодроход “туслаж” буй ах намын удирдлагуудын гайхширлыг барсан байж болох юм.
Мөнөөх анхдугаар шударга хүн болох Ц.Шинэбаяр гишүүний хувьд ч яах вэ асуудал тодорхой. С.Батболд, У.Хүрэлсүх тэргүүтнээс илүү Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт “хайртай” гэдгээ л ил цагаан илэрхийлсэн хэрэг. Тэдний “хайр сэтгэл”-ийн цаана ямархуу сэтгэл зүрхний хийгээд эрх ашгийн уяа байгааг мэдэхгүй ч “МАХН-ын Түр штаб”-ыг байгуулснаас нь харвал үнэ цэнэтэй холбоос тодорхой. Харин хоёрдугаар шударга хүн болох Ц.Батбаярын хувьд ч Д.Зоригтын эсрэг цам харайж, чанга хашгирах болсон шийдвэрийнх нь тухайд тайлбар нь сонин болоод явчихав. Улс төрийн цаад өнцөг булангаас тодруулж, сэм ярианаас сонсвол тэдний ийнхүү шударга хүн болсны шалтгаан, цаад гарал үүсэл нь нэг болчихсонд оршиж буй гэнэ. Тун удалгүй Ц.Шинэбаяр гишүүн нь Ц.Батбаяртаа хамгийн шударга үнэнчийн гарал үүслийн гэрчилгээ олгож, зохиогчийн эрх нь Монголын хамгийн шударга хүний гарын үсэгтэй байх бололтой. Мэдээж сүүлийн үеийн мэдэгдлээс үүдээд хамгийн, хамгийн шударга хүн хэн болохыг таахад ч хялбар болчихсон шүү дээ.
Үүнд нь дагаар орсон С.Эрдэнэ, Ц.Сэдванчиг нарт ч их удахгүй ийм гарал үүслийн гэрчилгээг энгэрийн тэмдгийн хамт олгож мэдэх бололтой юм билээ. Гэхдээ урьдчилгаа болгож, “Эх оронч түшээ” гэсэн тэмдгийг яг нэг өдөр, нэг цагт, нэг газар, нэг газраас олгочихсон болохоор тэд өнөөдөртөө хамгийн шударга хүний гарал үүслийн гэрчилгээнд дараалал үүсгэхгүй л болов уу. З.Энхболд тэргүүтэй 10 улстөрч, Ардчилсан хүчний холбооны мэр сэр нөхдөөс бүрдсэн Ардын намын одоогийн удирдлагад талгүй 10 гишүүн гарал үүслийн нэг гэрчилгээтэй газраас ийнхүү “Эх оронч түшээ” гэсэн ер бусын хүндлэлийн эзэн болж буй нь бас их сонин харагдсан гэдгийг энэ дашрамд хэлэхгүй байж чадахгүй нь. Тэр дунд З.Энхболд гишүүн байсан гээд бодохоор бүр ч хэлэх юм биш.
Тэдний зарим нэг нь Ц.Батбаяр гишүүний улс төрийн хамаатан садан гэж байгаа. Эндээс бага гарын улс төрд гаршсан Ц.Батбаяр гишүүн яагаад Д.Зоригтыг онилох болов гээд бодсон чинь бас их сонин дүгнэлт гарах юм билээ. Албан тушаал хийгээд нам доторх эрх мэдлээ зузаатгахын төлөө ийм тэмцэлд босов уу гэхээр өөрийг нь арай л өргөж дүгнэсэн болно. Харин өөрийнхөө байр суурийг зүгээр ч нэг алдахгүй гэсэндээ намын дотоод бүтэц зохион байгуулалт болон шийдвэр гаргах багт эрчимтэй төвлөрсөн1970-аад оныхныг чадах бага зэргийн атаа хорсол гэж дүгнэвэл жин бан нь таарахаар. Гэтэл дээр цухас дурдсан хамгийн, хамгийн шударга хүн буюу экс тодотголтой ганц хүний дургүйг хамгийн их хүргэсэн хүн нь яах аргагүй Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт гэдгийг мартаж бас чадсангүй ээ.
Тэгэхээр Ц.Шинэбаяр гишүүн Ардын намд дургүй болчихсон юм чинь Ц.Батбаяр гишүүн яагаад залуу сайдад нь дургүй болж болохгүй гэж. Хүн заавал анхныхаа үзэл бодлоо өөрчилсөн гэдгээ ил тод зарлаж хэлэхгүй нь мэдээж. Тийм байхад цаад мөн чанараараа өөрчлөгдөх шалтгаан байсан болоод л тэд ийн өөрчлөгдсөн байх. Энэ бүхний эцэст Ц.Батбаяр гишүүний санаачилгыг өөрийнх нь хэлсэн ёсоор УИХ-ын гишүүдийн 90 орчим хувь нь дэмжиж байгаа гэнэ билээ. Үнэн гээд итгэчихвэл эгзэгтэй л үзүүлэлт. Гэхдээ улс төрд хүссэн тоогоо хэлж, өөрийнхөө нэр төрийг өргөх нь хэвийн үзэгдэл болсон болохоор шууд “Ц.Батбаяр үнэн ярьж байна” гэх хүн гарах л болов уу.
Харин түүний санаачилгад ташуур өгөөд эхэлсэн С.Эрдэнэ гишүүн хийгээд Ардчилсан хүчний холбоо, олигтой ганц ч дэмжигч байхгүй Ц.Сэдванчиг ба Ц.Шинэбаяр, Ш.Сайхансамбуу, Д.Тэрбишдагва гэсэн сэтгэл нэгт нөхдөөр нь л түүний санал дэмжигдэх байх. Тэгэхээр улс төрд дэгдээсэн түүний дуулиан өөрийнх нь хүссэн шиг Д.Зоригтыг огцруулах хэмжээнд хүрч өндөрөө авах нь юу л бол. Тэрбээр нэгэн цагт хотын даргын албанаас буухдаа нулимс унагах нь холгүй “Намын удирдлагууддаа гомдож байна” хэмээн шүүхийн хаалгыг гомдлын бичигтэй зүглэж байсан. Тэгвэл энэ удаа Д.Зоригтыг огцруулах шинэ санаачилгаа УИХ-д хаягласан тухай мэдээллээр хэвлэлийн “од” болж, шударга хүний гарал үүслийн гэрчилгээний төлөө улс төр хийж яваа нь дамжиггүй. Түүний санаачилсан Д.Зоригт сайдыг тойрсон улс төр нэн шинэ 2011 оны эхэн үед нэг хэсэг дуулиан дэгдээж мэдэх юм. Харин хүссэн шиг нь Д.Зоригт огцорч, хамтарсан Засгийн газар хаа нэгтэйгээс Эрдэс баялаг, эрчим хүчний сайд хайх нь юу л бол. Багахангайн Ц.Батбаярын дэнсэлж, дэнжигнүүснээр хагарч бутраад байдаг гүйцэтгэх засаглал ч гэж арай байхгүй байх аа. Харин зүгээр Ц.Шинэбаяр нь Ц.Батбаярт хамгийн шударга үнэнчийн гарал үүслийн гэрчилгээг хамтарч эзэмших эрх олговол л хаашаа юм гэхээс…
Г.Отгонжаргал
URL: